Сэлгэн суултын 60 хувийг хөнгөлнө

Хуучирсан мэдээ: 2015.10.02-нд нийтлэгдсэн

Сэлгэн суултын 60 хувийг хөнгөлнө

Улаанбаатар хотын хэм­жээнд нийт 440 мянган орчим смарт карт иргэдийн гарт очсон талаар "Улаанбаатар смарт карт" компаниас мэдээлж байна. Нийтийн тээврийн шиэнчлэлтэй холбоотойгоор автобуснуудыг богино эргэлттэй болгож, сэлгэн суулгалтыг үнэгүй болгоно гэж Нийтийн тээврийн газраас мэдээлж байсан. Гэвч энэ ажил бүтэл муутай, өнөөдрийг хүртэл иргэд хоёр дамжихдаа 1000 төгрөг төлж буй. Тэгвэл сэлгэн суулт тутамд нэг удаа зорчих тасалбарын үнийн 60 хувийг хөнгөлөх саналаа нийслэлийн удирдлагуудад "Улаанбаатар смарт карт" компаниас хүргүүлжээ.  Тодруулбал тодорхой хугацааны дараа, эс­вэл зайнаасаа хамаараад дараагийн тээврийн хэ­рэг­сэлдээ суух үед 60 хувийн хөнгөлөлт эдлэх ийм нөхцөлийг иргэдэд олгох саналыг боловсруулсан байна. Энэхүү саналыг батлах эсэхийг нийслэлийн удирдлагууд шийднэ. Товчхондоо ирэх долоо хоногийн пүрэв гаригийн нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлааг уг асуудлыг хэлэлцэнэ гэж эх сурвалжууд мэдээллээ. Үүний дараа  сэлгэн суултын төлбөрийг 100 хувь чөлөөлөх үү эсвэл 60 хувийг нь хөнгөлөх үү, хэзээнээс зорчигчид дээрх хөнгөлөлтийг эдлэх вэ гэдэг нь тодорхой болно.

Харин оюутнуудын тухайд нэг сарын ажлын 22 хоногт өдөрт хоёр удаа зорчих хөнгөлөлтийн картыг 3600 төгрөгөөр тухайн сургуулийнхаа сургалтын алба, оюутны холбоогоор дамжуулан авч эхэлсэн байна. Харин цаашид дээрх хөнгөлөлтийн картаа оюутнууд нэг сард, нэг удаа сунгуулах зарчмаар явах аж. Үндсэндээ оюутнуудын холбогдох мэдээлэл, материалыг цуглуулах ажлыг нийслэлийн Боловсролын газар хариуцан ажиллаж буй юм. Товчхондоо нийтийн тээврээр зорчих оюутнуудын хөнгөлөлтийн картыг тараах ажилд Монголын оюутны холбоог оролцуулах шаардлагагүй гэж төрийн байгууллагынхан үзжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж