Ургац хураалт хэвийн байна

Хуучирсан мэдээ: 2015.10.02-нд нийтлэгдсэн

Ургац хураалт хэвийн байна

Ургац хураалтын ажил ид өрнөж байна.  Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас гаргасан урьдчилсан балансаар энэ онд 265 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай хураан авах төлөв гарсан бөгөөд хүн амын гурилын 58.2 хувийг хангах хэмжээний буудай хураан авах юм. Харин гурилын хэрэгцээнд дутах 106.4 мянган тонн буудайн нөөцийг бүрдүүлэхийн тулд гаднаас импортлохоор болсон байна. Ингэхдээ гурилт үйлдвэрлэгчдэд нэгэн шаардлага тавьж байгаа аж. Тодруулбал, дотоодын тариаланчдын тарьсан стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг худалдаж авсан хэмжээгээр импортын буудай олгох гэнэ. Цаг агаарын нөхцөл байдал өнгөрсөн сарын 29-нөөс аравдугаар сарын 1 хүртэл хүйтэн сэрүүн, хур тунадас ихтэй байсан. Тиймээс эдгээр өдрүүдэд ургац хураалтын явц удааширч  нийт нутгаар ургац хураалт зогсолтын байдалтай байсан гэж Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байна. Харин аравдугаар сар гарсаар цаг агаар харьцангуй дулаахан, тогтуун байгаа учир тариаланчид ургац хураах ажилдаа шамдан орсон байна. Одоогийн байдлаар нийт нутгаар үр тарианы хураалт 37,1, төмс 75,6, хүнсний ногоо 74,7 хувьтай байгаа юм. Цаг агаарын урьдчилсан төлөвөөс хархад аравдугаар сарын 5-нд Баян-Өлгий аймгийн нутгаар, 6-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 7-нд төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс эдгээр өдрүүдэд багтаан ургац хураалтын ажлаа дуусгах шаардлагатай байгааг холбогдох албаны хүмүүс сануулж байна.

 Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж