Хуучирсан мэдээ: 2015.10.03-нд нийтлэгдсэн

ОХУ-ын нисэх хүчин Сири дэх лалын алан хядагчдын байрлалыг бөмбөгдөж эхэлсний дараа “CNN” агентлагийн тоймч Тим Листер юу гэж бичсэнийг толилуул байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин НҮБ-ын индрээс үг хэлснээс хэдхэн хоногийн дараа тус улс Сирийн газар нутгийг агаараас довтолж эхэллээ.

Башар Ассадын дэглэм хяналтдаа байлгасаар буй ч алдах аюул нүүрлэсэн Сирийн газар нутагт Оросын арми хүчээ зузаатгах болсныг илтгэсэн хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд сүүлийн долоо хоногийн турш цацагдсан билээ. Оросууд түүнчлэн Сирийн дэглэмд орчин үеийн зэр зэвсэг болон сургагч нараа илгээж эхэлсэн юм.

Гэрэл зургуудаас харахад Латакиас өмнө зүгт 25 км зайд орших гол нисэх буудал одоо Оросын цэргийн бааз болсон бөгөөд тэнд “Су” сөнөөгч онгоцууд, “Т-90” танкууд, тээврийн болон байлдааны нисдэг тэргүүд, шатахуун тээвэрлэгч машинууд, цементэн хоргодох байр байх ажээ. “IHS Jane’s Intelligence Review”-ийн мэдээлснээс үзвэл, хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд дээр 30 орчим байлдааны нисэх онгоц ажиглагдсан байна. Үүнээс гадна Латакиас холгүй хоёр өөр бааз босгож эхэлжээ.

Латакийн зочид буудлууд оросуудаар дүүрсэн бөгөөд тэд олон тооны тоног төхөөрөмж зөөвөрлөх “Ил-76”, “Ан-124” тээврийн онгоцоор ирж байгаа тухай тус орон нутгаас мэдээлж байна.

Орос улс чухам яагаад нөлөөлөх гэж оролдсон оролцогч бүр бүтэлгүйтсээр ирсэн Сирийн зөрчилдөөнд хутгалдахыг хүсэв? Өөрийн холбоотон Ассадыг хамгаалж, өрнөдийн ертөнц түүнтэй хэлэлцээ хийх шаардлагатайг тулгах зорилго агуулав уу, эсвэл Газрын дундад тэнгист өөрийн гарцаа хамгаалахыг хүсэв үү? Аль эсвэл Ирантай хамсан “Исламын улс” бүлэглэлийн эсрэг олон улсын эвсэлд элсэхийг хүссэн лалын суннит урсгалын босогчдын  эсрэг хөдлөв үү? Үгүй бол нэгэн тайлбарлагчийн хэлснээр, цаагуураа АНУ-ыг өдөөн хатгахыг зорив уу?

Юутай ч, АНУ үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдэж буй. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эш Картер “CNN”-д ярихдаа, “Юуны түрүүнд оросууд юу хийхийг сайтар ажиглах хэрэгтэй” гэсэн юм. Гэхдээ тэрээр оросуудыг Ассадын дэглэмд туслахаар очсон нь бараг тодорхой гээд, “Хэрэв тэд Сирийн иргэний дайны галд тос нэмэхийг хүсч байгаа бол энэ нь бидний үзэж буйгаар үр дүнгүй алхам” гэж дүгнэжээ.

Түүхийн улбаа

Тус бүс нутагт цөөхөн анд нөхөд, холбоотонтой Оросын хувьд Сиритэй харилцаагаа хадгалан үлдэх нь маш чухал. Олон арван жилийн өмнө хуучин ЗХУ-ын ивээл дор байсан Египет зайгаа барьсны дараа Москвагаас дэмжлэг авсан Ассадын гэр бүл АНУ-ын санаачилсан Ойрхи дорнод дахь энх тайван тогтоох үйл явцыг хүлээж авалгүй ямагт эсэргүүцсээр иржээ.

40 жилийн тэртээ ЗХУ Башар Ассадын эцгийн дипломат бодлого болон зэвсэгт хүчний хувьд гол тэтгэгч нь байлаа. ЗХУ 1967 оны Израилийн эсрэг дайнд нь олон зуун цэргийн зөвлөх илгээж, олон тэрбумын үнэтэй нарийн тоног төхөөрөж нийлүүлсэн юм. Үүний хариуд Москва Латакиас өмнө зүгт орших Тартус боомтыг өөрийн тэнгисийн цэргийн хангамжийн бааз болгон түрээслэх эрхтэй болжээ. Энэ нь маш чухал бааз. Учир нь Орост Газрын дундад тэнгист өөр боомт үгүй тул шаардлагатай бүхнийг Босфорын хоолойгоор л зөөвөрлөдөг байсан аж.

“Россия в глобальной политике” сэтгүүлийн эрхлэгч Фёдор Лукьянов өнгөрсөн долоо хоногт “Foreign Policy” сэтгүүлд ярилцлага өгөхдөө, “Орос улс энэ бүс нутагт дэндүү хязгаарлагдмал боломжтой тул Сиритэй найрсаг харилцаагаа хадгалан үлдэх нь чухал ач холбогдолтой” гэсэн юм.

Гэхдээ Орос улс хуучин цагийн нөхөрлөлөө бодон Ассадад туслах бус маш нарийн стратегийн тооцоо гарган энэ зүгт хөдлөх цаг нь болсон гэж шийдсэн биз ээ.

“Eurasia” группын улс төрийн эрсдлийн зөвлөх Айхам Камел, “В.Путин Сирийн хямралын явцад гаргууд тактикч гэдгээ харуулсан. Одоо тэрээр энд Оросын нэр хүнд, нөлөөг дэлхийн хамтын нийгэмлэгээс харьцангуй бага эсэргүүцэлтэй тулгаран өсгөх боломж нээгдсэнийг олж харсан гэлтэй” гэжээ.

 

Ассадыг аврах нь

Сирийн дэглэм энэ жилийн ихэнхийг хамгаалалтын байдалд өнгөрөөсөн. Тус дэглэм томоохон газар нутгийг босогчдод алдан Латакитай залгаа хойд зүгийн Идлиб муж дахь түшиц газраа Сири дахь “Аль Кайда” бүлэглэлийн салбар болох “Аль Нусра”-д алдсан юм. “Аль Нусра” түүнчлэн Идлибээс Латаки ордог гол зам болон Саль аль-Габ хөндийн ихэнхийг хяналтдаа авчээ.

Ер нь Сирийн зэвсэгт хүчин дөрвөн жил шахам үргэлжилж буй байлдааны үйл ажиллагааны явцад нөөц боломжоо шавхах дөхсөн байна. Өнгөрсөн долдугаар сард Ассад Сирийн армид хүн хүч хүрэлцэхгүй болсныг хүлээн зөвшөөрөөд армиас оргон зайлагсдад өршөөл үзүүлэхээ ч зарласан билээ. Сирийн арми улсаа тэр чигт нь бус, гагцхүү амин чухал бүс нутаг, нэн ялангуяа Дамаск хот болон далайн эрэгт хүрэх коридорыг л хянахад анхаарлаа хандуулахад хүрсэн юм.

Хэдийгээр Ассадын дэглэм бүрэн сүйрэх төлөв байдал ажиглагдахгүй байгаа ч оросууд нөхцөл байдал улам хүндрэхээс урьтан хөдлөхөөр шийдсэн бололтой. Тэгээд ч Латаки мужийн хүн ам алавитууд, суннитууд гээд өөр өөр шүтлэгтнүүдээс бүрддэгийн дээр уулын бүсэд нь зохион байгуулалт сайтай босогчид бүгжээ.

Оросын онгоцууд Газрын дундад тэнгис дээгүүр нисч байхад ч “Аль Нусра” бүлэглэл Латаки муж дахь сургалтын лагериудынхаа гэрэл зургуудыг тавьсаар байв. “Аль Нусра”-гийн хувьд Ассадын дэглэм Латакиг хамгаалахад илүү их хүч татан төвлөрүүлэхэд хүргэснээр бүлэглэлийнхээ бусад газар нутаг дахь ажиллагааг амжилттай болгоход хүчин чармайлт гаргасаар ирсэн юм.

Латаки дахь байдал улам бүр хүндрэх болсон тул Ассад голдуу алавит шашинтнуудаас бүрдсэн “Эргийн бамбай” нэртэй цагдаагийн хүчин байгуулахад хүрсэн ажээ.

Хэрэв Оросын гол зорилго нь алавитуудын эргийн хориглолтуудыг хамгаалах явдал бол гол бай нь “Исламын улс” бус “Аль Нусра” болж таарна. Оросын нисгэгчгүй онгоцууд юуны түрүүнд “Исламын улс” бүлэглэлийн байр суурь тийм ч хүчтэй биш Латакийн бүс нутгийг тагнасныг дурдах нь зүйтэй биз ээ.

“Eurasia” группын улс төрийн эрсдлийн зөвлөх Айхам Камел хэлэхдээ, “Оросын Сирид хийж буй зоримог алхам бүс нутгийн болон олон улсын гүрнүүдэд Москва Ассадыг огцруулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг анхааруулсан дохио болж байна” гэжээ.

Терроризмын эсрэг дайн

Орос улс Сирийг радикал лалын улс болж, Кавказын лалын бүс нутагт нэвтэрч болзошгүй террорист бүлэглэлүүдийн удаан хугацаагаар аюулгүй орших газар болгохыг хүсэхгүй. Москвагийн Карнегийн төвийн Николай Кожанов, “Ассадын эсрэг байлдаж буй хоёр мянга гаруй орос хэлтэн Орос руу эргэж ирэхээс сэрэмжилж байна” гэсэн юм.

Иймд В.Путин Орос улс Сирийн Засгийн газрын цэргийг дэмжих нь жихадын бүлэглэлүүдийг устгахад хувь нэмрээ оруулж буй алхам гэж нотлохыг хичээх нь. Гэхдээ жихадын бүлэглэлүүд гэдэг Оросын хувьд дан ганц “Исламын улс” биш гэлтэй. Тэгэхээр Орос улс агаарын цохилтуудаа Сирийн зүүн хойд хэсэгт “Исламын улс” бүлэглэлийг онилж буй АНУ, Австрали, Франц, Турк болон бусад оронтой зохицуулах албагүй гэж үзэж магад.

Хэдий тийм ч Сири дээгүүр өрнөж эхэлсэн дуунаас хурдан агаарын хөлгүүдийн байлдааны үйл ажиллагаанд алдаа гаргахгүй байх зайлшгүй шаардлагатай. Хэрэв Оросын зорилго нь Сирийн дэглэмийн Алеппо орчмын нэгтэлүүдтэйгээ холбогддог зам харгуйг хамгаалахад оршиж байгаа бол үл ойлголцол гарах магадлал их.

Ер нь Орос улс Иран, Сирийн Засгийн газартай хамтран “Исламын улс” бүлэглэлийн эсрэг эвслээс ангид эвсэл байгуулж байх шиг. Ассадын дэглэмийг дэмжигч өөр нэг чухал тоглогч болох Ирантай хамтрах нь Москвад нэмэлт хөшүүрэг болох нь гарцаагүй. Орос улс Ираны цөмийн хөтөлбөрийн талаархи урт удаан хугацаанд өрнөсөн хэлэлцээнд зуучлан чухал үүрэг гүйцэтгэсэн ч Тегеранд “С-300” пуужингаа худалдсанаар тус бүс нутагт өөрийн гэсэн зорилготойгоо тод томруунаар харуулсан билээ.

Өнгөрсөн долдугаар сард Орос, Ираны сайд нар Сирийн байдлын талаар саналаа нэгтгэх цуврал уулзалтууд зохион байгуулж, гал зогсоох, шилжилтийн Засгийн газрын талаар байр сууриа нэг мөр болгосон юм. Сирийн мөргөлдөөнийг анхааралтай ажиглаж буй Дайн судлалын институтын мэдээлснээр, Латаки руу нэвтрэх үүд хаалга болдог Жоурин хотын гарнизонд Ираны Хувьсгалыг хамгаалагчдын гвардийн цэргүүд байгаа ажээ.

Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани хэлэхдээ, “Иран, Орос хоёр Сирид терроризмын эсрэг эвсэл байгуулсан зүйл үгүй ч үйл ажиллагаагаа дээд түвшинд уялдуулан зохицуулж байна” гэсэн юм.

Тэгвэл өнгөрсөн ням гаригт Ирак улс мэдэгдэхдээ, тус улс “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэх үүднээс АНУ-ын тэргүүлсэн эвслээс гадна Орос, Иран, Сиритэй шаардлагатай тагнуулын мэдээллийг солилцох гэрээ байгуулсан гэжээ.

Дипломат эргэлт

Ойрхи дорнодод АНУ тэргүүлэх үүрэг гүйцэтгэж буй эрин үед Орос улс тус бүс нутагт өөрийнхөө дуу хоолойг илүү жинтэй болгохыг эрмэлзэж байна. Тийм боломжийг Сири гаргаж өглөө. АНУ мөргөлдөөнийг зохицуулах дипломат арга зам олж чадаагүйн дээр Ассад бус “Исламын улс” бүлэглэлийн эсрэг агаараас цохилт хийн жил тойрохдоо аядуу болон бусад босогчдын бүлэглэлүүдийн зэвүүцлийг хүргэхээс цаашлаагүй.

Үүнээс гадна Орос улс Сирид үр дүнд хүрээгүй дөрвөн жилийн хүчин чармайлтын явцад өрнөдийн орнуудын хооронд гарсан зөрчилдөөнийг, мөн дүрвэгсдийн давалгааг өөрт ашигтайгаар эргүүлэх боломж бүрдсэн гэж үзэж байж болох юм.

Эрсдэл дагуулж болзошгүй ч Орос улс зэвсэгт хүчнийхээ оролцоогоор Сирийн хувь заяаны тухай хэлэлцээрийн үйл явцад давуу байдал олж авч байна. Кожановын хэлснээр, Кремль өөрт нь ашигтай зохих дипломат зөвшилцөлд хүртэл Сирийн дэглэмд тэсч үлдэх хангалттай зэр зэвсэг нийлүүлж эхэллээ.

Жулиа Иоффе “Foreign Policy” сэтгүүлд бичихдээ, “Оросын тоглоомын дүрэм товч бөгөөд тодорхой. Тэр нь Америкийг өдөөн хатгах явдал. Барак Обамагийн засаг захиргааг Сирид илүү ихийг хийхэд хүргэснээр В.Путин Сирийн асуудлыг шийдвэрлэх улс төрийн арга, тус улс ирээдүйд ямар дүр төрхтэй байх зэрэгт байр сууриа илүү хүчтэй илэрхийлэх боломжтой болно.

“Исламын улс” бүлэглэлийн аюул заналхийлэл нь дүрвэгсдийн дарамттай давхардсанаар Ассадын дэглэмийг түлхэн унагах нь гол зорилт биш гэж өрнөдийн зарим оронд үзэхэд хүргэжээ. Хэдэн хоногийн өмнө Германы канцлер Ангела Меркел Английн Гадаад хэргийн сайд Филип Хаммондтой Ассадын шилжилтийн үед гүйцэтгэх үүргийн талаар ярилцаж, Ассад улс төрөөс ямар ч нөхцөлд холдох ёстой гэсэн АНУ-Европын хатуу байр сууринаас ухарсан юм. Франц ч ялгаагүй Ассадын дэглэм болон аядуу сөрөг хүчнийхэн оролцсон шилжилтийн үе шаардлагатай гэх болов.

Сант-Каллены их сургуулийн орчин үеийн Оросыг судалдаг профессор Улрих Шмид хэлэхдээ, “В.Путин “Исламын улс”-ын эсрэг олон улсын эвслийн жад нь чухам Орос гэдгийг харуулахыг хүснэ. Тэрээр өрнөд Европ дахь дүрвэгсдийн хямралыг ашиглан Оросыг “Исламын улс”-ын терроризмтэй тэмцэж чадах цорын ганц их гүрэн гэж нотлохыг эрмэлзэж байна. Өрнөдийн ертөнцийн хувьд энэ саналыг хүлээн авахаас өөр замгүй” гэжээ.

Зарим шинжээч В.Путин Сирийн хямралд оролцож, дээр нь арван жилийн дотор анх удаа НҮБ-ын Ерөнхий ассамблейд үг хэлсэн нь Оросын иргэдэд эерэг сэтгэгдэл төрүүлж байна гэж дүгнэлээ.

Гэвч В.Путины гаргасан энэ шийдвэр эрсдэл дагуулж болох. Афганистан дахь “Аль Кайда”-гийн гишүүн асан, хожим Английн тагнуулын газрын мэдээлэгч болсон Аймен Дин, “Орос улс Сирийн хямралд оролцох нь ЗХУ Афганистанд цөмрөн орсноос хойш жихадын хөдөлгөөнийг хамгийн ихээр өдөөж, энэ хөдөлгөөнд нэгдэх лал шашинтнуудын тоог эрс нэмэгдүүлж болзошгүй” гэж үзэж байна.

Хэдийн тийм ч шинжээч Дара Макдовеллын үзэж буйгаар Украинд цэрэг оруулан гацаанд орж, дээр нь эдийн засаг нь саарч буй энэ үед Кремль дотоод дахь нэр хүндээ өсгөх үүднээс Сирийн хэрэгт оролцох шийдвэр гаргажээ. Тэрээр, Сирийн хэрэгт оролцох болсон нь Москвагийн дэглэмийг иргэдийнхээ өмнө дэлхийн хэрэг явдлыг ажиглах бус, шийдвэрлэх чадвартай гүрэн гэж харуулна гэсэн юм.

Оросын энэ шийдвэр ямар учир шалтгаантай байлаа ч олон шинжээч үүнийг Сири дахь тоглоомын дүрмийг өөрчилнө гэдэг дээр санал нэгдэж байна. Энэ нь олон улсын яриа хэлэлцээ, зөвшилцлийн зарчмыг өөрчилж, АНУ-ын тэргүүлсэн “Исламын улс”-ын эсрэг эвслийн нэгдмэл байдал, хүчин чармайлтыг сулруулж, Ассадын дэглэмийг бэхжүүлэхэд хүргэнэ гэж Дайн судлалын институтынхан дүгнэжээ.

Б.ТҮШИГ

Эх сурвалж: www.zms.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж