"Өвлийн өвөө, ээжийг минь архинаас гаргаж өгөөч"

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

"Өвлийн өвөө, ээжийг минь архинаас гаргаж өгөөч"

"Өвлийн өвөө, ээжийг минь архинаас гаргаж өгөөч"

Хүүхдүүд шинэ жилийн баярыг тэсэн ядан хүлээдэг. Учир нь тэд ид шид байдаг гэдэгт итгэдэг. Цал буурал сахалтай өвлийн өвөө цас мөсний орноос цана чаргаа хөлөглөж, цасан охиноо дагуулсаар ирнэ гэж хүлээдэг. Тиймдээ ч тэд өвлийн өвөөд захидал бичиж, авах бэлгээ захидаг биз. Тэд ихэвчлэн амттан, тоглоом, хувцас авахыг хүснэ. Гэвч ийм бэлэг хүсдэггүй хүүхэд бас бий. Тэр өвлийн өвөө байдагт итгэдэг. Гэхдээ хэзээ ч бодитоор уулзаж байгаагүй. Хэрэв уулзвал ээжийгээ архинаас гаргах ганц л хүслээ гуйна. Ийм л өр өвтгөм зүйлийг гунигтайхан ярих охинтой бид уулзлаа.

Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд байрлах нийтийн цагаан байрны урд нэгэн ТҮЦ бий. Энд нэгэн охины эмээ Ж.Янжмаа жижиглэнгийн бараа зарж, хоёр ачдаа дэм болно. Эмээг худалдаа хийх хооронд охинтой цөөн хором ярилцлаа.

-Чи өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэдэг үү?

-Итгэдэг. Гэхдээ харж байгаагүй. Уг нь манай гэрт өвлийн өвөө ирээсэй гэж би хүсдэг.

-Өвлийн өвөөгөөс ямар бэлэг авмаар байна?

-Би бэлэг авахгүй.

-Яагаад?

-Бэлэг авлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Харин ээжийгээ архи уухгүй байгаасай гэж хүснэ. Үүнийг өвлийн өвөө биелүүлж чадах болов уу?

-Биелүүлэх байх аа. Чи ээждээ энэ хүслээ хэлсэн үү?

-Үгүй. Би ээжээсээ айдаг. Манай ээж их ууртай. Архи уучихаад намайг зоддог.

-Чи ээждээ хайртай юу?

-Жаахан л хайртай. Архи уугаагүй үед нь би хайртай болчихдог. Гэхдээ ээж бараг өдөр бүр архи уудаг. Тиймээс би аав, дүү, эмээдээ илүү хайртай.

Наймхан настай жаахан охин ийн ярьж сууна. Энэ талаар түүний эмээ Ж.Янжмаагаас тодрууллаа.

Тэрбээр ярихдаа “Би хоёр хүүтэй хүн. Дээд мэргэжил эзэмшсэн, ажилтай хүмүүс. Энэ хоёр ач маань нэг хүүгийн маань хүүхдүүд. Эхнэр нь архины хамааралтай. Хоёр хүүхдээ хаячихаад л уугаад явдаг юм. Миний хүү том машин барьдаг учир гэртээ байхаасаа байхгүй нь их. Тиймээс энэ жилээс эхлэн би хоёр ачаа өөр дээрээ авсан.

Анх ач охин маань ширээн доогуур орчихоод гарч ирдэггүй байсан. Бие нь энд тэндгүй хөх няц болчихсон байдаг байлаа. Яасан гэхээр ээж нь нүүр, нүдгүй өшиглөчихдөг байсан юм билээ.

Эмэгтэй хүн байж их агсан. Хүү, бэр хоёр нийлээд есөн жил амьдарч байна. Анх бэр маань уудаг л байсан. Хүүхэд гараад гайгүй болчих байх гэтэл улам уусаар одоо бүр цагаандаа гарсан. "Ээж, би архи уучихаад ирье" гээд гардаг. Үхтэл үр харам гэгчээр би одоо хоёр ачаа хүний зэрэгт хүргэх болчихоод байна. Анх ирснээ бодвол хоёр хүүхэд маань дуу шуу ороод, айх аюулгүй сайхан л байна. Хүүхэд ээжээсээ айж өснө гэдэг сайхан зүйл биш. Энэрэл хайраа үзүүлэх нь байг гэхэд архи уухгүй байхад болно шүү дээ. Гэтэл одоо бүр намайг ирж зоддог болсон. Энэ муу ТҮЦ-ийг ирж самарч хаяна, агсам согтуу тавина. Ийм байхад юун шинэ жил бодох манатай” гэсэн юм.

Бяцхан охин дүүтэйгээ эмээгийндээ амьдардаг. Эмээ нь шинэ жилээр гацуур мод чимэглэж өгч чадахгүй. Өмнө нь гэртээ аав, ээжтэйгээ хамт байхад аав нь жижигхэн гацуур мод чимэглэж өгдөг байжээ.

Гацуур дээр тавьсан мөнгийг ээж нь аваад архи уучихна. Жил бүр энэ байдал дахин давтагдана. Тиймээс тэдэнд гацуур мод засаж өгөхөө больжээ.

Биднийг ярилцах үед бага дүү нь хичээлээ тараад ТҮЦ-нд орж ирлээ. Тэр энэ жил нэгдүгээр ангид оржээ. Түүнтэй шинэ жилийн тухай ярилцлаа.

ЖИЖИГХЭН МОД ЧИМДЭГ БОЛОХООР ӨВЛИЙН ӨВӨӨ ГОЛООД БЭЛЭГ ҮЛДЭЭДЭГГҮЙ БАЙХ

-Чи өвлийн өвгөн байдагт итгэдэг үү?

-Үгүй. Тэр чинь зүгээр л энгийн хүн.

-Ид шид байдагт итгэдэггүй гэж үү?

-Үгүй. Өвлийн өвгөн бэлэг өгдөггүй. Харин эмээ, ах эгч нар л өгдөг.

-Гэртээ гацуур мод чимэхэд дуртай юу?

-Дуртай. Гэхдээ жижигхэн мод чимдэг. Тийм болохоор өвлийн өвөө голоод бэлэг үлдээдэггүй байх.

Хүүгээс дахин дахин асууж байж ийм л хариулт авч чадлаа. Тэр ярихыг хүсэхгүй байв. Үүнийг эмээ тайлбарлахдаа “Энэ хоёрыг би багаас нь өсгөсөн. Багадаа их сэргэлэн хөөрхөн хүүхдүүд байсан. Ээж, аавтайгаа хамт байх хугацаанд хүүхдүүд аймхай, зожиг, өөртөө итгэлгүй болжээ. Яриа нь хүртэл том хүн шиг болчихсон. Аргагүй шүү дээ, хажууд нь байнга хэрэлдэж, зодолно. Ээж нь өдөр бүр архи ууна. Янз бүрийн хүмүүс гэртээ авч ирнэ. Дээр нь хүүхдээ зодно. Хүчирхийлэлд өссөн хүүхэд том хүн шиг болчихдог юм байна” гэв.

Ийм насны жаахан хүүхдүүд уг нь ид шид, өвлийн өвөөд итгэдэг шүү дээ. Гэтэл бидний уулзсан бяцхан эгч, дүү хоёр өөр байлаа. Тэдний харц цаанаа л гунигтай, бас айдастай. Эмээгийн хэлдгээр юун шинэ жил. Ээж нь архинаас л хурдан гараасай билээ. Ийм хүслийг бид хүртэл өвлийн өвгөнөөс хүсмээр байлаа.

Зарим хүүхэд шинэ жилийн бэлгээ голж, уурлаж байхад зарим нь аав, ээжтэйгээ амар тайван амьдрахыг л хүсдэг. Хүчирхийлэл хүүхдээс хүүхэд насыг нь хулгайлдаг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж