Малчин охид хүчирхийллийн "золиос" болж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

Малчин охид хүчирхийллийн "золиос" болж байна

Малчин охид хүчирхийллийн "золиос" болж байна

Хөдөө хээр, ганц өрхөөрөө нутаглаж яваа малчин эмэгтэйчүүдэд тулгамдсан, тэдний сэтгэлийг зовоосон олон асуудал бий.  Өвлийн цас, хаврын хавсарга, намрын бороо, зуны аагим халуун жилийн дөрвөн улиралд байгалийн хүчин зүйлсийг сөрж, гадаа гандаж хөдөө хөхөрч яваа тэд тэр бүр эрхээ хамгаалуулах гэж дуугардаггүй, тэмцдэггүй. Бие сэтгэлийн зовлон амсахын зэрэгцээ эдийн засгийн хувьд гэр бүлээсээ шууд хараат. Өрхийн орлогын ихэнх нь цагаан идээ, ноос ноолуур, мал махнаас бүрдэх тул санхүүгийн асуудлыг өрхийн тэргүүн хариуцдаг учраас, эмэгтэйчүүдэд мөнгө захиран зарцуулах эрх төдийлөн байдаггүй.

Сүхбаатар аймгийн Төвшинширээ сумын малчин эмэгтэй  “Манай суманд амьдардаг хоёр малчин эмэгтэйн ээж нь аймагт нас барсан. Нөхрүүд нь мянгат малчин хэрнээ тэдэнд зардал гэж 10, 10 мянган төгрөг өгөөд явуулсан байсан.  Тэр мөнгөө буяны ажилд зарцуулаад, зөвхөн  шуудангийн зардалд 25 мянган төгрөг өгсөн. Тэгээд замдаа хоол ч идэлгүй гэртээ ирж байна” гэж ХЭҮК-ынханд ярьсан байна.

Статистик мэдээлэл сөхвөл, малчин эмэгтэйчүүдийн 62.3 хувь нь ноос ноолуур, арьс шир, сүү цагаан идээ мал зарах, малын гаралтай бүтээгдэхүүнээс орлого олдог аж. Тэдний 8.8 хувь нь нэмэлт орлогогүй тул эдийн засгийн хүндрэлд байнга ордог аж.

Тиймээс олон малчин эмэгтэй нүдэндээ доголон нулимстай, сэтгэлдээ асар том дарамттай, биедээ шархтай амьдарч байна. Тэд бусдад эд бараа мэт үнэлэгдэж, боолын хөдөлмөр эрхэлж байга нь  өөрсдийнх нь “хувь тавилан” гэж орхих асуудал биш юм.

ХАДАМ АХ, НӨХӨРТӨӨ ЗОДУУЛЖ ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ БОЛСОН 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын IX багийн малчин эмэгтэй Болороо /нэрийг өөрчлөв/ нөхөртөө зодуулсны улмаас харааны бэрхшээлтэй болжээ. Тэрбээр хадам ахынхаа малыг 19 жил хариулж, энэ хугацаанд нөхөр болон ахад нь зодуулдаг байсан аж. Энэ тухай хэлэхдээ “Өмнө нь нөхөртөө зодуулаад харааны бэрхшээлтэй болсон, хараа 70 хувийн алдагдалтай. Миний нүдийг униар хатгаж ийм болгосон. Тухайн үедээ нөхрөөсөө айгаад "Мориноос унаад, нүдээ гэмтээчихлээ" гэж эмчид худлаа хэлсэн.

Нөхрийн ах, эгч нь үг хэлэхээр доромжилж, зодоод гэрээс минь чирээд гаргадаг. Нөхрийн ах "Чи бид нарын талаар ярих юм бол Сүхбаатар аймагт гишгэх газаргүй болгоно. Чамайг нөхөртэй чинь 27 жил тэжээсэн, чамд юу ч өгөхгүй" гэж гэрээс минь чирээд гаргаж, гудамжинд хөөгөөд явуулсан. Нөхөр бид хоёр хамтран амьдарсан цагаасаа 1993-2012 он хүртэл ахынх нь малыг ямар ч хөлс мөнгөгүй маллаж ирсэн. Ах нь хүртэл намайг зоддог байлаа.

Үнэндээ хөлсөлж байгаа байрныхаа түрээсийг ч төлж чадахгүй тийм нөхцөл байдалтай байна. Группийн мөнгөөрөө зээл авчихсан. Надад ах дүү хамаатан садан гэж байхгүй” гэв. Түүний хувьд наашаа гэх аав ээж, ах дүү наргүй тул арга ядахдаа эрхээ хамгаалуулахаар Хүний эрхийн үндэсний комиссынхонд хандсан нь энэ аж. Түүн шиг олон эмэгтэй хэнд, хаана хандахаа мэдэхгүй шаналж явааг хэлэхэд бэрх.

Ингээд алчин эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж буйг  тоон баримтаар сонирхуулъя.

МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 24.3 ХУВЬ НЬ ХҮЧИРХИЙЛЭЛД ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ӨРТЖЭЭ

Монголд өрх толгойлсон малчин эмэгтэй олон. Ганц гэрээрээ амьдрах өрх толгойлсон эмэгтэйчүүд гэмт этгээдүүдийн хувьд том олз болж, хүчирхийлэлд өртөх нь элбэг.

Өрх толгойлсон эмэгтэйчүүдийг харж хамгаалах хүнгүйгээр нь далимдуулан дээрэлхэх явдал байнга гардаг гэнэ. Малыг нь хулгайлахаас эхлээд өөрийг нь хүчирхийлэх тохиолдол цөөнгүй байна. Үүнээс болж амиа алдах явдал ч гарах болсон. Жишээлбэл, 2019 онд хоёр ч малчин  эмэгтэй гэртээ эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадалгүй нас баржээ. Нэг нь малынхаа хашаанд нас барсан бол нөгөө нь гэртээ нас барсныг айл саахалтууд нь гурав хоногийн дараа мэдэж, цагдаад хандсан байна.

Эдгээр нь Хүний эрхийн үндэсний комиссынхны  зургаан аймгийн 631 малчин эмэгтэйчүүдийн дунд явуулсан судалгаагаар илэрсэн жишээнүүд судалгаа авсны цөөхөн жишээ. Тус комиссоос НҮБ-тай хамтран явуулсан “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилт, хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд” судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдийн эрх маш ноцтой зөрчигдөж, хүндхэн байдалд байгааг ХЭҮК-ийн дарга Бямбадорж онцолсон. Тэрбээр “Би малчин айлын хүүхэд. Аав ээж маань малчин байсан. Гэхдээ ийм хүнд байгаагүй. Малчин эмэгтэйчүүдийн эрх маш доогуур үнэлэгдэж байна” гэв.

ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ОХИДЫН БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, НӨХӨН ҮРЖИХҮЙН АСУУДАЛ "НУУГДМАЛ" БАЙНА

Хүний эрхийн Үндэсний комиссын мэргэжилтэн Г.Золзаяатай ярилцлаа.

-Та бүхнийг хөдөө орон нутагт судалгаа хийх явцад малчин эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой ямар асуудал, зөрчил ажиглагдсан бэ? Малчин эмэгтэйчүүд өөрсдийн эрхээ хамгаалах талаар хэр сайн мэдлэг, ойлголттой байна вэ?

-Малчин эмэгтэйчүүд эрхээ мэдэхгүйгээс болж, энэ талын ойлголтгүйн улмаас эрх нь маш ноцтой зөрчигдөж байна. Малчин эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн талаар цагдаагийн байгууллагад хандахгүй байна уу гэдэг дүр зураг анзаарагдсан. Малчин эмэгтэйчүүдээс гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан талаар тодруулж асуухад айл гэрт байдаг л ердийн үзэгдэл мэтээр хүлээн авч, зарим нь дургүйцэх хандлага ажиглагдсан. Нэг эмэгтэй бидэнд уйлж ярихдаа, судалгаанд оролцохоор зорьж ирсэн гэдгээ учирласан. Түүний хувьд судалгаанд оролцоход нөхөр нь дургүйцэж уурлаад, гарт тааралдсан зүйлээ шидэж байсан ч машинтайгаа зугтаж ирсэн байгаа юм. Гэтэл машингүй мотоциклтой эмэгтэйчүүдийн хувьд бэртэл авах эрсдэл их. Хүчирхийллийг эмэгтэйчүүд өдөр тутмын амьдралд өрнөж байдаг ердийн зүйл мэтээр хүлээн авч байгаа нь эрхийнхээ талаар мэдлэг, ойлголт байхгүйгээс болж байна. Нөгөө талаас гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг мэдсэн ч цагдаад ханддаггүй нь дахин ийм үйлдэл гаргахгүй, засарна гэдэгт итгэдэгтэй холбоотой.

-Ганц бие өрх толгойлсон малчин эмэгтэйчүүдэд ихэвчлэн ямар асуудал тулгамдаж байна вэ? Тэд хүчирхийлэлд өртөхгүй байх нөхцөл боломж нь хэр байдаг бол?

-Биднийг орон нутагт ажиллаж, малчин эмэгтэйчүүдтэй ярилцахад айлууд ганц гэрээрээ амьдардаг болсон нь ажиглагдлаа. Хот айл хэмээх ахуйн соёл үгүй болсон байна. Үүнтэй холбоотойгоор ганц бие, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд маш олон хүндрэл гардаг нь ажиглагдлаа. Тухайлбал, ганц бие өрх толгойлсон эмэгтэйчүүдийн малыг хулгайчид олон дахин хулгайлах нь наад захын асуудал байгаа юм.

Ганц бие учраас хотноос нь малыг нь туучихдаг, малынхаа хойноос эрэл сурал болж явах боломж маш хомс гэдгийг өрх толгойлсон малчин эмэгтэйчүүд хэлж байсан. Мөн харж хамгаалах хүнгүй, ойр орчимд хөрш айл байхгүй ганц гэрээр амьдардаг учраас тэднийг дээрэлхэх, нутгийн хүмүүс гэрт нь орж хүчинддэг тохиолдлууд байдгийг судалгаанд оролцсон эмэгтэй хэлж байсан.

Тэр эмэгтэй өрх толгойлсон, бас хүчирхийллийн хохирогч болсноо ярьж байсан. Бага насны хүүхэдтэй ч хэний хүүхэд гэдгийг нь мэдэхгүй, ганц бие болохоор нь олон хүн хүчиндсэн гэдгийг хэлж байлаа. Бас нэгэн өрх толгойлсон малчин эмэгтэй бусдад зодуулсан байдалтайгаар бидэнд хандсан. Түүнээс учир шалтгааныг нь тодруулахад, хамт байсан эрэгтэйчүүд нь зодож, нүүр царай болон биед нь хүнд гэмтэл учруулсан болохыг хэлсэн. Тэр эмэгтэй эмнэлэг болон цагдаад хандаагүй шалтгаан нь тухайн үед өөрийг нь зодсон хүмүүстэй согтууруулах ундааны зүйл хэрэглэснээсээ болж эмээсэндээ хэлээгүй байгаа юм.

Энэ мэтчилэн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдөж байна. Гэтэл эрхзүйн мэдлэг, ойлголт дутмагаас хохирч үлдэх нь их байгаа нь анзаарагдлаа. Бас судалгаанд оролцсон нэг эмэгтэйн хэлснээр туслах малчнаар орсон ч айлын эзэн хүчирхийлж, хоёр дахь эхнэрээ болгох байдлаар амьдарсан тохиолдол байна. Ийм дүр зураг цөөнгүй гэж малчид хэлсэн.

-Хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн насны хувьд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийн насны хувьд янз бүр. Ихэвчлэн 20-50 настай. Ихэнх нь эрхээ мэдэхгүйн улмаас маш олон жил хүчирхийлэлд өртсөн байдаг. Бид гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг зөвхөн бие махбод биш, сэтгэл санаа, эдийн засаг гэх мэт маш олон төрөлтэй гэдгийг малчин эмэгтэйчүүдэд тайлбарлаж хэлэхэд судалгаанд оролцсон эмэгтэй үргэлж зодуулж, гэрээсээ хөөгдөж байснаа гэр бүлийн хүчирхийлэл болохыг мэдээгүй гэдгээ хэлсэн. Тэр эмэгтэй арав гаруй жил ийм байдалтай амьдарч ирснээ хэлээд уйлсан. Төрийн албан хаагчийн зүгээс бидэнд өгсөн мэдээллээр, нэг малчин эмэгтэй айлын бэр болж очсон цагаасаа сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэлд өртсөн гэх мэт маш олон тохиолдол байна. Нөхрийн тал нь мянгат малчин учраас мал маллах, гэр орны ажил хийх, хадам болон нөхөртөө үргэлж доромжлуулах байдлаар сэтгэл санааны хүчирхийлэлд маш олон жил амьдарч, аргаа барахдаа зугтаж явахдаа цагдаатай таарснаар нөхөрт нь хариуцлага хүлээлгэсэн юм билээ.

-Орон нутагт малчин, өрх толгойлсон эмэгтэйчүүдээс гадна охидын нөхөн үржихүйн асуудал ямархуу байна вэ. Тэд ч бас хүчирхийлэлд өртөх тохиолдол байна уу?

-Охид бэлгийн хүчирхийлэлд өртдөг асуудал маш нуугдмал байна. Дэлгүүрээс ариун цэврийн хэрэглэл авахаасаа ичиж байгаа нь, эмийн сангаас бэлгэвч авч эрсдэлгүй бэлгийн харилцаанд ордог уу гэдэг нь асуудал дагуулж байгаа юм. Судалгаанд оролцсон охидын зүгээс охидын үзлэгийг зогсоох санал гаргасан. Учир нь үзлэгээр хувийн нууц задрахгүй байна гэдэгт итгэлтэй байж чаддаггүй учраас маш таагүй санагддаг тухайгаа хэлж байсан. Малчин охидын хувьд нийгмийн харилцаанаас хоцрогдож, сургуульд явж чаддаггүй тохиолдол ч бас анзаарагдаж байна. Тухайлбал, 16 настай нэг охин ээж, хойд эцгийнхээ хамт амьдардаг. Тухайн айлын бүхий л хүнд хүчир ажлыг тэр охин л хийдгийг сумынхан нь мэддэг болсон. Охины хувьд боолчлол маягаар амьдарч байгааг нийгмийн ажилтан хэлсэн.

Охиныг хүмүүстэй үг сольж уулзуулдаггүй, олон нийтийн үйл ажиллагаанд оролцуулдаггүй байгаа юм. Магадгүй хойд эцгийн зүгээс бэлгийн хүчирхийлэл үйлддэг байхыг ч үгүйсгэхгүй.

Сумын хүмүүс охинд санаа тавихаар энэ нь гэр бүлийн зүгээс дарамт болж хүнд байдалд ордог учраас арга буюу холуур өнгөрдөг ч яахаа мэддэггүй гэх ийм тохиолдолтой таарч байсан.

Охидын хувьд хүсээгүй хүнтэйгээ гэр бүл болох, эцэг эхийн хараа хяналтгүй байдал, хонины бэлчээрт бэлгийн хүчирхийлэлд өртөж буй асуудал “нуугдмал” байгааг албаны хүмүүс хэлж байна. Тус комиссоос гаргасан судалгаагаар охид эмэгтэйчүүдийн 9 хувь нь нөхөр, хамтран амьдрагч болон бусдын дарамт шахалтаас болж үр хөндүүлсэн бол 2.7 хувь нь жирэмсний хяналтад орж байгаагүй аж. Магадгүй энэ нь их бага тоон үзүүлэлт мэт санагдаж болох ч үүний цаана хэчнээн охид бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгааг тааж мэдэх аргагүй.

Мөн сарын тэмдгийн талаар мэдээлэлгүйн улмаас ариун цэврийн хэрэгсэл авах нь бүү хэл бэлгэвч авахаас хүртэл ичдэг. Энэ нь бэлгийн замын халдварт өвчин авах, хүсээгүй жирэмслэлтийн хохирогч болох өндөр магадлалтай. Энэ мэтчилэн насанд хүрсэн болон бага нас, өсвөр үеийн охид, малчин эмэгтэйчүүд цоожтой хаалганы цаана хаана хандахаа мэдэхгүй бие сэтгэл, эрүүл мэндээрээ хохирсоор байгааг өнөөдөр тоохгүй өнгөрч болохгүй нь.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.БҮЖИН
БЭЛТГЭСЭН Д.БАТ-АЮУШ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж