Улс төрийн буруу шийдвэр улсаа нураадаг жишээ цөөнгүй бий. Авсан өрөө төлж чадахгүй дампуурлын ирмэгт яваа Грек, газар нутгаа барьцаанд тавиад Хятадад тасдаж өгсөн Тажикстаны жишээг бид мэднэ. Бас хөрөнгө оруулалт татах нэрээр улсын үндэс болсон газар нутгаа бусдад “бэлэглэчихсэн” бэлээхэн жишээ дэлхийн олон оронд бий. Харамсалтай нь, энэ олон жишээг мэдсээр байж монголчууд тойрч гарч чадахгүй дайрч гарах аюул тулаад буйг энд өгүүлэх гэсэн юм.
“Газар бол улсын үндэс мөн” гэж Модун Шаньюй зарлигдаж, “Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж Галдан Бошигт захиж байсан нь өнөөгийн УИХ-д хамаагүй бололтой. Ардын хувьсгал ялсан түүхт ойн өмнөхөн, бүр тодруулбал Үндэсний их баяр наадмын босгон дээр улсаа худалдах шийдвэрийг УИХ баталсан нь одоо нэгэнт ил болжээ. Энэ бол 2015 оны долдугаар сарын 2-нд УИХ-ын ард түмнээс “хулгай”-гаар баталсан Халх голын хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тухай 75 дугаар тогтоол юм.
Өмнө нь Замын-Үүдэд чөлөөт бүс байгуулна гэж хоосон хашаа хатгаж орхисон, улмаар Алтанбулаг, Цагааннуурт худалдааны чөлөөт бүс байгуулна гэж хэдэн тууз хайчилсныг эс тооцвол Монголд чөлөөт бүс бодитоор үр өгөөжөө өгсөн удаагүй. Гэтэл энэ удаад өвөг дээдсийнхээ алтан амиар авч үлдсэн Халх голын эдэлбэр газрыг чөлөөт бүс нэрээр харийнханд найр тавин бэлэглэх гэж байна.
Ямар ч эдийн засгийн тооцоогүйгээр улсын үндэс болсон газар нутгаа, тэр тусмаа экологийн арвин нөөц бүхий эдэлбэр газраа бусдад өгөх шийдвэрийг УИХ-аас гаргаад байна. Тэнд 5 га биш, 50 га ч бус, бүр 500 га газар ч биш, 500 000 га газрыг чөлөөт бүс нэрээр хашаалж, тэгээд гадаадын иргэдээр ашиглуулах шийдвэр гаргасныг Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ынхан эрс буруушааж, нийгэм ч тэднийг дэмжиж буйг энэ өдрүүдэд үргэлжилж буй үйл явдлууд баталж байна. Нэг иргэндээ 0.07 га газар өмчлүүлнэ гэж тооцвол Халх голын 500 мянган га газар нь 7.1 сая хүнд өмчлүүлэх хэмжээний том газар нутаг. НҮБ-д бүртгэлтэй 200 гаруй улсын дөрөвний нэг нь 500 мянган га талбайгаас жижигхэн газар нутаг дээр оршин тогтнож байна. Гэтэл бид ийм хэмжээний газар нутгаа, хойч үедээ үлдээх асар их байгалийн баялгаа маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэх байдлаар бусдад найр тавих нь зөв үү. Энэ асуултыг Хөдөлмөрийн үндэсний намынхан, Дорнод аймгийнхан, монголчууд энэ асуудлыг өргөн барьсан Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, төслийг нь баталсан УИХ-аас асууж байна.
Халх голд яагаад чөлөөт бүс байгуулж болохгүй вэ гэсэн асуултад УИХ, Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас бусад нь бүгд эдийн засгийн тооцоо судалгаатай, байгаль экологийн асуудлаар нарийн мэдээлэлтэйгээр хариулж байгаа. Хөдөлмөрийн үндэсний намын дэргэдэх “Хөгжил хүн” бодлого судалгааны хүрээлэн болон эрдэмтдийн хамтран хийсэн судалгаагаар ч Халх голд чөлөөт бүс байгуулах нь ямар ч ашиггүй, эдийн засгийн тооцоогүй болох нь батлагдсан. Мөн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж эрдэмтдийн судалгаанд үндэслэн санамж зөвлөмж гаргасан. Уг зөвлөмж болон судалгааний тайлан, дүгнэлтийг албан ёсоор УИХ-ын нийт гишүүдэд хүргүүллээ. Алдаатай бодлогоо залруулахыг, эргэж харахыг хүссэж байна. Хэн нэгний ашиг сонирхол, хэсэг бүлгийн бизнесийн эрх ашгийн төлөө Монгол Улсын үүц болсон газар нутгаа бусдад найр тавин өгч болохгүйг тус намынхан судалгаатай, дүгнэлттэй баталж байна. Мөн тус намынхан улс орны язгуур эрх ашигт нийцэхгүй ийм шийдвэрийг хүчингүй болгохын төлөө тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. Халх голын газар шороо ХҮН намд баярлаж байна. Мөн нутгийн ард иргэд, монгол түмэн баярлаж байна.
Т.ТУЯА