Ерөнхийлөгчийн намуудад барих сюрприз

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн намуудад барих сюрприз

Ерөнхийлөгчийн намуудад барих сюрприз

Одоогоос дөрвөн сарын өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төсөлд санал хүргүүлэхдээ бүх намыг татан буулгах бодолтой байгаагаа УИХ-ын чуулганы хуралдаан дээр онцолж, “Өнгөрсөн 27 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж ирсэн улс төрийн намууд улс орны хөгжлийн дэмжихүйц хэмжээний институц болон төлөвшиж чадаагүйгээс нийгмийн үнэлэмж эрс доройтож, иргэдийг залхаан, үл итгэх нөхцөл байдалд хүргэсэн. Намуудын дотоод ардчилал хангалтгүй, асуудлыг бүлэглэсэн хуйвалдааны журмаар шийдвэрлэх хандлага давамгайлах болсон, оролцооны шударга байдал, үйл ажиллагааны тэгш байх зарчим алдагдсан, санхүүжилт нь ил тод бус зэрэг нөхцөл байдал нь улс төрийн намуудын үнэлэмжийг унагах гол шалтгаан болж байна” гэж байв.

Үнэндээ Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөгийн улс төрийн хамгийн том нөлөө бүхий бүлэглэлийн гол хүн гэж харагддаг, хардагддаг.

Улс төр, бизнесийн бүлэглэл гэх үгийг амны уншлагаа болгосон парламентын “цогтой” тэмцэгчид Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нар шинэ МАНАН-гийн синдикат бүлэглэл. Тэд шударга ёс, Монголын эрх ашиг дээр “эвлэлдэн нэгдсэн” гэж эндүүрэв зээ. Цэв цэнхэр Л.Болд ув улаан болсон нь “нүд улаан мөнгө цагаан”-тай холбоотой.

Үндсэндээ үзэл бодол үнэт зүйлгүй болсон намууд хуваагдаж, дундаас нь мөнгө, эрх мэдэл, эрх ашиг дээр нэгдсэн бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, ил цагаандаа гарсан, тэр нь нийгэм, улс төрийн хямрал болж хувирсны тод жишээ МАН-ын хагарал. Үзэл бодол таарахаа больсон МАН-ынханд мэдээж үнэт зүйл гэж үгүй.

МАН зүүний чиглэлийн социал демократ, АН барууны либерал гэгддэг. Гэвч сонгууль болгоноор тэдний амалдаг нь адилхан, сонгуулийн дараа хийдэг нь ч ижилхэн. Уралдаж идэж, уралдаж амлаж ирсэн АН, МАН-ын рейтинг МИК-ийн судалгаанд нийлээд ч 50 хувиа давж чадахгүй байгаа нь Ерөнхийлөгчийн хэлснээр иргэдийг залхаан, үл итгэх нөхцөл байдалд хүргэсний илэрхийлэл.  Ганцхан Н.Энхбаяр өнөөдөр популизм хийгээд, үнэгүй байр амлаад яваа юм биш.  АН хүртэл цагаа тулахаар популист болчихдог. “Бүх иргэдийн зээлийг тэглэнэ” гэж хоёр жилийн өмнө “ангайтал” авсан нь Ардчилсан нам шүү дээ.  С.Эрдэнийн намын ашиглаад хаясан аргыг нь Н.Энхбаяр ирэх жилийн сонгууль хэрэглэхээр зэхэж буй нь тэр.  “Эх орны хишиг” нэрээр С.Батболдын Засгийн газар гэхэд 800 тэрбумыг салхинд хийсгэснээс үр дагавар нь өнөө ч үргэлжилсээр байгаа. Эндээс харахад өнгөрсөн 30 жилийн хугацаанд өвөр, тэвэртээ орж, гарч ирсний хувьд АН, МАН улаан цэнхэр өнгөнөөс өөр ялгаралгүй болоод уджээ.

Намаар дамжиж албан тушаал эрх мэдэлд хүрдэг бүлэглэлүүд сүүлдээ намыг ашиглаж гэмт хэргээс чөлөөлөгддөг, гэмт хэргээс нь чөлөөлдөг, нийгмийн баялгаас хулгайлдаг, шимдэг, сордог, бүр төрийг хулгайлдаг хүмүүс болсон нь жаран тэрбум ба ЖДҮ-гийн хэрэг явдал. Ц.Сандуйд шүүхээс ял оноосон нь МАН төрийн эрхийг хууль бусаар авсан гэсэн нотолгоо мөн л дөө. Хариуцлагатай, ёс зүйтэй оронд бол МАН үүнийхээ төлөө татан буугдах ёстой юм, даанч Монголын улстөрчдөд ёс зүй гэж байхгүй.

Сүүлийн үед сав л хийвэл “МАНАНгүй Монгол” гэж ярих болсон экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг МАН-ын өвөрт олон ч удаа орсон хүн. Хамтарсан засаг болгонд сайд хийж, албан тушаалд Алтангадас” шиг зоолтой явж ирсэн. Засгийг нь заналтайгаар огцруулсан хүнийхээ хормой дор нуугдсан түүн шиг эрх ашгийн төлөө чөтгөртэй ч нөхцөхөд бэлэн хүний нэг Ц.Нямдорж. Н.Энхбаяраас урвасан шигээ М.Энхболдоос нүүр буруулсан тэрбээр эрх ашиг нь хөндөгдөх юм бол У.Хүрэлсүхээс ч зугатаж чадна.

Монголд 33 нам бүртгүүлснээс парламентад суудалтай хоёр том намаас бусдыг нь институци гэж хэлэхэд бэрх. Нэг компанийн, нэг айлын, нэг хүний нам олон. Жишээ нь, Н.Энхбаярын МАХН бол нэг айлын намын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Б.Эрдэнэбатын “Эрэл” нэг компанийнх. “Үнэн ба зөв” Ш.Сайхансамбуугийнх гээд манай жижгүүдийн бодит байдал нэг ийм. Ийм намуудаас үнэт зүйл нэхээд ч нэмэргүй.

“Нам нь олон нийтийн байгууллага мөн боловч иргэдийн сонголтоор төрийн эрхийг барьж, иргэдийн өмнөөс төрийн шийдвэрийг гаргаж, баялгийн хуваарилалтыг хийдэг онцгой институци тул улс төрийн намуудыг дотоод ардчилалтай, хариуцлагатай, санхүүжилтийн ил тод тогтолцоотой болгох зүй ёсны шаардлага Монголчууд бидний өмнө тулгарч байна” гэж дөрвөн сарын өмнө хэлж байснаараа Ерөнхийлөгч намуудыг татан буулгах хуулийн төслийг санаачилж мэдэх юм.

Ингэвэл нам сандайлсан бүлэглэлүүд ороо нь ороогоороо жороо нь жороогоороо явах боломжтой болно. Яг үнэндээ Ж.Батзандан, Л.Болд, С.Жавхлан нар ШИНЭ нам  байгуулсан нь ороо, жороогоороо нийлсэн хэрэг.

Ардчиллаар овоглож ирсэн АН-д коммунист үзэлтэй гишүүд цөөнгүй бий. Зүүний гэх МАН-д ардчиллыг хайрладаг, хамгаалдаг гишүүд ч байдаг. Гол нь нам гэх хатуу гишүүнчлэл, улаан үнэмлэхгүй болсон тохиолдолд Монголын төрийн алба ядаж л тогтвортой байх болно. Хэрэвзээ, үүнийг хийж чадах юм бол Гашуунсухайтын төмөр замд гай болсон гэж шүүмжлүүлдэг Ерөнхийлөгчийн гавьяа нь тэр байх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж