Засгийн газрын харьяа 11-11 төвд иргэдээс ирүүлсэн санал гомдлыг түүвэрлэвэл, автобусны шинэчлэлтэй холбоотой асуудлыг хөнджээ. Тухайлбал, №1510028646 дугаараар хандсан зочин “Их наран, Улаан чулуут, вокзол” чиглэлийн автобус маш цөөхөн явж байна. Дээрх чиглэлийн автобусыг 30, 40 минут хүлээж байна. Автобусаа нэмж үйлчилгээнд гаргаач ээ” гэдэг хүсэлтийг тавьжээ.
Шинэчлэл хийхийн тулд автобусыг богино эргэлттэй болгосон гэж байгаа ч зөвхөн Их наран-Вокзал” чиглэлээр хязгаарлахгүй өөр бусад чиглэлүүд ч мөн 30-40 минут хүлээж байгаа. Жишээ татвал, “Зүүн салаа-МУБИС” чиглэлийн автобусыг иргэд цаг хагас хүлээж байж үйлчлүүлдэг. Энэ чиглэлд ч автобусны тоог нэмэхгүй бол өвөл болоход бага насны хүүхдүүд гар, хөлөө хайруулж мэдэхээр байгаа юм.
Мөн тус төвд дараах гомдлыг иргэд ирүүлжээ. Үүнд №1510025807 Баянхонгор аймгийн Баянхонгор суманд гэрэлтүүлгийн тендерийн ажил хийсэн.Ажлаа дуусгаад хүлээлгээд өгчихсөн гэтэл явцын дунд эрчим хүчний газраас гэрэлтүүлгийг асаахгүй ажил тасалдуулж байна. Гэрэлтүүлэг хэвийн асаж байхад эрчим хүчний ерөнхий инженер өөрийн эрх мэдлээ ашиглан гэрэл асаахгүй ажил тасалдуулж нэр хүндэд сөргөөр нөлөөлж ажил чанаргүй хийсэн мэт харагдуулж байгаа нь ямар учиртай вэ?.
№1510028379 Сэлэнгэ аймгийн Мандал сумын багш нар байна. Есдүгээр сарын цалинг 40 хувиар өгнө гэж байна. Авахгүй бол буцааж татна гэж байна. Энэ ямар учиртай юм бэ.
№1510024934 Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах хэрэгтэй байна. Нэгдүгээр хороолол орчмоор маш их үнэртэж байна. Хүүхдүүд иргэд хордож байна. Шинэчлэх цаг болсон юм биш үү. Цонх битүү байсан ч гэрт цэвэрлэх байгууламжийн үнэр маш их үнэртэж байна.
№1510028502 Замын хөдөлгөөнд оролцож байгаа машины жолооч нарт торгууль ноогдуулахдаа тухайн үедээ машинаа барьж байсан эсхийг нягталж торгууль бичих хэрэгтэй байна. Өмнө нь камераар шүүхдээ машины эзэн нь мөн эсэх талаар шалгадаг байсан гэтэл одоо машины дугаараар нь шүүж байна. Энэ зарим талаараа учир дутагдалтай байна.
№1510021235 Ерөнхий сайдтай уулзах хүсэлт, Барилга хот байгуулалтын яамнаас дэмжигдсэн барилгын материалын үйлдвэрийн төсөл 10 жилийн хугацаанд 4 Засгийн газраар дэмжигдсэн. Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уг төслийг 3 удаа буцаасан. Энэ асуудлаар уулзах хүсэлтэй байна.
№1510025841 Сэлэнгэ аймгийн Мандал сумын газрын даамалд 2007 онд газар авах хүсэлт өгсөн. Газраа заалгуулж авсан боловч захирамж аваагүй. 2011 оны есдүгээр сарын 22-нд дахин газар авах хүсэлтээ гаргасан боловч захирамж гаргахгүй байна. Манай газрын асуудлыг шийдэж өгөхгүй байж өөр хүнд газар гаргуулж өгсөн байна. Энэ асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.
Г.ХОРОЛ