Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх дараагийн хүн нь Н.Номтойбаяр уу?

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх дараагийн хүн нь Н.Номтойбаяр уу?

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх дараагийн хүн нь Н.Номтойбаяр уу?

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг өнгөрсөн Баасан гаригт яллагдагчаар татах шүүх хурал болов. Шүүх бүрэлдэхүүн түүнд холбогдох прокурорын хүсэлтийг хэлэлцээд “Таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй” гэж үзэв. Түүнийг прокурорын газраас гэрчийн мэдүүлэг өгөхдөө хуурамч мэдүүлэг өгсөн хэмээн хилийн хориг тавих, шүүх таслах арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлснийг хэлэлцэж шийдвэр гаргасан нь энэ.

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсан Төрийн ордонд амиа алдсантай холбоотойгоор хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь Н.Номтойбаяр гишүүн байсан. Тэр өөрөө ч үүнийгээ хэлж, гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ “Хуулийн байгууллага намайг гүтгэж, бүр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хөөцөлдөж явна” гээд АТГ-ын дарга, Ерөнхий прокурор нарыг нэр цохон онцлов.

Чухам яагаад хуулийн байгууллагын удирдлагууд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авахыг санаархаж, хилийн хориг тавих сонирхлыг ч илэрхийлэв болов. АТГ, прокурор хоёр нь Н.Номтойбаярт хариуцлага тооцуулахаар санаархаж байгаа боловч шүүх тэдний эсрэг ажиллаад байна уу, эсвэл АТГ, прокурор хоёрт түүнийг “яллах” сонирхол байна уу.

Эндээс АТГ, прокурор, шүүхийн байгууллагуудын уялдаа холбоо, эсвэл улс төрийн сонирхол илэрч байгаа мэт.

Н.Номтойбаяр гишүүн өөрийг нь гүтгэх, яллах сонирхол хуулийн байгууллагад байна гэдгийг хэлж буй. Гэхдээ түүний холбогдсон хэрэг бүхэн замхарч, эсвэл түүнийг холбогдуулдаг нь нууц биш ээ. Анх сонгогдсон цагаас нь баян айлын “эрх” хүүхэд хэмээн хочилдог байсан. Энэ хоч араасаа хүчиндэгч, хүн амины хэрэгт холбогдогч болгосон. Үнэн хэрэгтээ түүнд холбогдох хүн амины хэрэг нэг биш.

Булган аймагт гарсан осолд Н.Номтойбаяр буруугүй, түүний жолооч буруутан болж, хариуцлагаа хүлээсэн. "Мунзуй" хочиттой хутга гаргалцсан гэх хэрэг ч гарч байсан. Түүгээр ч зогсохгүй Г.Батхүү агсан амиа алдсан өдөр Төрийн ордонд сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь Н.Номтойбаяр болсон. Сүүлд түүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхад нь жолоочоор нь ажиллаж байсан хүн хар тамхи зөөвөрлөж яваад баригдаж, хариуцлагаа хүлээгээд явсан.

Энэ мэтчилэн муу муухай бүхэн Н.Номтойбаяртай холбогддог. Чухам аль нь үнэн байхаас үл хамаарч хуулийн байгууллагын ашиг сонирхлын зөрчил илэрсэн нь Баасан гаригийн шүүх хурал болов. АТГ, Прокурорын байгууллагын удирдлагууд өөрсдөө хүсээд, хөөцөлдөж байгааг нь харвал улс төр мэт. Гэвч энэ олон хэрэгт тэр нэр холбогдоод өнгөрдөг нь санамсаргүй биш ч юм шиг.

Ямар ч гэсэн тэр өөрийгөө буруугүй, хүсвэл гишүүний бүрэн эрхийг минь түдгэлзүүлэх саналаа ирүүл, гэхдээ би буруугүй учраас гишүүнээсээ татгалзахгүй гэдгээ хэлсэн. Хуулийн байгууллага үүнийг нь дуулаагүй биш дуулсан, харсан. Тиймдээ ч Баасан гаригт шүүх хуралдааныг зарласан байж болох. Тэр олон удаа хэрэгт “холбогдсон” ч анх удаа түүнийг шүүх дуудсан, шийдвэрээ гаргасан.

Шүүхийн шийдвэр гарсан, түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн. Харин одоо АТГ, прокуророос түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх болов уу. 2020 оны сонгууль дөхсөн, МАН дотооддоо “ан хийж” эхэлсний тэмдэг ч юм бил үү. Энэ намаас нилээд хэдэн гишүүнийг яллагдагчаар татаад байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Ж.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир гээд хөвөрч буй. Харин дараагийнх нь Н.Номтойбаяр байх эсэхийг АТГ, прокурор шийдэх нь.

Хуулийн байгууллагын удирдлагыг чөлөөлж, “өөрийн” хүнээ томилох шийдвэрийг ҮАБЗ гаргасан, гаргасан шийдвэрийг МАН-ын 65 гишүүн дэмжсэн гэдгийг энд сануулах нь илүүц биз ээ.

Хэдий яллагдагчаар татсан ч тэгсхийгээд л шийдвэрээсээ буцдаг хуулийн байгууллагын шийдвэр бүхэн сонгууль угтсан байдгийг ч хэлэх үү. Ямартай ч МАН-ынхны өргөн барьсан Сонгуулийн тухай хуульд 26.7-д "Эрүүгийн хариуцлага хүлээж ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно" гэж заасан. Түүнийгээ "Хүний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж болохгүй. Харин яллагдагчаар татагдаад байгаа нөхрийг сонгох уу, үгүй юу гэдэг нь сонгогчдын шийдэх асуудал" гэж тайлбарлаж байгаа боловч яллагдагчаар татагдчихсан хүнийг сонгох сонгогчид байна гэдэг юу л бол. Сонгогчдоос илүү өрсөлдөгчөө "агнах" сонирхол илүү байдгийг олон удаагийн сонгуулийн өмнөхөн бид харсан, үзсэн юм даг.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж