Өнгөрсөн баасан гариг (2019.12.14)-т Орхон аймагт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, техникийн шинжлэх ухааны доктор, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал агсан Ш.Отгонбилэгийн гэгээн дурсгалд зориулж “Үзгэн хөшөө” босгосон байна.
Тус хөшөөний нээлтэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ш.Отгонбилэгийн гэргий Д.Туяа болон үйлдвэр, орон нутгийн удирдлагууд хүрэлцэн ирж оролцжээ.
“Үзгэн хөшөө”-ний загварыг тус үйлдвэрийн Инженерийн зураг төсвийн төвийн инженер А.Соджаргал 2011 онд анх гаргаж байсан аж. Тэрбээр олноо ШО дарга хэмээн хүндлэгддэг байсан нэрийг нь дурсаж шоо дүрсэн дээр үзэг суурилуулжээ. Суурийн шоог өнцөгдүүлж байрлуулсан нь Ш.Отгонбилэг агсныг “Эрдэнэт” үйлдвэрийг олон жил удирдахдаа гарамгай манлайлагч байсныг нь илэрхийлсэн явдал бөгөөд гантиган цагаан үзэг нь түүний хэрэглэдэг байсан үзгийг бэлгэдсэн байна.
Тус хөшөөг байгуулахад нийт 17 сая төгрөг зарцуулж, Ш.Отгонбилэгийн нэрэмжит гудамжинд байрлуулжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ