Орост хар арьстай хүн төрийн албанд сонгогджээ

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Орост хар арьстай хүн төрийн албанд сонгогджээ

Оросын Новозавидово хотын хүмүүс өмнө нь хэзээ ч хар арьстай хүн харж байгаагүй тул Жан Грегуар Сагбо-г ширтэн хардаг байв. Харин одоо тэд үүнээс дутахгүй ховор зүйл харж байгаа нь шударга-улс төрч. Сагбо өнгөрсөн сард Оросын төрийн албанд сонгогдсон анхны хар арьстай иргэн болсон. Арьс өнгөний үзэл, ноцтой гэмт хэрэг газар авсан тус улсад Сагбо Новозавидово хотын 10 хүний бүрэлдэхүүнтэй хотын зөвлөлийн гишүүнээр сонгогсдон нь нэгэн тэмдэглэлт үйл явдал болж байна.

Тус хотын 10,000 хүн Африкийн Баруун хэсэгт байдаг Бенин улсаас гаралтай түүнийг төрөлх хотдоо санаа тавьдаг Орос хүн гэж үзэж байна. Тэрээр ядуурсан, хогонд дарагдсан тус хотод 21 жил амьдарсан бөгөөд гэр бүл нь тэнд байдаг. Тэрээр хотынхондоо бохирдсон нуурыг цэвэрлэж, хар тамхины донтолтыг бууруулж, айл өрхүүдийг дулаантай болгохоор амлаад байна. Хотын захиргааны хуучирч муудсан байшинд түүнтэй уулзан ярилцлага авахад тэрээр “Новозавидово мөхөж байна. Энэ бол миний гэр, миний хот. Бид ингэж амьдарч болохгүй” гэж ярьж байв. “Түүний арьс нь хар ч түүний доторх нь Орос. Зөвхөн орос хүн л түүн шиг ингэж хотынхоо талаар санаа тавина” гэж хотын дарга Вячеслав Аракелов ярьж байв.

Сагбо бол Оросын улс төрд орсон анхны хар арьстай хүн биш. Африкийн Баруун нутгийн Гвине-Биссаугаас гаралтай Жаокин Крима Оросын өмнөд мужийн даргын төлөө өрсөлдсөн ч хол ялагдсан. Кримаг хэвлэл мэдээллийнхэн “Оросын Обама” гэж ярьж байв. Харин одоо тэд энэ цолоо Сагбо руу шилжүүлээд байна. “Миний нэр Обама биш. Энэ бол зүйрлүүлэлт. Тэр хар, би ч хар, гэхдээ энэ нөхцөл байдал бол огт өөр” гэж Сагбо ярьж байна.

Коммунист үзэл суртлын талаар илүү ихийг мэдэхийг хүссэн Сагбо 1982 онд ЗХУ-ын Москва хотод ирж эдийн засаг судалсан. Тэнд байхдаа тэр Новозавидовоос гаралтай эхнэртэйгээ танилцжээ. Тэгээд хадмуудтайгаа ойрхон байхын тулд 1989 онд Москвагаас хойд зүгт 100 км зайтай байдаг тус хотод ирсэн байна. Өнөөдөр тэр хоёр хүүхдийн эцэг бөгөөд Москвагийн нэгэн компанид үл хөдлөх хөрөнгийн зуучлагчаар ажилладаг. Хотын зөвлөлд ажилласныхаа төлөө цалин авдаггүй. Сагбо өөрөө болон эхнэр нь улс төрд оролцохыг хүсээгүй бөгөөд улс төрийг бохир, аюултай ажил гэж үздэг ч хотын зөвлөлийнхөн болон орон нутгийн иргэд түүнийг зөвлөлд өрсөлдөж үзэхийг ятгасан байна.

Иргэд түүнийг нийгмийн идэвх сайтай гэдгийг мэддэг. Тэр өөрийн байрныхаа орцны үүдийг шүүрдэж цэвэрлэдэг бөгөөд өөрийнхөө мөнгөөр гудамж тохижуулдаг. Арван жилийн өмнө тэр сайн дурынхныг зохион байгуулан хог цэвэрлэх ажил зохион байгуулсан нь өнөөдөр жил болгон тус хотынхны зохион байгуулдаг хог цэвэрлэх өдөр болоод байна.

Тус хотод байхдаа тэр арьс өнгөөр ялгаварласан байдалд орж байгаагүй. “Би тэдний нэг. Би энд гэртээ байдаг” гэж тэр ярьж байна. Новозавидово хотод ирсэн анхныхаа зун тэр арьс өнгөөр ялгаварласан байдлыг үзсэн гэнэ. Түүний дөрвөн настай хүү Максим гэртээ уйлан орж ирсэн бөгөөд өсвөр насны нэг хүүхэд түүн рүү нулимсан гэж ярьжээ. Сагбо уурлан гадагшаа гүйн гарч хүүг нь нулимсан хүүхдээс яагаад нулимснаа тайлбарлахыг шаардсан байна. Түүний ойролцоо байсан эмэгтэйчүүд мөн хүүг загнасан байна. Удалгуй гудамжинд байсан бүх хүн ирж болсон явдлыг буруушаажээ.

Орос улс хар арьстай хүн амаа албан ёсоор салгаж тоолдоггүй ч ойролцоогоор 40,000 орчим “Афро-Орос байна” гэж зарим судлаачид ярьдаг. Тэдний ихэнх нь барууны орнуудыг бодвол төлбөр зардал багатай их сургуулиудад сурах гэж ирдэг байна. Орост арьс өнгөөр гадуурхсан гэмт хэргүүд улам их гарч байгаа. 2009 онд зөвхөн Москва хотод л гэхэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай холбоотой 49 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Новозавидовогийн аж үйлдвэрүүд хувьчлагдсан бөгөөд удалгүй хот санхүүгийн хүнд байдалд орсон байна. Ерөнхий сайд Владимир Путин, Ерөнхийлөгч Дмитрий Медведев нарын амардаг Завидовогийн Үндэсний Паркаас холгүйхэн ажилгүйдэл, авлига, архидалт, бохирдолд автсан тус хот оршдог.

Новозавидовогийн инженер, 33 настай Денис Воронин сонгогчдын саналыг худалдаж авалгүй шударгаар сонгогдсон анхны улс төрч гэнэ. Өмнөх улс төрчид бүгд гэмт хэрэгтнүүд гэж тэр ярьж байна. Тус хотын өмнөх хотын даргыг хоёр жилийн өмнө үл таних хүн буудаж алсан байна. Энэ албан тушаалыг одоо Зөвлөлтийн Афганистаны дайнд оролцож байсан ахмад дайчин Аракелов хашиж байна. Тэрээр хотын төсвөөс хэсэг байж байгаад л мөнгө алга болчихдог хэргийг  цагдаагаар шалгуулж байгаа гэж ярьж байв. Иргэд халуун ус, дулааныхаа мөнгийг төлдөг ч хотын захиргааны хяналт муугаас төсөвт дээрх мөнгө бүрэн хэмжээгээрээ ордоггүй байна. Хотын захиргааны жорлон нь гэж шалыг нь цоолж нүхэлсэн өрөө байв.
Хотын зөвлөлийн гишүүн болсноосоо хойш Сагбо ажлын амжилт гаргаж амжсан байна. Тэрээр иргэдийг зохион байгуулан, хандив цуглуулж байшингуудын хоорондох орхигдсон зүйлсийг холдуулж зайлуулан оронд нь өнгө алагласан тоглоомын талбай байгуулж, шинэ тоглоомууд суулгаж, хашаануудыг будсан байна. Түүнийг хотоор явж байхад иргэд түүнтэй мэндчилэхэд тэр хариуд нь Франц-Африк аялгуутай Оросоор мэндчилж байв. Мөн хөлбөмбөгийн талбай байгуулж өгнө гэж амласан хөвгүүд ч түүнтэй мэндэлж байв. Шинээр байгуулсан тоглоомын талбайд хүүтэйгээ хамт суугаа Ирина Даниленко энд нүүж ирээд таван жил болсон хугацаанд нь түүний харсан ганц нааштай өөрчлөлт бол энэ тоглоомын талбай гэж ярьж байв. “Түүний арьсны өнгө бидэнд асуудал биш. Бид түүнийг өөрсдийнхөө нэг гэж үздэг” гэж 31 настай Даниленко ярьсан “Associated press”  агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж