Исламын шашингүй цагаачдын тухай хууль үймээн дэгдээв

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

Исламын шашингүй цагаачдын тухай хууль үймээн дэгдээв

Исламын шашингүй цагаачдын тухай хууль үймээн дэгдээв

Энэтхэг улсын парламентын дээд танхим исламын шашингүй хууль бус цагаачдад иргэншил олгох хуулийн төслийг баталсан нь ихээхэн маргаан дагуулаад байна. Уг хуулийн дагуу Энэтхэг улсад хууль бусаар орж ирсэн Бангладеш, Пакистан, Афганистан улсын исламын шашинт бус иргэд тус улсын харьяат болох боломжтой болж байгаа юм. Энэ хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал, тэмцэл Энэтхэгийн зүүн хойд бүс нутгуудад өрнөж, иргэд шашнаар ялгаварлан гадуурхаж, иргэншил олгож буйг эрс эсэргүүцжээ.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ч уг хуулийг хүмүүсийг үндэс угсаа, шашин шүтлэгээр нь ялгаварласан шийдвэр хэмээгээд, Энэтхэгт болж буй үйл явдалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.

Афганистан, Бангладеш болон Пакистаны исламын шашны шүтлэггүй хууль бус цагаачдад иргэншил олгохыг зөвшөөрөх хуулийн төслийн талаарх парламентын дээд танхимын санал хураалтад 125 гишүүн оролцсоноос 105 гишүүн дэмжжээ. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэгдэж байх үед Энэтхэгийн Трипура болон  Ассам зэрэг Бангладеш улстай хил залгаа мужуудад иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн байна.

Жагсагчид уг хуулийн төслийг ялгаварлан гадуурхалтын талаарх баримт бичиг болоод байгааг илэрхийлсэн бол тус улсын засгийн эрхийг баригч Бхаратия Жаната /BJP/ нам  шашны үзлээсээ үүдэн эх орноо орхин дүрвэж байгаа исламын шашинт бус иргэдэд боломж олгосон алхам гэж хариу мэдэгдэж байгаа юм. Трипура мужид цэрэг цагдаагийнхныг тараан байрлуулаад байгаа бол Ассам мужид жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ.

Энэтхэгийн Бангладеш улстай хил залгаа мужийн иргэд энэ хуулийн төслийг ихээхэн эмзэг хүлээн авч байна. Учир нь дээрх мужуудад Бангладеш улсын исламын шүтлэггүй цагаач иргэдийн тоо эрс нэмэгдэнэ гэж болгоомжилж байгаа юм.

ТАВАН ӨДРИЙН ҮЙМЭЭНИЙ ҮЕЭР ЗУРГААН ХҮН АМЬ ҮРЭГДЭВ

Эмх замбараагүй байдлын үеэр цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болж, жагсагчид гудамж талбайд машин автобусуудыг шатааж, цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулагч хий ашиглав. Нийт таван өдрийн үймээний үеэр зургаан хүн амиа алдаж, хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Бенгалд жагсагчид гол хурдны замыг хаажээ. Мөн тус улсын нэр хүндтэй сургуулиудын нэг Жамиа Миллиа Исламия их сургуулийн оюутнууд эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн байна.

Их Британи, АНУ, Канад улсууд Энэтхэгийн зүүн хойд зүгт аялж буй иргэддээ аяллын анхааруулга өгч, Япон улсын Ерөнхий сайд тус улсад өрнөөд буй үймээн самуунаас үүдэн айлчлалаа цуцлав.

ЭНЭ БОЛ НАРЕНДРА МОДИГИЙН ХЭТ ҮНДСЭРХЭГ ҮЗЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ ШИЙДВЭР

Ажилгүйдэл, эдийн засгийн өсөлт саармагжих, автомашины борлуулалт удаашрах, тариаланчдын амьдрал доройтох зэргийн аль нь ч энэ оны эхээр болсон парламентын сонгуульд Энэтхэгийн эрх баригч Бхаратия Жаната нам (BJP) ялах хөшүүрэг биш байж гэдгийг одоо тус улсад өрнөөд буй үйл явдлаас харж болохоор байна.

Ажиглагчид, шинжээчид ерөнхийдөө Нарендра Модиг дахин сонгогдоно гэж харж байсан ч тэр төсөөлснөөсс илүү хүчирхэгжин гарч ирсэн юм. Түүний энэ илт давуу ялалтын гол шалтгаан нь үндсэрхэг үзэл. 2014 оны сонгуультай харьцуулахад түүнд саналаа өгсөн хиндү шашинтнуудын тоо огцом өссөн байгаа юм.

СОЁЛЫН ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ

BJP намын үзэл суртал соёлын үндсэрхэг үзэл дээр тулгуурладаг. Соёлын үндсэрхэг үзэл нь Хиндү үндэстнүүд, тэдний хэл соёлын өв, соёл, нутаг дэвсгэр угсаа гарлаараа бахархах үндэстний үзэл санаанаас үүдэлтэй. "Хиндутва" гэж нэрлэдэг уг үзэл суртлын хүрээнд Засгийн газраас санскрит хэлийг сургуулиудад сурталчлах, йога болон  Аюрведагаар дамжуулан дотооддоо болон гадаад улс орнуудад энэ соёлыг түгээхийг оролдож буй нь Нарендра Модигийн үндсэрхэг үзлийн бодлого баримталж байгааг илхэн харуулж байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж