"Сэтгэлийн хямралаа давж чадахгүй шашны үйлчилгээ авдаг" | News.MN

"Сэтгэлийн хямралаа давж чадахгүй шашны үйлчилгээ авдаг"

"Сэтгэлийн хямралаа давж чадахгүй шашны үйлчилгээ авдаг"

"Сэтгэлийн хямралаа давж чадахгүй шашны үйлчилгээ авдаг"

Бид өглөөнөөс үдэш хүртэл утас “тэвэрч” өөрсдийгөө ч анзаарах завгүй амьдралаа ачааллаж байдаг. Судалгаагаар гар утас хэрэглэдэг таван хүн тутмын дөрөв нь өглөө сэрэнгүүтээ хамгийн түрүүнд утсаа шалгадаг нь тогтоогджээ. Энэ нь бид цахим хэрэглээний “боол” болсныг илтгэж буй. Өөрөөр хэлбэл, дэлгэцийн хэрэглээ, бидний идэх, унтах зэрэг амин хэрэгцээтэй ижил түвшинд үнэлэгддэг болсон байна. Түүнчлэн өдрийн ихэнх цагийг гар утастайгаа нөхөрлөж өнгөрөөснөөс амьд харилцааг үгүй хийж, “алтан” цагийг дэмий урсгаж буй хэрэг. Цаашлаад энэ нь гэр бүл, нийгмийн харилцаанд ч сөргөөр нөлөөлнө.

Дэлгэцээс ялгардаг туяа тархины сэргэг мэдрэлийн төвийг өдөөдөг учир хүний амрах хэмнэл алдагдаж, нойр хулжих, стресс үүсэх үр дагаврууд нэмэгддэг болохыг эмч мэргэжилтнүүд анхааруулдаг. Харин стрессээ зөв тайлж чадахгүй бол энэ нь сэтгэцийн тулгамдсан асуудал, цаашлаад сэтгэцийн эмгэг болох хандлагатай. Энэ талаар бид улиг болтлоо сонсч, хангалттай мэддэг юм шиг атал дэлгэцийн ард нуугдсан аюулыг үл анзаарч буй. Энэ талаар Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэлзүйч Ц.Билгүүнтэй ярилцлаа.


-Цахим орчны хэрэглээ хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар өнөөдрийн ярилцлагаа эхлүүлье. Танай хүрээлэнд хүмүүс ихэвчлэн ямар асуудлаар хандаж байна вэ?

-Өсвөр нас бол өөрийгөө олж эхэлдэг үе болохоор бие махбодийн хувьд маш олон өөрчлөлт хөгжил явагддаг. Үүнийг дагаад сэтгэлзүйн хувьд тогтворгүй байх шинж илэрдэг. Сүүлийн үед технологийн хөгжилтэй холбоотойгоор интернет, сошиал орчны хамааралтай болох, компьютер тоглоомд донтох үзэгдлүүд гарч байна.

Энэ нь зөвхөн өсвөр насныхан ч биш бага насны хүүхдүүдээс эхлэн дэлгэцийн хамааралтай болж эхэлсэн. Учир нь аав, ээж нарын цахим орчны буруу хэрэглээ, үлгэр дууриал, хүүхдэдээ тавих анхаарал халамж сул байгаагаас хүүхдүүд гар утас, компьютерээс хамааралтай болж байна. Нөгөө талаас технологийн хөгжил нь өнөөгийн бидний амьдралын онцлогийг дагаж дэлгэцээс хамааралтай байхаас өөр аргагүй байгаа юм. Бид ч бас дэлгэцийн хамааралтай л болчхоод байна шүү дээ. 

Манай  хүрээлэнд  хандаж буй хүмүүс сургуулийн өмнөх наснаас эхлэн ахлах ангийн сурагчдад бие хүн танин мэдэхүйн онцлог, хувь хүний онцлогийг тодорхойлуулах зорилгоор үйлчлүүлдэг. Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд хэрхэн бэлдэх вэ, хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ гэдэг асуудлаар хандаж байна. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд болон эцэг, эхийн хоорондын харилцааны зөрчил, хүүхэдтэйгээ ярилцах, хүүхдээ сонсох, өсвөр насны хүүхдүүд олон нийтийн газар биеэ зөв авч явах талаар зөвлөгөө авдаг. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ойлголцохгүй байх, эсвэл манай хүүхэд хэтэрхий дуугүй, бүрэг ноомой байна гэх мэт зан төлвийг нь тодорхойлуулахад анхаардаг.  Оношилгоо, зөвлөгөө авахаар өдөрт дунджаар таван хүүхэд эцэг эхтэйгээ үйлчилгээ авдаг. Сургуулийн өмнөх насны болон өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн хандаж байна.

-Өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байна гэх судалгаа гарч байсан. Энэ нь хэр үнэн бодитой вэ. Шалтгаан нь юунаас болж байна вэ?

Өсвөр насны хүүхэд бүр сэтгэл зүйн хямралтай байна гэж харж болохгүй. Хувь хүний онцлог нас юм. Тиймээс ар гэрийн хүмүүжил, эцэг эхийн оролцоо, олон нийтийн дунд оролцох идэвхээс шалтгаалан өсвөр үеийнхэнд тодорхой хэмжээний асуудал үүсч болно. Сэтгэлзүйн хямралд тодорхой хувь нь л өртдөг. Өсвөр насанд аливаа зүйлийг эмзэгээр хүлээн авч, сэтгэлзүйн хямралд ордог.

Дэлгэцийн хамаарал, сошиал орчны хязгааргүй хэрэглээгээрээ нас, хүйсийн хувьд онцлог ялгаатай юу. Бүгд ижилхэн цахим орчинд донтож байна уу?

Дэлгэцийн хамаарал, цахим орчны хэрэглээнд ихэвчлэн өсвөр насныхан болон ганц бие эмэгтэйчүүд дэлгэцийн хамааралтай болох хандлага байдаг гэх судалгаа бий. Насанд хүрэгчдийн болон хүүхдүүдийн хувьд дэлгэцтэй харилцах тодорхой хугацаатай. Хүүхдүүдийн хувьд хоёр цагаас илүү гар утас, компьютер хэрэглэхээс татгалзахыг эмч нар зөвлөдөг. Насанд хүрэгчид өдөр тутмын ажлын болон бусад шаардлагаар олон цагаар гар утас, компьютертэй харьцаж байдаг. Хамгийн гол нь дэлгэцийн урд юу хийж байна вэ гэдэг нь л чухал.

Ажлын шаардлагаар компьютер дээр ажиллаж байгаа бол дэлгэцийн хамааралтай гэж хэлэх боломжгүй. Харин ямар ч зорилгогүйгээр интернет хайлт хийх, үр бүтээмжгүй цахим орчинд тогтмол пост нийтлэх, тодорхой цагийн хуваарьгүйгээр компьютер тоглож байгаа бол энэ нь эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд дэлгэцийн хамааралтай болгож  байгаа юм.

-Цахим орчинд нийтлэгдэж буй сөрөг мэдээллүүд хүүхдийн сэтгэл зүйд хэр нөлөөлөх вэ?

-Мэдээж сөрөг мэдээлэл, зураг нь хүүхдийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлнө. Буруу зүйлд уруу татагдах, хорт зуршилтай болох, улмаар амиа хорлоход ч хүргэж болно. Ийм тохиолдол зөвхөн Монголд биш дэлхийн улс орнуудад маш олон гарч байсан. Жишээ нь, цэнхэр халим олон хүүхдийн аминд хүрч, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа шүү дээ. Эндээс харахад өсвөр насны хүүхдэдээ эцэг эхчүүд анхаарлаа хандуулж, цахим орчныг нь хянах хэрэгтэй. Цахим хуудсыг нь хянах маш олон арга байдаг. Тухайлбал, гэрийнхээ интернет хайлтыг хязгаарлах боломжууд байна, эцэг эхчүүд хүүхдээ ямар хүүхэдтэй найзалж байгааг хянадаг байсан бол сошиал сүлжээнд бүртгэлтэй хаягаар нь ямар хүмүүстэй харилцаж байгааг, хайлт хийсэн мэдээллүүдийг нь хянаж болно. Ингэснээр хүүхэд нь интернет орчныг зөв ашиглаж байна уу, үгүй юу гэдгийг мэдэх боломжтой. Ер нь нийгмийн сүлжээнүүд өсвөр насныхныг хамруулахад чиглэсэн байдалтай үйл ажиллагаа явуулдаг нь ажиглагддаг. Яагаад гэхээр 30-аас дээш насныхны хувьд бага насанд нь интернет байгаагүй. Одоо интернетийн эрин үед 2000 оноос хойш төрсөн хүүхдүүд амьдарч байна. Ухаалаг утас, компьютертэй бага наснаасаа л харилцаж эхэлсэн. Тиймээс интернетийн эрин үед амьдарч буй болон интернетгүй үед төрсөн хүмүүсийн соёл маш өөр байна.

-Хүүхдүүд сошиал сүлжээнд хэдэн ч хаягтай байж болно. Магадгүй хуурамч хаягаас сөрөг мэдээлэл авах, өөрийн постуудыг нууж болох шүү дээ. Ийм тохиолдолд эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хуудсыг хянах боломж хэр байна вэ?

Мэдээж хувь хүний тодорхой нууц байна. Гэхдээ эцэг эхдээ худлаа ярих, өөрийн постуудыг нуух арга технологи талаасаа бий. Эцэг эхдээ худал ярьж, мэдээллээ нууж байна гэдэг нь буруу хүмүүжил, сэтгэл зүйн асуудал шүү дээ. Хэдийгээр сошиал орчны онцлог болгож ярьж байгаа болохоос хүүхэд тань бодит амьдрал дээр ч худлаа ярьж, найз нөхдүүдээ танилцуулахгүй зугтаад байвал цаашид ямар үр дагаварт хүргэхийг хэлж мэдэхгүй. Хүүхэд тань худал дүр эсгэх байдлаар биеэ авч явж байна гэдэг маш хэцүү асуудал. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ нээлттэй харилцах, цаг гаргаж ярилцаж байх хэрэгтэй.

-Сэтгэл зүйн хямрал, сэтгэл зүйн асуудал гэж яг юуг хэлэх вэ?

Бие махбодийн хямралыг бид өвчин гэж нэрлэдэг. Үүнтэй адил хүнд таагүй сэтгэл шаналгасан нөхцөл байдлыг л сэтгэл зүйн хямрал гэж хэлж байгаа юм. Ерөнхийдөө гэр бүлийн орчин, ажлын байрны орчин, нийгмийн асуудал хүний үйл ажиллагаатай холбоотой төвөгтэй нөхцөл байдлаас болж хүн стресст орж байна. Сэтгэл зүйн хямралд ороход олон хүчин зүйлс нөлөөлнө. Бидний сэтгэл зүйн хямралын хамгийн гол шалтгаан нь хүн хоорондын харилцаанаас болдог.

Өдөр тутмын амьдралд тохиолдож буй таагүй үйл явдлаас улбаалан гомдож шаналах, бухимдаж уурлах гэх мэтийн сөрөг сэтгэлийн хөдөлгөөн гаргаж, энэ нь хуримтлагдахаар л хүн сэтгэлзүйн хямралд орж байгаа юм. Энэ нь даамжирвал сэтгэцийн эмгэг болно. Гэхдээ үүнийг би ярихгүй. Тодорхой хугацаанд үргэлж сөрөг сэтгэгдэл үүсгэж буй орчинд хүн байхад сэтгэл зүйн хямралд орно. Чухам ямархуу төрлийн хямрал вэ гэдгийг нь мэргэжлийн хүнтэй ярилцсанаар тодорхойлж, эмчилж чадна. Ер нь хүн өдөр бүр баярлаж, уурлаж, гомдох зэрэг олон нөхцөл байдлыг туулж хүн болдог. Үүнийг хүн бүр өөр өөрийн аргаар зөв тайлах, даван туулах  туршлагатай. Насанд хүрэгчдийн хувьд сэтгэл зүйн хямралд орохгүйн тулд биеэ хамгаалах, эсвэл цаг хугацаагаар эмчлэх, найз нөхөдтэйгөө нэг үдшийг хөгжилтэй өнгөрүүлэх гэх мэт өөр өөрсдийн аргатай. Өсвөр насныхны хувьд бие хүн төлөвшиж амжаагүй байдаг учраас ямар нэгэн таагүй үйл явдал тохиолдсон бол хөнгөн давж гарах үгүй бол улмаар амиа хорлох хүртэл янз бүрийн нөхцөл байдалд хүрдэг.

Иймд таагүй үйл явдлыг даван туулахад нь эцэг эхчүүд хүүхдэдээ туслах хэрэгтэй. Сэтгэл зүйн хямрал, эмгэг нь хүний амьдралд тохиолдох гэнэтийн таагүй үйл явдлаас шалтгаалсан байх нь түгээмэл. Ийм нөхцөлд орсон бол хүүхдээ халамжилж, нээлттэй ярилцаж чадвал хүүхэд асуудлыг хөнгөн давж чадна. Цаашид ирээдүйн бие хүний хөгжил төлөвшилд ч эерэгээр нөлөөлнө.

-Нүдэнд харагдаж, гарт баригдахгүй ч сэтгэл хүний бие эрхтэнтэй адил эрхтэн болохоор өвдсөн гэдгийг нь яаж мэдэх вэ. Сэтгэл зүй нь хямарсныг мэдсэн ч мэргэжлийн хүнээс зөвлөгөө авдаг хүмүүс хэр олон байна?

-Түр зуурын уур бухимдал, гомдлыг даван туулахад амархан. Ийм стрессийг хүн даван туулж чаддаг. Стресс байснаар хүн цаашид өсч хөгжинө. Энэ хэмжээ хязгаараас давахад сэтгэл зүйн хямралд хүргэнэ. Өөрөөр хэлбэл, хүн үргэлж уур бухимдал, гомдол, хорсолтой байдалд тодорхой хугацаанд байвал сэтгэлзүйн хямралд орж байгаа юм. Бид биеийн зовиураа мэддэгтэй адилхан сэтгэлийн шаналгаагаа ч мэддэг. Гэр бүлийн харилцааны онцлог эсвэл ажлын байрны дарамтаас шалтгаалсан урт хугацааны таагүй нөхцөл байдал хүнийг сэтгэлзүйн хямралд оруулдаг. Мөн нийгмийн асуудал ч бас нөлөөлнө.

Энэ мэтчилэн олон хүчин зүйлсээс болж Монголд хүмүүс маш их стресс бухимдалтай байна. Ялангуяа замын түгжрэлд илүү тод харагддаг. Осол гарсан, нэг нь буруу үйлдэл гаргасан бол жолооч нар машинаасаа буугаад л хэрүүл хийж, хараалын үг урсгадаг. Асуудал хурцадвал зодолдох дээрээ ч хүрдгийг хүмүүс мэдэх байх. Гадны орнуудад осол гарсан тохиолдолд нөгөө хүнийхээ эрүүл мэндэд санаа тавьж, дараа нь асуудлаа шийддэг шүү дээ. Тэгэхээр ихэнх хүн стресс бухимдлаа зөв тайлахад  сэтгэл зүйчээс зөвлөгөө авдаггүй.  Энэ тал дээр хойрго хандаж байна.

Ихэвчлэн өөр өөрсдийнхөөрөө сэтгэл зүйн тулгамдсан асуудал, хямралаа даван туулж байна даа. Үр дүнд нь хосуудын харилцаа хөндийрөх, гэр бүл салах, хүмүүс зан төлөвийн хувьд улам төвөгтэй болж байна. Сэтгэл зүйн хямралаа давж чадахгүй тохиолдолд  шашны үйлчилгээ авч байна. Манай улс маш хурдан хөгжиж байна. Энэ хурдыг дагаж хөл нийлүүлэн алхахад хүмүүс маш их стресс авдаг. Иймд сэтгэлзүйн эрүүл мэндээ сахин хамгаалах, сэтгэл зүйчээс зөвлөгөө авах нь чухал.

-Ихэнх хүн сэтгэл тавгүйтсэн үедээ сэтгэл зүйчид хандахаас илүүтэй найз нөхөдтэйгөө уулздаг байх. Эсвэл цахим орчноо “тэмдэглэлийн дэвтэр”  шиг ашиглаж хувийн амьдралаа дэлгэж харагддаг. Эдгээр нь хэр зөв аргууд бол?

-Сошиал орчныг хэрхэн ашиглаж байгаа нь хувь хүний хэрэглээний соёлтой холбоотой. Хувийн амьдралаа нийгмийн сүлжээнд дэлгэх нь тийм ч ёс зүйтэй биш. Бид бодит амьдрал дээр танихгүй хүнд өөрийн зовлонгоо ярьдаггүй. Үүнтэй адил цахим орчинд ч бас хүн хоорондын харилцаа байдаг болохоор өөрт тулгамдсан асуудлаа нийтлэх нь танихгүй хүмүүст зовлонгоо ярьж байгаагаас өөрцгүй.Өөрийн уур бухимдлаа цахим хуудаснаа илэрхийлэхэд л маш олон хүнийг хамарч байгаа юм. Ер нь сошиалаар хэрүүл хэлцэл хийх нь тийм ч тохиромжтой биш. Ялангуяа твиттер бол маш их стресс авахаар орчин гэдгийг олон хүн хэлдэг. Үргэлж улс төр, нийгмийн асуудлыг шүүмжилсэн сөрөг утга агуулгатай постууд байдаг. Ийм сөрөг мэдээллүүдийг хүн өдрийн турш сонсоход маш их ядарна. Улмаар стресстдэг. Фэйсбүүк орчинд өсвөр насны хүүхдүүд бие биенээ уруу татах, хорт зуршил, буруу үлгэр дууриалал авна. Харин найз нөхөдтэйгөө уулзах нь нэг талаасаа стресс тайлах арга. Найз нөхөдтэйгөө нэг оройг ярилцаж, хөгжилтэй өнгөрүүлэх, эрүүл агаарт гарах, гэр бүлээрээ аялах гэх мэт идэвхтэй үйл ажиллагаа нь хүнийг сэтгэлзүйн хямралд орохгүй байх нэг хүчин зүйл. Эсрэгээрээ хувь хүний нууц, нөгөө хүнээ хүндэлсэн ч өөрт тохиолдсон асуудал бэрхшээл, сэтгэлзүйн хямралаа аль болох ярихгүй байх хэрэгтэй. Найз гэхээр л тэр хүндээ өөрийн “зовлон”-гоо тоочиж асуудлаа нялзаах нь сайхан санагдахгүй. Найз нөхдийн хувьд тухайн хүнийг үнэлэх үнэлэмж буурах, буруугаар ойлгох талтай. Ихэнх хүмүүсийн дунд өөрийн асуудлаа найз нөхөдтэйгөө ярьж даван туулах хандлага ажиглагддаг. Энэ нь тийм ч зөв арга зам биш. Хүн бодит амьдрал, нийгмийн сүлжээ ямар ч орчинд байсан хамаагүй хувийн мэдээллээ бага дэлгэх нь харилцаа холбоо эрүүл байна.

-Монголчууд цахим орчныг хэр соёлтой хэрэглэдэг гэж та боддог вэ. Ер нь цахим орчны хэрэглээ хүнийг сэтгэлзүйн хямралд хүргэж болох уу?

Хүмүүсийг анзаарахад сошиал орчныг хэсэг хугацаанд идэвхтэй ашиглаад түр хугацаанд холддог. Шалтгаан нь, фэйсбүүкт “зовсоор” байгаад таарч байна гэх зүйлийг ярьдаг. Сошиал сүлжээнд хамгийн эерэг үнэлэмжтэй нь YOUTUBE.  Хүмүүст сөрөг нөлөө үзүүлэх нь их бага. Мэдээж цахим орчны хэрэглээ хүнийг сэтгэл зүйн хямралд ороход маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Өмнөд Солонгосын К-ПОП одууд амиа хорлох боллоо шүү дээ. Энэ нь кибер доромжлол, кибер хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, тухайн хүнийг чиглэсэн доромжлол, сүрдүүлгийн эцэст амиа хорлоход хүргэж байна. Олон нийтийн сүлжээнд өрнөж буй үйл явц хүний сэтгэлзүйд нөлөө үзүүлэх боломжтой.

-Сэтгэл зүйн тулгамдсан асуудал, хямрал нь 30-40 насныханд тохиолддог байсан бол сүүлийн үед залуужиж 18-20 насныхан хямралд өртөх, улмаар амиа хорлож буй нь цахим орчны хэрэглээтэй салшгүй холбоотой юу?

Цахим орчны хэрэглээ нь сэтгэл зүйн хямралд хүргэх хүчин зүйлсийн л нэг. Хүний сэтгэл зүй маш олон асуудлаас болж хямралд орно. Залууст сошиал орчны хэрэглээ тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Энэ бүхэн хувь хүний зөв зохистой хэрэглээ, хувийн зохион байгуулалт, ёс зүйн асуудлаас хамаарна.

 Гар утас хэрэглэдэг таван хүн тутмын дөрөв нь өглөө сэрэнгүүтээ хамгийн түрүүнд утсаа шалгадаг болох нь судалгаагаар тогтоогдсон. Энэ нь дэлгэцийн хамаарал байж болох уу. Үүнээс болж гэр бүл, найз нөхдийн дунд амьд харилцаа алга болж байна гэх асуудал яригдах боллоо

Гар утсаа орныхоо дэргэд байрлуулах, боломж гарвал утсаа шалгах нь дэлгэцийн хамаарал. Нэг талаасаа бидний эрхтэн гэж хэлж болохоор хэрэглээ болсон. Нас наснаас хамаарч хэрэглээ өөр өөр байна. Хүмүүс амьд харилцаа байхгүй болсон гэж ярих болсон ч сошиал сүлжээнд хүн хоорондын харилцаа үүсч байна, хувийн орон зай бий болсон учраас амьд харилцаа байхгүй болсон гэж бодохгүй байна. Эхнэртэйгээ ярилцангаа найзуудтайгаа ярилцаж л байна гэсэн үг.

-Сошиал орчин нэг талаасаа хүний хэрэглээ боловч нөгөө талаасаа гэр бүл салалт, найз нөхөдгүй болох гэх мэт олон асуудлыг үүсгэж байгаа юм биш үү?

– Эхнэр /нөхөр/-тэйгээ харилцан яриа үүсгэхгүй зөвхөн сошиал орчинд бусадтай харилцах нь гэр бүлийн гишүүдийн хооронд харилцааны асуудал байгааг илэрхийлнэ. Амьд харилцаа зогсонги байдалд орсон учраас л хэчнээн хамт байсан ч хоёр хүн тус тусдаа  өөр орчинд /нийгмийн сүлжээ/ байна гэсэн үг. Гэр бүлийн харилцаа хөндийрсөн шалтгааныг нь илэрхийлж байгаа юм. Хэрэв ийм байдалд хүрсэн бол хосууд харилцаандаа дүгнэлт хийж, ярилцах хэрэгтэй. Хосууд харилцаа нь хөндийрсөн гэж үзэж байгаа тохиолдолд сэтгэл зүйчид хандах нь чухал.

– Компьютер тоглоомын донтолт, дэлгэцийн хамаарал нь сэтгэлзүйн хямралд хүргэдэг үү?

Компьютер тоглоомын донтолт нь сэтгэлзүйн хямралд хүргэдэг. Танин мэдэхүйн талаасаа анхаарал төвлөрч өгөхгүй байх, ажил үүргээ хийж чадахгүй, хүнтэй ярилцахад тухайн ярианы агуулгыг бүрэн ойлгохгүй байх талын өөрчлөлт, хямралд хүргэнэ. Бие мах бодийн талаас гар хөл салгалах жижиг моторк хөдөлгөөнтэй болж эхэлдэг. Нэг сараас дээш хугацаанд өдөр бүр олон цагаас дээш дэлгэц ширтэх нь ийм өөрчлөлтүүдийг бий болгоно. Улмаар сэтгэлзүйн өөрчлөлтөд ч хүргэнэ. Ямар ч зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь сөрөг талтай. Нөгөө талаас интернет донтолт нь сайн талтай. Шийдвэр гаргах хурдад нөлөөлдөг. Интернет хайлт нь ямар нэгэн сонголт, шийдвэр гаргах хурдыг хариуцсан тархины эсүүд сэргэсэн үр дүн гарсан юм билээ.

Манай улсад гурван хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй гэх судалгааг СЭМҮТ-өөс ДЭМБ-тай хамтран гаргасан байдаг. Энэ судалгаа хүн амын дундах сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байгааг тодорхойлж байна гэж ойлгож болох уу?

-Энэ судалгааны  үр дүнг  улс орон даяар хүн амын дунд гэж бодохгүй байна. Монголын нийгмийн шилжилт маш хурдтай өөрчлөгдөж байгаа тул хүн стресст орж байгаа юм. Бидний соёл, үнэт зүйл, хүмүүс хоорондын харилцаа богино хугацаанд өөрчлөгдөж даяаршиж байна. Судалгааны үр дүн үүнийг л гаргасан байх. Харин хүмүүс стресс бухимдлаа зөвөөр биш архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, буруу хооллолт, идэвхгүй амьдралын хэв маягаас болж биднийг уур бухимдалтай, сэтгэл зүйн хямралтай харагдуулж байгаа байх гэж бодож байна.

-Замын түгжрэл, агаарын бохирдол, татвар, иргэдийн уур бухимдал зэрэг нийгэмд тулгамдсан олон асуудал дээр дөрөөлөн олны анхаарлыг татсан жагсаалыг өдөр алгасахгүй зохион байгуулах боллоо. Жагсаалыг зохион байгуулж буй хүмүүсийн сэтгэлзүй нь хэр эрүүл гэж бодож байна. Мэргэжлийн хүний нүдээр харахад жагсагчдын үйлдлийг хэрхэн дүгнэж байна вэ?

Жагсаал цуглааны үеэр гаргаж буй хүмүүсийн үйлдэл, зан аашаар нь тухайн хүний сэтгэлзүй эрүүл, эрүүл бус гэж дүгнэхэд хэцүү. Тухайн үеийн онцлогоос хамаарч ямар ч үйлдэл гаргаж болно. Ер нь бол жагсаал, тэмцлүүдийг харж байхад их ёс зүйгүй байна. Жагсаал тэмцэл хийсэн ч зохион байгуулалттай, зорилготой, монголчуудын үнэт зүйл хэм хэмжээг дагасан ёс зүйтэй байвал олон нийт бухимдахгүй.

Ямар үлгэр жишээ үзүүлж байгаа нь тодорхойгүй, олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалах шинжтэй байгаа нь олон нийтийн зүгээс маш их шүүмжилж байна. Нийгмийн  үнэт зүйл зүйл, ёс зүйн хэм хэмжээг тодорхой хэмжээгээр зөрчиж буйг харуулж байгаа хэрэг. Энэ нь өсвөр насны хүүхэд оюутан залууст сөрөг нөлөө, буруу үлгэр дууриалал үзүүлнэ. Дураараа орилолдож болно гэх хандлага, нийгмийн бухимдлыг  төрүүлж болно.

Магадгүй олны анхаарлыг татах зорилгоор  санаатайгаар эрүүл бус үйлдэж гаргаж болно шүү дээ. Олон нийтийн шүүмжлэл жагсагчдыг ёс зүйгүй байна гэдгийг л харуулж байна.

-УИХ-д сонгогдох улстөрчдийн сэтгэцийг шалгая гэх асуудал яригдаж байна.Таны хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

Фэйсбүүк, твиттер хэрэглэгчдийн үзүүлж буй нөлөө юм болов уу гэж харж байна. Сошиал орчин улс төрчдийн шийдвэрт хүртэл нөлөөлж байна. Олон нийтийн сошиал сүлжээнд хандаж буй хандлагын улмаас л  улс төрчдийн сэтгэцийг шалгах шийдвэрт хүрсэн байж магадгүй. Улс төрчдийг харж байхад сошиал сүлжээн дэх олон нийтийн хандлагаас хамаарч шийдвэр гаргаж байх шиг санагдаж байна. Тэгэхээр сошиал орчны хэрэглээ улс төрд хүртэл хүчтэй нөлөөлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Боловсорч буй нэгэн 2019-12-16 117.111.14.162

Өөрийгөө жаахан боловсруулаад 2~3 хэлнээс мэдээлэл аваад харьцуулах чадвартай болсон хойноо л сонголт хиймээр байгаа юм даа манайхаан. Би өөрөө англи, солонгос хэл дээр мэдээлэл авдаг. Би шашингүй.

Avatar

Боловсорч буй нэгэн 2019-12-16 117.111.14.162

Болдогсон бол ядаж 25 хүрэхээр нь шашных нь сонголтыг өгмөөр байгаа юм. Энэ хугацаанд хүн тодорхой хэмжээнд боловсрол эзэмшиж, ажлын талбар дээр гарч, хүмүүстэй нийгмийн харилцаанд орж юу нь зөв юу нь буруу гэдгийг мэддэг болдог. 25 хүн 10 хүүхэд хоёр тэс ондоо сонголт хийнэ гэдэгт итгэлтэй байна. Амьдралд арай ойр, боловсролтой хүн итгэмээр шашин байж л байгаа. За ер нь тэгээд шашин хэрэгтэй гэх нь хаашаа юм хэрэггүй гэх нь ч хаашаа юм.

Avatar

Боловсорч буй нэгэн 2019-12-16 117.111.14.162

Үзэл бодол нь төлөвшөөгүй хүүхдүүдийг үхлээр айлгаж, үхлийн дараах амьдрал энэ тэр гэж дэмий донгосч сүмд аргамждагаа больмоор байна шүү христ суурьтай шашны байгууллагуудаа. Энэ чинь нэг төрлийн сэтгэлзүйн хүчирхийлэл. Мэдээж манайд шашин шүтэх нь тухайн хүний эрхийн асуудал. Ямар шашинд итгэх вэ гэдгээ шилж сонгож байж, үзэл баритлал, номлол нь юу вэ гэдгийг нь мэдэж байж сонголтоо хийх хэрэгтэй.

Avatar

Боловсорч буй нэгэн 2019-12-16 117.111.14.162

Шашин бол ус биш, агаар биш. Шашинтай ч шашингүй ч амьдарч болдог. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад шашины байгууллагууд эрүүлжиж сэтгэлзүйн засал талруугаа явж байхад манайд гайхамшиг бүтээдэг ер бусын хүчит оршихуйнууд нь ер бусын хүчтэй оршсоор л байна. Хэт шашинлаг байх нь хүний боловсролтой шууд холбоотой. Боловсрол өндөрсөхийн хэрээр шашинлаг бус эрүүл сэтгэхүй давамгайлдаг.

Avatar

zochin 2019-12-16 202.126.89.37

шашины үйлчилгээ авч байгаа нь хямралаа давах гэсэн арга юмдаа

Avatar

Зочин 2019-12-16 202.126.89.170

ажлын шаардлагаар комьютер дээр ажиллаж байгаа хүнд эрүүл мэндэд нь нөлөөлөгүй гэж та хэлжээ.юу гэсэн үг вэ.

Avatar

хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн 2019-12-16 202.179.24.13

Цахим донтолтоос шалтгаалж сэтгэл зүйд гарах өөрчлөлт, нөлөөний хувьд сөрөг үзүүлэлт харьцангуй бага гэж ярьсан юм. Тодорхой үүрэг даалгавар гүйцэтгэж, зорилго чиглэлтэй үйлдэл хийж байгаа тул анхаарал сулрал, орчны мэдрэмж, биеийн хөдөлгөөний хяналт алдагдах зэрэг донтолт, хамаарлын шинж тэмдэг илрэх нь бага. Мэдээж дэлгэц, болон цахилгаан хэрэгсэлийн бие махбодод үзүүлэх нөлөө нь ижилхэн байна. Иймд тодорхой хугацаагаар идвэхтэй дасгал хөдөлгөөн хийх, ус шингэн хэрэглэх зэрэг ажлын байрны

Avatar

Зочин 2019-12-16 202.179.24.13

эрүүл ахуйн дэг, зөвлөгөөний талаар мэдлэгтэй байх, дагаж мөрдвөл ажлын бүтээмж нэмэгдэх, сэтгэл зүйн хямралд өртөхгүй байх, эрүүл, аз жаргалтай байх нөхцөл болно.

Avatar

Зочин 2019-12-16 66.181.184.188

бага сургуулиас эхлэн эрүүл мэндийн, сэтгэлзүйн буюу буддын сургаал заах хэрэгтэй байна даа. Үүний тулд багш бэлтгэх асуудал.

Avatar

Зочин 2019-12-16 202.55.188.44

21 зуун гарчихаад байхад шашин яриад байдаг аргагүй Оркууд шүү…тэгээд бас улс хөгжихгүй байна гэж хуцна…эхлээд наад хөдөө орк хоцрогдолоосоо салаадах…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж