"Бөртэ Чоно-2019": Бид тив дэлхийг байлдан дагуулна

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

"Бөртэ Чоно-2019": Бид тив дэлхийг байлдан дагуулна

"Бөртэ Чоно-2019": Бид тив дэлхийг байлдан дагуулна

Монголын үндэсний олимпийн хорооноос жил бүр зохион байгуулдаг Монголын спортын салбарын оны шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно-2019” арга хэмжээ өнгөрөгч долоо хоногт  болж өнгөрлөө. Уншигч та бүхэндээ “Бөртэ Чоно-2019” арга хэмжээнээс шагнал хүртсэн болон шилдэг номинациудад нэр дэвшсэн тамирчдын сэтгэгдэл болон энэ жилийн амжилтуудаа дүгнэсэн яриаг хүргэе.


ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН, ХАМГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧИН ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭН Э.ЦЭНДБААТАР

-Сэтгэгдэл маш өндөр байна. Ийм нэр хүндтэй шагнал авсандаа маш их баяртай байна. Өндөр хариуцлага ирж байна. Монголын ард түмний минь сонгосон шилдгийн шилдэг “Бөртэ Чоно” шагнал авсан маань маш их хариуцлага. Монголын ард түмнийхээ итгэлийг алдахгүй ээ. Алдахгүйн төлөө маш их хичээх болно. Маш их баяртай байна. Энэ жилийн хувьд оролцсон бүх тэмцээнээсээ медаль хүртлээ. ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн, ганц ялагдал маань байлаа. Энэ жилийн УАШТ-ий -63 кг-ын дээд жиндээ ороод, мөнгөн медаль авсан. ОУХМ, Азийн наадмын мөнгөн медальт Чинзоригтой сайхан тоглосон.

-Ирэх оны олимп, ирээдүйн төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Хоёрдугаар сард Хятадын Вухан хотод олимпийн эрх олгох тэмцээн болно. Ямар ч байсан Токиогийн олимпийн дараа мэргэжлийн бокст хүч үзнэ гэсэн зорилготой байна.

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН – М.АНХЦЭЦЭГ (ХҮНДИЙН ӨРГӨЛТ)

-Сэтгэгдэл маш өндөр байна. Дөрөв дэх удаагаа Бөртэ-чоно шагналыг хүртлээ. 2015 онд шилдэг залуу тамирчин, 2016 болон 2017 онд шилдэг эмэгтэй тамирчин болсон. Өнөөдөр шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болсондоо маш их баяртай байна. Юуны өмнө төрүүлж өсгөсөн аав ээждээ, мөн энэ амжилтад хөтөлсөн багш нар, арван жилийн багш нар Хосбаяртаа,  Монголын соёл шинжлэх ухаан спортын яам, Архангай аймгийн нутгийн зөвлөл, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Монгол жонш, Есүйдийн батууд, Үнэн анд, Perfect future, Гурван гал эмнэлэг, Мөнгөн гүүр эмнэлэг, Талст төв болон Гэгээн хийморь төвийнхөө хамт олонд маш их баярлалаа. Өнөөдөр миний энэ авсан цом, миний амжилт энэ хүмүүстэй, мөн хүндийн өргөлтийн спортыг хүндэлж хайрлаж, үздэг хүмүүстэй салшгүй холбоотой юм шүү гэж хэлмээр байна.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН –С.БАТЦЭЦЭГ ( ЧӨЛӨӨТ БӨХ)

-"Бөртэ чоно"-ын эзнээр гурав дах удаагаа шалгарч байна. Энэ шагналыг авсандаа маш их баяртай байна. Энэ олон амжилтыг гаргахад тусалж дэмжсэн, чөлөөт бөхийн спорт ямар сайхан болохыг ойлгуулж, энэхүү замналыг маань зөв тавьсан, сайхан бүхнийг ерөөж өгсөн ахмад үеийн тамирчдадаа маш их баярлалаа. Мөн багш дасгалжуулагч, хамтран зүтгэдэг нэг жинд барилддаг өрсөлдөгчдөдөө, чөлөөт бөхийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье. Энэ жилийн хувьд дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Хоёр чухал олон улсын тэмцээндээ түрүүллээ. Ямартай ч тамирчин хүмүүсийн хүсэл мөрөөдөл болсон олимпийн эрхээ авлаа. Монгол Улсдаа олимпийн эрх авчирсандаа маш их баяртай байна.

-Олимпийн бэлтгэлдээ гарсан уу?

-Бэлтгэлээ хийж байна.

-Он гараад Олимпийн өмнө ямар тэмцээнд орох төлөвлөгөөтэй байна вэ?

-Хэд хэдэн тэмцээнд орохоор төлөвлөсөн.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН – Д.ДЭЛГЭРНЯМ (3Х3 САГСАНБӨМБӨГ)

-Бидний хувьд энэ 2019 он маш их хүнд  жил болж өнгөрлөө. Учир юу вэ гэвэл 2020 оны  Токиогийн олимпод оролцох эрхийн оноо цуглуулах маш хариуцлагатай жил байсан. Бидний хувьд хоёр ч тэмцээнд болон дэлхийн Гран-При тэмцээнд хоёр, гуравдугаар байранд орсон, нэг Их дуулгын тэмцээнд дөрөвдүгээр байранд орсон. Хамгийн сүүлд Жежүгийн дэлхийн Гран-Прид түрүүллээ. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, гурав дах удаагаа финалдсан амжилттай байлаа. Манай багийн хувьд уг нь Олимпод эхний дөрвөн багт эрх өгнө гэхэд эхний дөрвөн багийн нэг байж чадсан ч зохион байгуулагч орон “цагаан хуудас”-аар бидний өмнүүр орсон. Гэхдээ бидэнд 2020 оны гуравдугаар сард бас эрх авах боломж бий.

-Олимпийн эрх авах тэмцээний бэлтгэлдээ гарсан уу?

-Арваннэгдүгээр сарын дундуур бид ерөнхийдөө олимпийнхоо бэлтгэлд гарсан. Он гараад Серби рүү бэлтгэлд гарах төлөвлөгөөтэй байна.

ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ –  С. ТУЛГА (3Х3 САГСАНБӨМБӨГ)

-Ямар ч байсан гурван "Бөртэ чоно"-ын эзэд боллоо. Өндөр залуус спорттой боллоо. Чөлөөт бөх, жүдо, бокс гээд топ-4 байсан бол одоо топ-5 боллоо. Бид цааш цаашдаа маш ихийг бүтээнэ. 13-р зуунд дэлхийн талыг байлдан дагуулж байсантай адил үр сад бид хамтаараа, багаараа тив дэлхийг байлдан дагуулж давалгаалуулах болно. Ирэх олимпод, дараа жилийн өдийд сайхан мэдээтэй уулзах болно гэж найдаж байна. Энэ жил дэлхийн 205 холбооны хурал болсон нийт FIBA буюу Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны дөрвөн жилд нэг удаа болдог конгресст манай холбоо 205 холбооноос хамгийн хурдацтай хөгжиж буй холбоогоор тодорсон. Бусад жижиг үзүүлэлт гэвэл Ази болон далайн орон олимпийн таван цагиргийн шар болон ногоон цагираг дээр гурав дах удаагаа финалдлаа. Хүүхдүүд маань өсвөрийн Монголд болсон ДАШТ-д зургадугаар байранд орлоо. 23 насны эмэгтэй ДАШТ-д тавдугаар байранд орсон. Насанд хүрэгчид маань анх удаа Ази тивээс дэлхийн Гран-Прид түрүүлсэн анхны Улаанбаатар ММС Энержи баг боллоо шүү дээ. Дэлхийн Гран-Пригийн “Үнэ цэнэтэй тоглогч” болсон анхны Ази тоглогчоор Дэлгэрням шалгарлаа. Ярих юм бол маш олон олон амжилтын эзэд боллоо. Олон улс, тив дэлхийн 16 тэмцээнд медальт байранд орсон байна. Ямар ч байсан манай гэр бүл, манай 3х3 хамт олон маш амжилттай сайхан оныг өнгөрөөж байна. Хамгийн том зүйл бол хүн төрөлхтөний цэнгэлийн манлай олимпод багийн спортоор монголчууд минь орох гэж байна. Эмэгтэй баг маань олимпийн эрх авсан он жил өнгөрч байна. 1964 онд Японд монголчууд спортоор анх удаа олимп гэдэгт оролцож байсан. 2020 онд Токиод Монголын баг багийн спортоор оролцох гэж байна. Наймхан баг орно. Шууд шилдэг найман багийн нэгээр манай эмэгтэй шигшээ тодорсон байгаа.

-Он гараад ямар томоохон тэмцээн уралдаан болох вэ?

-Энэ улиралд манай 3х3 олимпоос хойш дэлхийн топ-5 спортын нэг болж байна. Манай эрэгтэй багийн хувьд эрхийн тэмцээн байгаа. Шилдэг 20 багаас гурван эрх олгох тэмцээн бий. Тэндээс авахгүй бол дараа нь Унгарын Будапешт хотод болдог дэлхий, Азийн аваргууд биднийг хүлээж байна. Тэр тэмцээнүүдэд манай эрэгтэй, эмэгтэй багууд хосоороо оролцоно доо.

ШИЛДЭГ БАГ – 3Х3 ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ

-Манай эмэгтэй шигшээ багийн хувьд 2019 оны хамгийн эхний тэмцээн Азийн аваргад явсан. Азийн аваргын шилдэг дөрөвт үлдээд, дөрөвдүгээр байранд, цаашлаад ДАШТ-д анх удаа орсон. Энэ нь багийн спортоор анх удаа эмэгтэй шигшээ баг ДАШТ-д орсон түүхэн үйл явдал болсноороо онцлог байлаа. Эмэгтэй шигшээ баг маань Азийн клубуудын тэмцээнд хоёрдугаар байрт орон өмнөх амжилтаа ахиулсан. Энэ жилийн хувьд иймэрхүү өнгөрлөө. Мөн олимпийн эрх авсан түүхэн оныг үдэж байна.

-Олимпийн бэлтгэл хир байна вэ?

-Бэлтгэлдээ гарсан, дажгүй байгаа.

ШИЛДЭГ ШҮҮГЧ  – Э.САРУУЛ (БАЙТ ХАРВАА)

-Маш их баяртай байна. 2013 онд анх Ази тивийн шүүгч болж байсан. 2014 онд олон улсын шүүгч болсон. Өнгөрсөн зун оюутны их наадам дээр, өнгөрсөн арваннэгдүгээр сард Азийн аварга шалгаруулах тэмцээн дээр ажилласан. Тэр тэмцээнээс манай баг хамт олон бас 2020 оны Токиогийн олимпод орох эрхээ авсан.

ШИЛДЭГ СПОРТЫН КЛУБ – О.БОЛД-ЭРДЭНЭ ГАРУДА АКАДЕМИ (ЖЮҮ-ЖИЦҮ)

-2019 оны спортын салбарын дүнгээ тавьдаг том арга хэмжээ бол Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулдаг “Бөртэ Чоно” арга хэмжээ байдаг. Монголын жиү-жицү холбооны хувьд энэ жил түүхэн амжилттай жил байлаа. Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 30 орны цар хүрээтэй эх орондоо зохион байгууллаа. Мөн хилийн чанадад олон улсын дөрвөн тэмцээнийг бие даан зохион байгуулсан зэрэг амжилт үзүүллээ. Энэ “Бөртэ Чоно” арга хэмжээнд Монголын жиү жицү холбооны ууган академи Гаруда академи маань шилдэг спортын клуб шагналд нэр дэвшиж, шилдэг “Бөртэ Чоно”-ын эзэн болсонд баяртай байна. Гаруда академийн минь амжилт гэвэл энэ жил улсын аварга баг, Сөүлд болсон Азийн нээллтэй тэмцээний шилдэг багаар, шилдэг клубээр шалгарсан амжилттай. Мөн Эрхүүгийн олон улсын тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн зэрэг амжилтуудаараа Гаруда академи маань шилдэг клуб боллоо, баяртай байна.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН НОМИНАЦИТ ӨРСӨЛДСӨН – Б.ШООВДОР  (ЧӨЛӨӨТ БӨХ) ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТ

-2019 оны амжилтуудаа эргэн нэг дүгнэвэл?

-Тэгэлгүй яах вэ. ДАШТ-ээс медалиа хос болгож, хүрэл медаль авсан.

-Олимпийн эрхийн бэлтгэлдээ гарсан уу?

-Он гараад УАШТ болно. Одоогоор чөлөөт бөхийн баг тамирчид маань нэгдсэн журмаар байрлан, бэлтгэл сургуулилтаа хийж байна.

-Ойрын томоохон тэмцээн уралдааны тухайд?

-УАШТ байна. Тэндээсээ шалгарвал олимпийн эхний эрхийн тэмцээндээ явна даа.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН НОМИНАЦИТ ӨРСӨЛДСӨН -Ц.ЦОГТБААТАР (ЖҮДО) – АЗИЙН АВАРГА, ПАРИСИЙН ИХ ДУУЛГЫН МӨНГӨН МЕДАЛЬТ

-Миний хувьд энэ жил 2019 оны хоёрдугаар сард болсон "Парисын их дуулга"-аас -73 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн. Дөрөвдүгээр сард болсон ААШТ-д дэлхийн аварга Ан Чан Римийг ялж, Азийн аварга болсон. ДАШТ-д оролцсон зэрэг амжилтууд байна.

-Цаашдын зорилгоосоо бидэнтэй хуваалцахгүй юү?

-Олимпдоо бэлдээд, багахан хэмжээний гэмтэл авсан. Бэлтгэл сургуулилтаа сайн хийж чадахгүй л байна. Гэхдээ олимпийнхоо оноог авсан, олимпод орох оноондоо байгаа. Бэлтгэлээ хийгээд байж байна даа.

ШИЛДЭГ БАГ НОМИНАЦИД ӨРСӨЛДСӨН -3Х3 САГСАН БӨМБӨГ ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ – ЖЭЖҮГИЙН ГРАНПРИ ТЭМЦЭЭНИЙ АВАРГА, АЗИ ТИВИЙН МӨНГӨН МЕДАЛЬ, ИНЖЭ ДЭЛХИЙН ГРАНПРИ ХҮРЭЛ МЕДАЛЬ, МАНИЛА ДЭЛХИЙН ГРАНПРИ ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЛОС АНЖЕЛЕС ДЭЛХИЙН ИХ ДУУЛГА ХҮРЭЛ МЕДАЛЬ

-"Бөртэ Чоно" наадамд манайх багаараа гурав дах жилдээ орж байна. Энэ жил бас өргөн хүрээтэй болж, бид болон 3х3 холбоо маань олон "Бөртэ Чоно" шагналын эзэн боллоо. Эмэгтэй баг маань бас энэ жил олимпийн эрхээ аваад, "Бөртэ Чоно" шагналын эзэд боллоо. Мөн манай С.Тулга дасгалжуулагч шилдэг дасгалжуулагчболлоо. Эрэгтэй шилдэг тамирчнаар манай "Улаанбаатар ММС энержи" багийн ахлагч Дэлгэрням маань тодорлоо. 2019 он ерөнхийдөө маш өгөөжтэй жил боллоо.

Б.МӨНГӨНТАМИР
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж