Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны ээлжит XVIII хуралдаан болж нийт 24 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар “Монгол даатгал” ХХК-ийг “Хорго хайрхан” ХК-д нэгтгэн, оноосон нэр өөрчлөхийг зөвшөөрч, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсныг бүртгэв. Хорооноос энэхүү шийдвэрийг гаргаснаар хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээлийн уялдаа сайжирч, өрсөлдөх боломж нэмэгдэж, Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, үнэ цэнэтэй, засаглал сайтай даатгалын компани нэгээр нэмэгдлээ.
Мөн Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлд Хороо онцгой анхааран ажиллаж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанаар “Банк бус санхүүгийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх журам”-ыг баталсан нь хяналтгүй мөнгө орж ирэх, эрсдэлтэй гүйлгээг хаасан хяналт шалгалтын тогтолцоонд шуурхай шилжих нэг алхам болов.
Түүнчлэн “Өмгөөллийн Дилижет Партнерс“ ХХН-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэж, “Ти Ди Би Лизинг” ХХК болон “Богд банк” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, нэр бүхий 36 иргэнд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, “Хаан даатгал” ХХК-ийн салбарыг бүртгэж зарим даатгалын компанийн даатгалын бүтээгдэхүүн, бүтцийн өөрчлөлт, эрх бүхий албан тушаалтныг бүртгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Нэр бүхий үнэт цаасны компани, хадгаламж зээлийн хоршоо, ББСБ-уудын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сунгах, тусгай зөвшөөрөл нэмж олгох, хүчингүй болгох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА