Оюутолгойн Зул сарын бэлэг

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Оюутолгойн Зул сарын бэлэг

Оюутолгойн Зул сарын бэлэг

“Оюутолгой” компани монголчуудад Зул сарын бэлэг барилаа. Гурван жил гаран үргэлжилсэн гүний уурхайн Үйлдвэрлэлийн амыг барьж дуусгаснаа өнгөрсөн долоо хоногийн Баасан гариг /2019.12.13/-т нээлээ.
Энэхүү амыг өмнө нь Хоёрдугаар босоо ам хэмээж байсан ч Гүний уурхайн үйлдвэрлэлийн босоо ам хэмээн нэрлэхээр болсон ажээ. Уурхайн ам гэдэг бол уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндсэн нөхцөлүүдийн нэг.
Гүний уурхайн үйлдвэрлэлийн ам нь Монголын төдийгүй дэлхийн уул уурхайн салбарын хөгжлийн түүхэнд бичигдэх бүтээн байгуулалт болж байна. “Үйлдвэрлэлийн амны уулын нэвтрэлтээс эхлээд газрын гүнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг байрлуулах, барилгын нүсэр бүтээн байгуулалтын ажлыг дуусгахад нийт гурван жил дөрвөн сарын хугацаа орлоо.

Оюутолгойн гүний уурхайг бүрэн цогцлоох гол алхам болох ийм чухал хийгээд нарийн дэд бүтцийг барьж дуусгахад үндэсний 50 орчим компанийн 2,500 хүн 2.6 сая цаг аюул ослоос ангид ажиллалаа” хэмээн “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес нээлтийн ёслолын үеэр хэлснийг онцлон эш татъя.

Үйлдвэрлэлийн амыг тодорхойлох дараах баримтууд энэ байгууламж яагаад түүхэн бүтээн байгуулалт болохыг хэлээд өгнө. Амын газрын гадаргаас дээшхи цамхгийн барилга нь 96 метр өндөр. Энэ нь Манхэттэн арал дээрх Эрх чөлөөний хөшөөтэй дүйцэхүйц өндөр гэсэн үг. Газрын гүндээ 1284 метр. Энэ нь Улаанбаатар хотын ШангриЛа барилгатай дүйцэхүйц 14 барилгыг давхарласан гэсэн үг. Амын голч 10 метр.

Бүтээгдэхүүн тээвэрлэх өргүүр нь дэлхийд хамгийн томд тооцогдох “Koепе” (үрэлтийн хүчний өргүүр) ган татлагат өргүүрийн систем бөгөөд одоогоор дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа “Коепе” ороогч дамар хоёр ширхгийг суурилуулсан. Өргүүрийн ган татлагын урт нь 32 км. Ган татлагыг суурилуулах ажлыг 500 хүн 23 хоногийн дотор хийсэн дэлхийд гайхагдах үзүүлэлт болжээ. Бүтээгдэхүүний өргүүр нь хоёр хөнөгтэй бөгөөд хоногт 28 мянган тоон хүдрийг 59 км/цагийн хурдтайгаар дээш газрын гадаргууд гаргана.

Оюутолгойн уурхайн гүн рүү бууж үзсэн хүн газрын гүнээс дээш гарах өргүүр ямархуу амин чухал ач холбогдолтойг мэднэ. 1200-гаад метрийн гүнд 12 цаг ажилласан уурхайн нэг ээлжийнхэн ажлаа дуусгаад дээш газрын гадаргуу дээр гарахын тулд дугаарлан хүлээдэг. Яагаад гэвэл одоо ашиглаж байгаа өргүүр нь нэг удаадаа 60 хүн тээвэрлэдэг учраас аюулгүй ажиллагааг хангах үүднээс даацыг хэтрүүлж болохгүй. 12 цаг газрын гүнд ажилласан хүн аль болох нэг минутын өмнө ч гэсэн дээш гарч агаар чөлөөтэй амьсгалахыг хүсэх нь мэдээж. Харин одоо ашиглалтад орж байгаа үйлдвэрлэлийн амаар нэг удаадаа 300 хүн тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд 1300 метрийн зайг ердөө 2.5 минутад туулна.

Оюутолгойд одоо агааржуулалтын урд болон хойд амны барилгын ажил тус бүр 1,148 метр болон 1,149 метрийн гүнд үргэлжилж байна. Энэ хоёр ам (агаарыг оруулах, гаргах) гүний уурхайн үйл ажиллагааны хугацаанд нэмэлт агааржуулалтаар хангах үүрэгтэй. Одоо ашиглаж буй 1,174 метрийн гүн бүхий Агааржуулалтын дунд ам агааржуулалтыг хоёр дахин нэмэгдүүлсэн. Ингэснээр хөндлөн нэвтрэлт болон уурхайн барилгын явц дахь хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлээд байна.

Өнгөрсөн наймдугаар сард гүний уурхайн Захиргаа, үйлчилгээний “Чандмань” төвийг ашиглалтад оруулсан. “Чандмань” төв нь гүний уурхайн үйл ажиллагааны нэгдсэн удирдлага, хяналтыг хийх төв юм.

Оюутолгойн орд бол зэс, алт, мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрддэг орд. Хүдрийн биетүүд нь хойноосоо урагш нийт 12 км сунасан тогтоцтой. Оюутолгойн ордын нийт баялгийн 80 гаруй хувь нь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд оршиж байгаа учраас гүнийн уурхайг ашиглаж эхлэх нь энэ төслийн амжилттай байх гол нөхцөл юм. Ийнхүү энэ 2019 онд Оюутолгойд хоёр байгууламж ашиглалтад орлоо.

Оюутолгойг бид уул уурхай гэж харахаас илүүтэй Монголын эдийн засгийн чадавхийн болоод хүний нөөцийн дараагийн уурхай гэж харах ёстой. Энд монгол залуус дэлхийн энд хүрэх боловсролыг, дадлыг, соёлыг суралцаж байгаа нь үнэлж баршгүй хөрөнгө оруулалт юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж