Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Жосеп Боррел Ази болон Европ тивийн Төр засгийн удирдлагуудад хандан, илгээлт илгээжээ. Энэхүү илгээлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Миний бие өнөөдөр /2019.12.16/Даваа гарагт Испанийн Мадрид хотноо зохион байгуулагдаж буй Ази, Европын уулзалт буюу АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг даргалж байгаадаа нэн таатай байна.
АСЕМ гэх энэхүү товчлол нь манай хоёр тивийн хувьд улс төрийн нэн өндөр ач холбогдолтой билээ. Намайг Испанийн Гадаад харилцааны сайдын албыг хашиж байх үед АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг Мадрид хотод зохион байгуулах саналыг тавьж байв. Харин өнөөдөр Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал хариуцсан Дээд төлөөлөгчийн хувьд энэхүү дээд хэмжээний уулзалтыг даргалж байгаа нь хурдацтай хөгжиж буй Ази тив бол Европ төдийгүй миний хувь хүний сонирхлыг онцгойлон татаж байгааг илтгэж байна.
АСЕМ бол Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын албан бус яриа хэлэлцээний хамтын ажиллагааны байгууллага бөгөөд АСЕМ-д
- Дэлхийн худалдааны 55%
- Дэлхийн ДНБ-ий 60%
- Дэлхийн хүн амын 60%
- Дэлхийн аялал жуулчлалын 75% хувийг эзэлдэг 51 орон, Европын комисс, АСЕАН-ны нарийн бичгийн дарга нарын газар гэсэн олон улсын хоёр байгууллага багтдаг юм.
Улс хоорондын уулзалт зохион байгуулах нь зарим тохиолдолд ямар нэгэн үр дүнд хүргэхгүй байж болох ч шинэ тутам боломжийг бий болгож байдаг. Сүүлийн жилүүдэд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтууд цаг үеэ мэдэрсэн, стратегийн хувьд өндөр ач холбогдолтой болсоор байна. Энэ жилийн АСЕМ-ын уулзалт нь Европ, Азийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэх чухал боломж болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бэхжүүлж, хууль журмаа дээдэлсэн олон улсын худалдаа, хил дамнасан мэдээлэл солилцоо, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлсэн буюу энхийн замаар аливаа асуудлуудыг шийдвэрлэхэд бүс нутгийн хамтын ажиллагааны тэр дундаа АСЕМ-ын үүрэг оролцоо улам бүр өсөн нэмэгдэж байна. АСЕМ нь хууль дүрэмд суурилсан, олон ургалч, олон талт үзлийг хүндэтгэх, сурталчлах гол тавцан нэгэнтээ болсон төдийгүй энэ цаг үед дэлхий дахинд гарч буй өөрчлөлт, сорилт нь ийм төрлийн хамтын ажиллагаа, манлайллыг зайлшгүй шаардаж байна.
Нэмж хэлэхэд, Европын Холбоо нь Дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй асуудлууд болох Солонгосын хойг, Рахайн мужид үүссэн нөхцөл байдал, Ойрх Дорнодын энх тайвны үйл явц, Иран, Афганистанд энх тайвныг тогтоох хүчин чармайлт зэрэг чиглэлд идэвхтэй анхааран ажиллаж байна. Бид аюулгүй байдлын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, олон ургалч, олон талт үзэл, жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих чиглэлээр ажиллаж байна.
Европын Холбооны Дээд төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа миний бие Европын Холбооны гадаад бодлогыг бодит байдалд суурилж, бат бөх түншлэлд тулгуурлан хэрэгжүүлэх болно. Африк тив болон Баруун Балканы орнуудтай түншлэл хамтын ажиллагаа, Ливийн нөхцөл байдал болон Украины зүүн хэсгийн маргааныг тайван замаар шийдвэрлэх зэрэг олон чухал асуудлаар Азийн түншүүдтэйгээ нягт хамтран ажиллахыг хүсэж байна.
Эдгээр болон бусад олон асуудлыг улс төрийн яриа хэлэлцээрийн үеэр хөндөх болно.
Оюутан солилцоо, бизнесийн хамтын ажиллагаа, аялал жуулчлал, эрдэмтэн судлаачдын хооронд туршлага хуваалцах зэрэг олон чиглэлээр Ази Европын харилцаа хамтын ажиллагаа өдөр тутам өрнөсөөр байна.
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт бол хоёр хүчирхэг тивийн иргэд хоорондын уялдаа холбоог улам бүр бэхжүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх чин зорилт бүхий боломж юм. Өнөөдөр Испани Улсын Мадрид хотноо болж буй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр, мөн дараа дараагийн уулзалтуудаар Азийн түнш болон найз нөхөдтэйгөө дахин уулзахын ерөөлийг дэвшүүлье.
Европ болон Ази тивийн хамтын хүчийг бодит түншлэлрүү хөтлөх цаг нь нэгэнт болсон.
Холбоотой мэдээ