Удирдах зөвлөлийн томсгосон 26 тойргийг бүлэг дэмжив

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

Удирдах зөвлөлийн томсгосон 26 тойргийг бүлэг дэмжив

Удирдах зөвлөлийн томсгосон 26 тойргийг бүлэг дэмжив

МАН-ын Удирдах зөвлөл хуралдсаны дараа тус намын бүлэг хуралдсан. Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тогтолцоо болох Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэлэлцжээ.  УИХ-ын сонгуулийг томсгосон 26 тойргоор явуулахыг МАН-ын бүлэг, удирдах зөвлөл дэмжжээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: 

-Өнөөдөр бүлэг Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, тогтолцооны эцсийн шийдвэрийг гаргалаа. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын гишүүд Сонгуулийн тухай хуулийг 50:26 гэсэн хувилбарыг өргөн барьсан. 50 гишүүнийг улс орон даяар жижиг тойргоос, 26 гишүүн улс нэг тойргоос сонгогдох хувилбар юм. Хуулийн төслийг МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлэг хэлэлцээд дээрх хуулийн төслийг хоёр талаар учир дутагдалтай байна гэж үзсэн. Нэгдүгээрт, Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөх нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Хоёрдугаарт, иргэд сонгогчдын зүгээс нөгөө л намын ард нуугддаг систем байна гэсэн шүүмжлэл гарч ирсэн. Иймээс бүлэг 50:26 тогтолцоог дэмжихгүй байх шийдвэр гаргалаа. Сонгосон тогтолцоо нь 1992, 2008, 2012 онд сонгууль явуулж байсан олон мандаттай, томсгосон тойрогтой, мажоритар тогтолцоог сонгож, хуульдаа тусгахыг бүлгийн гишүүд 100 хувь дэмжлээ. Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, лхагва гарагийн 15.00 цагаас Сонгуулийн тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, энэ долоо хоногт багтааж сонгуулийн хуулийг эцэслэж батална гэдгийг тодотгов. Гэхдээ бүлгийн хурлын үеэр томсгосон 26 тойргийг 27 байх уу эсвэл гэдэг асуудал яригдсан байна.

Сонгуулийн тогтолцоо томсгосон тойрог байхаар хуульд тусгах бөгөөд 2020 оны  хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ тогтоол гаргаж, тойрог нь 26, 27 байх мандат нь хэд байх вэ гэдэг шийдвэрийг гаргах юм байна.


НЭМЭЛТ: 13.40

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, том 26 тойргоор 2020 оны сонгуулийг явуулах шийдвэр гаргажээ. Тиймээс Удирдах зөвлөлийн шийдвэрийг 13.00 цагт МАН-ыг бүлэг хэлэлцэхээр болсон байна.

МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН:

-Энэ долоо хоногт УИХ-ын Сонгуулийн хуулийг хэлэлцэх болсонтой холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг хуралдлаа. УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс 50+26 буюу холимог тогтолцоог өргөн барьсан байсан.  Гэтэл энэ хувилбар нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдгийг намын гишүүд хэлсэн. Тиймээс цэвэр мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь зөв гэж үзсэн. Хэт жижиг тойргоор сонгууль явуулсны улмаас төсөв тарамддаг. Тойрог бүр дээр оновчтой, оновчгүй хөрөнгө оруулалт  хийгддэг болсон. Хүн ам цөөнтэй суманд 12 жилийн  сургууль баригдаж байна. жижиг тойргийн явцын  эрх ашиг руу явдаг болсон зүйлийг өөрчлөх нь зүйтэй. Цаашдаа сонгуулийн тойргийг аль болох томсгож, массыг хамарсан сонголт хийлгэдэг болох зарчмыг барьж ажиллаж байна. Ингээд Удирдах зөвлөл ярилцаад 2008 онд явж байсан томсгон мажоритар систем буюу олон мандаттай тогтолцоог дэмжлээ. Бүлгийн гишүүд энэ хувилбар дээр санал нэг байгаа. Энэ хамгийн зөв хувилбар гэж үзэж байгаа” гэв.

Өөрөөр хэлбэл, томсгосон 26 тойрог гэдэг нь нэг аймгийг нэг тойрог гэж үзээд, хүн амын нягтрашилтай газруудыг хуваах байдлаар 26 тойрог бий болгож байна гэсэн үг. Ялангуяа нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүргүүд хүн ам ихтэй учраас хоёр хуваах байдлаар тойргийн зохицуулалт хийхээр тохиролцжээ.

Удирдах зөвлөлийн хуралд намын дарга У.Хүрэлсүх өөрөө оролцсон бөгөөд намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг Удирдах зөвлөлийн гишүүд болон бүлгийн гишүүд дэмжих нь зүйтэй гэсэн саналыг ч хэлсэн байна. Тиймээс ямар нэг эсрэг саналтай хүн байгаагүй учраас Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар томсгосон 26 тойрог дээр тохирчээ.


НЭМЭЛТ: 12.50

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна. Намын удирдлагын зүгээс 50+26 тогтолцоог дэмжих нь зүйтэй гэсэн чиглэлийг намын гишүүддээ өгөөд байгаа юм байна.


МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ, СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО ТОХИРНО

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2019.12.16/ хуралдахаар товложээ. Ингэхдээ МАН-ын бүлгийн хуралдаанаар өмнө хуралдаж, Сонгуулийн хуулийн тогтолцоогоо тохирохоор болсон байна. Энэ долоо хоногт Сонгуулийн тухай хуулиа батлахаар төлөвлөөд байгаа бөгөөд сонгуулийн тогтолцоо буюу 50+26 дээр тохирч чадахгүй байгаа.

Өмнө нь Удирдах зөвлөл хуралдаж, 50+26 тогтолцоог бүлэг санал болгосон ч бүлгийн гишүүд дэмжихгүй гэж жижиг тойргоороо буюу 2016 оны сонгуулийн тогтолцоогоор явах нь зүйтэй гэж шинэ гишүүдийн зүгээс үзэж буй. Гэвч энэ тогтолцоог намын удирдлагын зүгээс дэмжихгүй, 50+26-аараа явна хэмээн гишүүддээ "үүрэг" өгч байгаа сурагтай. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, тодорхой шийдвэрт хүрэхээр товложээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж