Шоу бизнес эрчимтэй хөгжиж, соёлоо экспортолж, дэлхийд таниулж чадсан 50 гаруй сая хүнтэй Солонгос улсад монгол залуу уран бүтээлээ туурвин, Солонгосын соёл урлагийнхантай өрсөлдөөд эхэлжээ. Тэр бол Ням-Очирын Идэрмөнх юм. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар Солонгосыг зорьсон Н.Идэрмөнх өөрийнхөө дуучин болох багийн мөрөөдлөө орхилгүй, түүнийхээ төлөө тууштай зүтгэсний эцэст бүтээлээ туурвин олны хүртээл болгох хэмжээнд өсч өндийн, өрсөлдсөн уран бүтээлч болжээ. Түүний үг, аяыг нь зохиож дуулсан “Одод ширтэхийг хүснэ” гэсэн дуу өнөөдөр Солонгост байгаа монголчуудын сонсч, дуулах дуртай бүтээлийн нэг болсон байна.
Зорилгоо умарталгүй түүнийхээ төлөө тууштай зүтгэж яваа, ирээдүйд уран бүтээлээрээ дамжуулан Монгол улсаа дэлхийд таниулах “том амбицтай” шавилхан залуутай газар зүйн байршлын холыг бэрхшээлгүй, харилцаа холбооны дэвшил ашиглан ярилцсанаа эрхэм уншигч танд толилуулж байна.
-Сайн байна уу? Эх орноос чинь холбогдож байна.
-Сайн сайн байна уу? Сайхан өвөлжиж байна уу. Ямар сайхан дуудлага вэ? /сурв.инээв/ За хоёулаа юун талаар ярих билээ.
-Ням-Очирын Идэрмөнх гэж хэн бэ? гэдгээс яриагаа эхэлье.
-Намайг Ням-Очирын Идэрмөнх гэдэг. Солонгос улсад урлаг болон бизнесийн удирдлага гэсэн давхар мэргэжлээр Сэжүн их сургуульд сурч байна. Бага нас маань Баянхонгор аймгийн Баян-Овоо өнгөрсөн. Солонгост ирээд 10 дахь жилдээ сурч, ажиллаж байна даа.
-10 жилийн өмнө, тухайн үед ямар зорилго өвөртлөн эх орноосоо явж байв?
-Анх Солонгост ажил хийх зорилгоор хөдөлмөрийн гэрээгээр 2010 оны 10 сард ирсэн юм. Гэвч сургуульд сурах туйлын их зорилготой байсан. Хэлний нөхцөл байдлаас болоод шууд сургуульд орох боломж байгаагүй. Солонгос хэлний ТОПИК-ийн 4-р зэрэг авсан тохиолдолд Их дээд сургуульд орох боломжтой байдаг. Тэр 4-р зэргийг авахын тулд 2010 оноос хойш солонгос хэл сурч, судалж явсаар 2013 онд 4-р зэрэг, 2015 онд 5-р зэрэг аваад 2016 онд сургуульдаа орсон доо. Багаасаа л дуучин болох мөрөөдөлтэй байсан. Тэр маань өөрчлөгдөөгүй, хувираагүй. Одоо түүгээрээ сурч байна даа.
-Сурч буй “Сэжүн” их сургуулийнхаа талаар танилцуулаач?
-Манай сургууль бол 70 жилийн түүхтэй. Солонгос үсгийг зохиосон Сэжүн хааны нэрээр нэрлэгдсэн сургууль. Солонгостоо ранкаараа 10-т багтдаг. Бизнес, урлагийн чиглэлээрээ нэлээн дээгүүр ордог сургууль. Би анх бизнесийн сургуульд нь орсон юм. Сурч байхдаа урлагийн сургууль байдаг гэж мэдээд, давхар сурч болдог гэдгийг судалсан. Тэгээд 2 курсээсээ хөгжмийн сургуульд нь давхар сурах болсон. Ер нь намайг анх хөгжмийн сургууль руу ороход удирдлагуудын зүгээс бизнесийн сургуулиас хөгжмийн сургууль руу орж байсан тохиолдол байхгүй ээ гэсэн хаалттай тулгарсан. Тэгээд би сургуулийн удирдлагуудын хуралд өөрийнхөө зохиосон хоёр ч дууг үзүүлж байж хөгжмийн сургуульд орох эрхээ авч байсан юм. Энэ сургуульд “singer, song writer” гэсэн анги байгаагүй. Би орж ирэхдээ ийм чиглэлээр сурмаар байна гэж хүсэлт тавьснаар энэ анги нээгдсэн байдаг. Ер нь бол Сэжүн их сургуулийн хөгжмийн сургууль надаас болж “singer, song writer” ангийг нээсэн юм шүү дээ /инээв.сурв/.
-Сургуулийн боловсролын системийн хувьд ямар ялгаа байна
-Хүндрэлтэй зүйл их бий. Гадаад хэлээр байтугай эх орондоо эх хэлээрээ хичээл заалгахад зарим тохиолдолд хүндрэлтэй байдаг шүү дээ. Энд бол хичээлийн дүн гэхэд өрсөлдөөний журмаар гардаг. Нэг хичээл дээр нэг ангиас 5-6 хүүхэд А авах боломжтой, А-д багтаж чадахгүй бол В рүү орно, В-д багтахгүй бол С гээд л явна. Оноо муу бол тэтгэлэг авч чадахгүй. Сайн дүн авч байж сургалтын төлбөрөөсөө 1,2 сая төгрөгөөр ч болов хөнгөлүүлэх боломжтой шүү дээ. Өрсөлдөөний систем байдаг болохоор оюутнууд нь их хичээдэг. Багаар бас сайн ажилладаг.
-Гадаад оюутнууд их байдаг уу?
-17 онд намайг хөгжмийн сургуульд орж байхад 150, 60 гадаад оюутантай байсан. Ирэх жилээс бүр их болно гэсэн таамаглал сонссон. Ялангуяа сүүлийн үед “BTS” хамтлаг дэлхий нийтийн хамтлаг болоод Солонгост сурахыг хүсэгчид их болж байгаа юм байна л даа.
БАГШ НАР МААНЬ НАДАД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ БАЙГАА НЬ МЭДРЭГДДЭГ
-Сурч байхдаа уран бүтээл хийх боломж хэр байдаг вэ?
–Хичээл зүтгэлтэй байгаад, багш нарынхаа сургасныг хэрэгжүүлээд, тэдэнтэйгээ нийцтэй байвал уран бүтээлтэй төгсөх боломж бий. Энэ бол тухайн хувь хүнээс л шалтгаална. Миний хувьд өөрөө үг аяа бичдэг онцлогтой. 4 улирал сурсан байна гэдэг чинь 8 дуу зохиосон байна гэсэн үг. Яг бэлэн болж гарсан 3 солонгос дуу бий. Хөгжим, ая нь гарсан монгол дуу бас байгаа л даа. Энд ирснээсээ хойш хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд маш олон солонгос дууны уралдаанд орж байсан. Солонгост гадаад иргэдийн дунд болдог том тэмцээнд 2 удаа финалдаж, тусгай байрын шагнал авч байсан. 2012 онд солонгосчуудын дунд болдог 700 гаруй өрсөлдөгчтэй тэмцээнд гуравдугаар байрт орж байсан амжилттай. Тухайн үед дуу хуур хөөцөлдөж явдаг монголчууд ховор байсан. Ингээд тэмцээн, уралдаанд орж яваад Гадаадын урлаг соёлын байгууллагад найз маань танилцуулж, тэнд удирдах зөвлөлд нь багтан ажиллах болсон юм. Маш их шаргуу хөдөлмөрлөж, сурч, завгүй ажиллаж байна даа.
-Зорьсон зорилгоо биелүүлсэн үү?
-Биелүүлэхэд их ойрхон ирсэн. Ер нь бол биелж эхэлсэн гэж хэлж болох байх гэж бодож байна. Анх энэ байгууллагад ороод, бэлтгэл сургууль хийгээд явж байхдаа хүний нутагт над шиг хүсэл мөрөөдөлтэй залуус олон байх. Хаана дуулах уу? , хэрхэн суралцах уу? гээд надад тулгарч байсан хүндрэл тэдэнд бас тулгарч байгаадаа гэж бодоод “Эх хэлээрээ дуулъя” тэмцээнийг 2014 онд зориг шулуудан зохион байгуулсан. Хүн оролцох болов уу гэж айж эмээж байсан ч эсрэгээрээ Монголчууд маань маш идэвхтэй оролцож, монгол дээл, хувцсаараа гоёж ирээд Монгол дуунуудаа дуулаад л. Бүр яг нэг монгол өдөрлөг шиг л болсон доо. Тэрнээс хойш 14, 15, 16 онд зохиогоод 17, 18 онд өнжөөд, сая 19 онд зохион байгууллаа.
-Анхны уран бүтээлээ солонгос хэлээр дуулж, олны хүртээл болгосон гэж сонслоо. Соёлын салбар нь хөгжсөн, өрсөлдөөн ихтэй энэ улсад эх хэлээр нь дуулан өрсөлдөж байгаа чинь үнэхээр зоригтой бас бахархалтай байна.
-Би Солонгост ирээд 10 жил болж байна. Ирснийхээ дараа гэрээгээр ажилласан 4-5 жилийн хугацаанд солонгос дуу, хөгжмийн нэвтрүүлгийг цаг гарвал л сонсдог байсан. Тийм болохоор ая, шүлэг нь ийм юм байна гэдгийг сайн судалсан. Тэгээд хоолойн бичлэгт орохоор ер нь дуудлага тал дээр багш нараас, продюсерын зүгээс шүүмж байдаггүй. Солонгос хэлний дуудлага сайн. Монголчууд би чинь гадаадад очихоороо хэл сайн сурдаг гэж ярьдаг шүү дээ. Харин эсрэгээрээ би Монгол хэлнийхээ зарим үг, үсгийг хэлж чадахгүй, солонгос хэлний онцлогоос шалтгаалан хэл маань бөөрөнхий болсон байна лээ. Тэгээд найзууд, гэр бүлийн хүмүүс маань солонгосоор л дуулбал зүгээр юм байна гэж хэлэх болоод байгаа. Миний хувьд монгол хүн юм чинь монголоороо дуулна шүү дээ. Тийм болохоор би их бэлдэж, монгол дуунуудаа сонсч, ажиллаж байгаа.
ОД НЬ ГИЙГЭЭД СОЛОНГОСЫН УРЛАГТ ГАРААД ИРЭХИЙГ ҮГҮЙСГЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ
-Таныг хамтлагтай гэж сонссон. Гишүүд нь бүгд гадаад гээд… “Алсад суугаа ээж” уран бүтээлийг хамтлагаараа дуусан нь олон нийтийн сүлжээнд их хандалттай болсон байна лээ.
-Алсад суугаа ээж маань ФБ-т 950 мянган хүн үзсэн, удахгүй сая хүрэх гэж байгаа юм билээ.
Бид гурав анх 2 жилийн өмнө манай нөгөө гадаад байгууллагаас /Сурв: Гадаадын урлаг соёлын байгууллага/ дуудаад ийм 2 хүн байна. Хамтдаа хамтлаг байгуулаад дуулбал.. гэж санал тавьсан. Америк, Япон 2 гэсэн нь надад их өвөрмөц сонин санагдсан. Уулзаад үзсэн хөгжмийн найруулга бүх юмыг хийж өгдөг продюсертой. Ямар ч санаа зовох зүйлгүй. Тэр нь боломжийн санагдаад саналыг нь хүлээн авсан. Тэгээд өөрсдийн орон орны дуунаас нэг дууг сонгоод дуулахаар болсон юм. Би маш олон Монгол дуу сонсгосон, тэднээс “Алсад суугаа ээж” дуу таалагдсан. Энэ их гоё дуу байна, хэлийг нь мэдэхгүй ч цаанаа л нэг сэтгэлд хүрсэн гоё дуу байна гэсэн. Тэгээд бид гурав дуулахаар болсон. Анх бол гурван орны хэлээр дуулах гэсэн ч манай хоёр айгаад. Энэ бол маш гоё дотортой дуу. Бид 2 дуулж чадахгүй юм шиг байна. Чи ганцаараа дуул гэсэн. Тэгээд бид гурав хан мөрний эрэг дээр энэ дууг дуулах боломж олдсон юм. Тэр үед манай продюсер гар утсаараа бичлэг хийгээд авчихсан байж. Тэр бичлэгээ найз нартаа үзүүлтэл олон нийтийн сүлжээнд тавиачээ гэж санал тавьсан. Тэгээд эргэлзэж эргэлзэж ФБ-д оруулсан чинь олон хүнд таалагдаж, хандалт ихтэй болсон.
Хамгийн анхны том тайзан дээр дуулсан, дээрээс нь ээжээсээ хол ирээд дуулсан болохоор би маш их хайртай байдаг юм. Солонгосын хан мөрний эрэг дээрээс дуулагдсан нь олон нийтэд хүрэх учиртай байсан юм байлгүй. /сурв: инээв/
-Олон нийтийн хүртээл болгосон анхны уран бүтээл болох “Одод ширтэхийг хүснэ” дуу чинь бас нутаг ус, ээж, ааваа санагалзсан бүтээл. Энэ бүтээлээ дүрсжүүлж клиптэй болгосон гэж дууллаа.
-Саяхан клипжүүлсэн. Солонгосчууд хийгээд өгье гэж байсан ч би “Эх хэлээрээ дуулъя” уралдааны тусгай байрын шагнал авсан Монгол залуутайгаа хамтарч хийхээр шийдсэн. Клиднийхээ Төгсгөлд нь бага насаа бодож байгаагаар оруулъя гэж бодсон. Боломж бололцооныхоо хэрээр Монгол ахуй, соёлоо оруулсан. Амжилттай зураг авалтаа дуусгаад олон түмэндээ хүргэж байна. Ер нь хэдэн жилийн өмнөөс ийм дуу хийх санаа яваад байсан юм. Дууны утга агуулгын хувьд гадаадад амьдардаг хүн болгоны сэтгэлийн гүнд тийм нэг үгээр хэлж боломгүй ч юм шиг гуниг байдаг юм шиг санагддаг. Эсвэл миний хувьд ч тийм байж болох юм. Тэр үгээр илэрхийлэх боломжгүй мэдрэмжийг л “Одод ширтэхийг хүсч байна” гэдэг дуундаа илэрхийлэхийг зорьсон юм. Хүн болгон л Монголдоо аав, ээж, ах дүү нар гээд хайртай бүхнээ орхиод алсыг зорьдог. Эхэндээ хэцүү байдаг ч бага багаар дасаад явчихъя гэхээр явж чадахгүй сэтгэлдээ гуниг тээгээд л тэндээ байгаад байдаг…. Энэ бүх зүйлийг дуундаа шингээхийг хүссэн юм. Тэгээд 2018 оны хавар сургуулийнхаа улиралд нэг болдог оюутнуудын тоглолтон дээр үг аяыг нь өөрөө зохиож дуулж байсан юм. Тэр үед багш нарт их таалагдаж зарим хэсгийг нь засч янзалбал гоё дуу болох юм байна гэсэн зөвлөгөө өгч хөгжмийн сургуулийн Ким Хён Тэ гэдэг багш маань продюсер хийж бүтсэн юм. Тэр тоглолтод бүгд нам гүм болж зарим гадаад оюутнууд уйлсан гэж ярьж байсан нь надад маш их урам өгсөн юм. Дууны төгөлдөр хуур, гитар, бөмбөр зэрэг хөгжмүүдийг Солонгосын алдартай уран бүтээлчидтэй ажилладаг мэргэжлийн чадварлаг уран бүтээлчид тоглосон нь их аз тохиосон гэж боддог. Тэр чинээгээрээ чанартай уран бүтээл болсон гэж боддог. Одоо бол Солонгост сурч, ажиллаж амьдарч байгаа Монголчуудын сонсох, дуулах дуртай дуу нь болсон доо.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Одоо Солонгосын хайрын тухай дуун дээр ажиллаж байна. Өнгөрсөн 7 сараас хойш ажиллаж эхэлсэн. Солонгосын том том уран бүтээлчдийн бүтээл дээр ажиллаж байсан манай сургуулийн багш энэ дууны продюсероор ажиллаж байгаа. Он гаргаад бэлэн болох байх. Солонгосчууд өөрсдөө их өрсөлдөөнтэй учир ямар нэгэн зүйл дээр яардаггүй, тэгэс ингэс гээд хурдан дуусгачихъя гэдэггүй. Чанартай хийхийг эрхэмлэдэг. Дууны үг, аяыг нь хамтдаа бичээд, ямар клиптэй байх уу гэх бүх зүйлийг маш нарийн төлөвлөж, даацтай хийх тал дээр маш их цаг зав гарган ажилладаг улс. Үүний хажуугаар өмнө нь зохиосон байсан ганц хоёр монгол дуун дээр ажиллаж, хоолой бичлэгийн ажилд орсон явж байна.
-Хавар төгсөхдөө цомгоо гаргачих хэмжээний уран бүтээлтэй болчих юм биш үү?
-Ер нь яг тэгэх гээд байна /сурв. инээв/. Уг нь бол их эрт цомгоо гаргачих байсан юм. Гэтэл би өөрөө их сонин зантай хүн юмаа бас. Бэлэн болсон дуунууд маань миний сэтгэлд нийцэж өгөхгүй, нэг л зүйл нь таалагдахгүй байвал нийцүүлэх гээд л дахин дахин оролдоод байдаг. Тийм юмнаас болоод хойшлуулаад байсан. Одоо бол ирэх хавар цомгоо гаргачихна.
-Сошиалд их идэвхтэй байдаг. Солонгосын хөгжил, амьдралын хэв маягийн талаар танилцуулсан влог хийж, эхнэртэйгээ хамт хөтөлж байгааг үзсэн юм байна.
-Влогоо өнгөрсөн хавраас хийж эхэлсэн. Ингэхдээ найзуудынхаа шахалт, хүсэлтээр анх хийсэн. Та хоёр влог хийгээч ээ, хосууд их влог хийж байна гэж зоригжуулсан. Тэгээд бусад хүмүүсийн хийсэн влогийг үзсэн хийж болмоор юм шиг санагдаад тэгээд хийсэн. 10 дугаар хийсэн байгаа. Сая бол ажил ихтэй тэмцээн, хандивын тоглолт, хичээл сургууль гээд олон ажил давхцаад сая хоёр, гурван сар тасалдчихлаа. Одоо бол төгсөх ойртоод, цомог, уран бүтээлийн ажил их байгаа учраас түр завсарлуулсан байгаа. Сошиал хөгжсөн учраас үүгээр дамжуулан хосууддаа үлгэр дууриалал үзүүлж болох юм байна гэж хараад эхнэртэйгээ ярилцаад хийж эхэлсэн л дээ. Цаашид үргэлжлүүлэн хийнэ.
-Төгсөөд Солонгост уран бүтээлээ хийгээд үлдэх үү?
-Төгсөөд үргэлжлүүлэн магистрт сурангаа уран бүтээлээ туурвина. Ер нь бол маш том зорилго тавьсан байгаа. “Мама” гээд Азийн шилдэг уран бүтээлч шалгаруулах авардаст оролцож үзэх хүсэл мөрөөдөлтэй байсан анхнаасаа. Тэр том тайзан дээр МУ-аа төлөөлөн Монгол хүн гэж дуудуулаад гарч дуулах юмсан гэсэн мөрөөдөлтэй. Мэдээж маш өндөр шалгуур, маш сайн уран бүтээлтэй байх ёстой байх. Тийм том зорилго тавьж байж тодорхой хэмжээний амжилтад хүрэх байх гэж бодож байгаа. Тэр зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллана даа.
– Хийж бүтээсэн мөн хийхээр төлөвлөсөн, зорьж буй ажил хэргээ цаг гарган хуучилсанд маш их баярлалаа. Зорьсондоо хүрээрэй.
-Маш баярлалаа. Авьяас билэгтэй олон монгол залуус ар араасаа Азийн тавцанд гарч ирээсэй гэж хүсдэг дээ.
Ярилцлагын зочин: Н.Идэр-Мөнх / Idermunkh Nyam-Ochir /
Ярилцсан: Б.МӨНХТУЯА
Холбоотой мэдээ