Энэ хүүтэй би байнга таардаг юм. Номтой цүнх үүрээд Их сургуулийн гудмаар тэр алхаж байдаг. Хаана ч таарсан инээмсэглээд л зөрнө. Энэ удаа түүнтэй уулзаж, ярилцмаар санагдлаа. Тэрбээр Говь-Алтай аймгийн Гуулин сумаас иржээ. Эмч нарын буруугаас болж, төрөлхийн саажилттай болсон ч Улаанбаатар хотод оюутан болтлоо тэр өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж бодож байгаагүй. Ийм л их хайр, хүндлэл, ойлголцол дунд тэр өдий хүрчээ.
АМЬДРАЛ БОЛ ТЭМЦЭЛ
-Хаана, ямар ажил эрхэлдэг вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?
-Намайг Б.Элбэгдорж гэдэг. Өнгөрсөн жил МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн онолын ангийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөх жилээ би Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гурван сар үйлдвэрлэлийн дадлага хийсэн юм. Хичээл зүтгэлийг маань үнэлээд, надад үргэлжлүүлэн ажиллах санал тавьсан. Үүнийг би маш их баярлаж хүлээж авсан. Одоо тус яамны харъяа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд статистикч хийж байна. Хажуугаар нь МУИС-ийн Эдийн засгийн сургуульд Хүн ам зүйн судлалаар магистрантурт сурч байгаа.
-Ажиллахын хажуугаар сурна гэдэг амаргүй. Ялангуяа өөрийн чинь хувьд хөдөлгөөний бэрхшээлтэй учир бусдаас илүү хичээл, зүтгэл гаргах шаардлага гардаг байх?
-Тэр мэдээж. Гэхдээ би өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж боддоггүй. Би төрөхийн хүндрэлээс болоод бүтэлттэй төрж, насан туршийн тархины саажилттай болсон. Компьютерээр яривал систем нь гэмтэхээр гацаад байдаг шүү дээ. Түүн шиг миний тархины мэдээллийн хэсэг нь гэмтчихсэн. Түүнээс болоод гар, хөл татдаг. Хөдөө сум учир эмч нар тухайн үед эрүүл төрүүлэх тал дээр ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй. Би дөрвөн нас хүртлээ хөл дээрээ босоогүй гэдэг. Ухаан орох хүртлээ бараг сумын эмнэлэгт амьдарсан. Гэртээ гараад хоёр хононо, буцаад л бие өвдөөд эмнэлэгтээ ирнэ. Зун болохоор аав, ээжтэйгээ сувилалд явна. Ер нь Монголд очоогүй эмнэлэг, лам бөө байхгүй. Тэгээд эцэст нь эвлэрч эхэлсэн дээ.
-Тэмцэж эхэлсэн юм шиг санагдаж байна. Хичээл ном сурч өдий зэрэгтэй явна гэдэг тууштай хичээл зүтгэлийн үр дүн. Ингэж тэмцэхэд чамд хэн нөлөөлсөн бэ?
-Аав, ээж маань надад “Миний хүү нэгэнт биеийн хүчний ажил хийж чадахгүй учир толгойгоороо л хоолоо олж идэх болно. Тиймээс маш сайн сурах ёстой” гэж хэлдэг байсан. Тиймдээ ч надад анхаарал их хандуулж, хатуу шаардлага тавьдаг байсан. Гэрийн даалгаварт нэг бодлого өгсөн бол би нэмээд 10 бодлого бодох ёстой. Байнга л хичээлээ хийж суудаг байсан. Тоглож, наадах гэсэн ойлголт байхгүй. Ингэж суусныхаа хүчинд 1-6 дугаар анги хүртлээ би онц сурсан. Дунд ангид ороод үүнээс залхаж эхэлсэн л дээ. Үеийн хүүхдүүд гадаа тоглож байхад би яагаад гэртээ суух ёстой юм бэ гээд бухимдаж, уурлана. Хөл, гар ч их өвдөнө. Би энийг хийх ямар албатай юм бэ гээд уйлдаг болсон. Гарч тоглож гүймээр санагдаад, нэг хэсэг хичээлээ бүр орхисон. Тэр үеэс сурлага муудаж, сул дүн авах боллоо. Аав, ээж хэлээд ч нэмэр байхгүй. Тэгж байтал манай суманд хотоос банкинд ажиллахаар нэг ах ирлээ. Тэр бас над шиг хөгжлийн бэрхшээлтэй. Гэхдээ банкинд ажиллаж, цалин авна. Энгийн хүмүүс шиг л амьдарч байсан. Тэр ах надад “Миний дүү хичээл номоо л орхиж болохгүй. Амьдрал гэдэг чинь тэмцэл байдаг юм” гэж хэлж өгсөн. Энэ үед л би аав, ээжийнхээ хэлээд байсан үгийг ойлгох шиг болсон. Ингээд буцаад хичээл, номдоо шамдаж эхэлсэн дээ. Өдөр, шөнөгүй л хичээлээ хийнэ. Өглөө эрт таван цагт босож, шөнийн 12 цаг хүртэл хичээл хийж суух өдөр надад олон байсан.
ХӨДӨЛМӨР ХҮНИЙГ ШАГНАДАГ
-Үүнийхээ үр дүнд МУИС-ийн Эдийн засгийн хуваарь авчээ?
-Тэгсэн. Багш нар маань надад маш их тусалдаг байсан. ЕБС-аа төгсөх жил сургуулийн удирдлага Боловсролын яам руу албан бичиг явуулсан юм. Энэ хүүхдээс тусгай шалгалт авах зөвшөөрөл өгнө үү гээд миний бичлэг хийгээд хүргүүлсэн. Гэтэл миний энэ хүсэлтийг яам хүлээж аваагүй. Тэгээд энгийн хүүхдүүдтэй адил шалгалт өгсөн юм. Яаж өгсөн бэ гэхээр би өөрөө зөв хариугаа дугуйлж будаж чадахгүй учир надад туслах хүүхэд гаргаж өгсөн. Ингэхдээ нэг багш, дөрвөн хянагч эргэн тойрон хараад зогсож байсан. Би тоогоо бодоод хариултынхаа өмнө цэг хатгана. Харин нөгөө туслагч хүүхэд маань тэр хариуг будаж өгнө. Ийм байдлаар шалгалтаа өгөөд, би МУИС-ийн Эдийн засгийн хуваарь авсан юм. Тэр үед аав маань маш их баярлаж, уйлж байсан. Аавыгаа уйлж байгааг хараад би анх удаа өөрөөрөө бахархсан. Тэгээд дотроо бодсон л доо. Хэрэв аав, ээж маань уйлвал тэр нь зөвхөн баярын нулимс байг гэж. Үүнийг би одоо ч зарчмаа болгож явдаг.
-Улаанбаатарт оюутан болох хүртлээ өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж бодож байгаагүй гэсэн. Тэгэхээр танай сум, сургуулийнхан чамайг маш сайн ойлгодог байжээ?
-Манай сум мянга хүрэхгүй хүн амтай учир нэгнээ маш сайн мэднэ. Намайг ямар байсан хүмүүс тэр хэвээр нь хүлээгээд авчихсан юм шиг байгаа юм. Огт гайхахгүй, яг л энгийн хүүхэд шиг харьцдаг байсан. Анх найман настай нэгдүгээр ангид орж байсан үе санаанаас огт гардаггүй юм. Ангидаа ороод сууж байтал ангийн багш Б.Сийлэгмаа хүүхдүүдэд хандаж “Манай ангийн Элбэгдоржид та нарын тусламж хэрэгтэй байгаа. Бие бялдар, хөдөлгөөний хувьд жаахан өөр шүү. Тиймээс та нар ойлгож, тусалж байгаарай” гэж хэлсэн. Яг тэгж хэлээд дуусахад миний бал газар унасан юм. Тэгэхэд ангийн хүүхдүүд надад авч өгөх гээд бүгд ухасхийгээд бал руу зүтгэсэн. Үүнээс хойш ангийнхан маань надад үргэлж тусалж, маш сайн ойлгодог болсон.
Сургууль төгстлөө би өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж бодож байгаагүй. Яагаад гэвэл сум, сургуулийнхан намайг огт гайхахгүй, яг л жирийн хүүхэд шиг ханддаг байсан. Харин хотод ирээд хүмүүсийн гайхах харц, өрөвдөж хэлэх үгүүдийг сонсох надад эхэндээ хэцүү байсан. Хүүхдүүд бол харахгүй л дээ. Нас тогтсон хүмүүс эргэж хараад иш хөөрхий минь, зайлуул гэж хэлэхээр гол гогдоод явчихдаг. Зарим нь гэхдээ надаас тусламж хүснэ гээч.
-Илүү тодорхой яривал?
-Нэг удаа талбай дээр явж байтал нэг хүн араас гүйж ирээд надаас битгий айгаарай, эгч нь чамаас юм асуух гэсэн юм гэлээ. Тэр эгч “Чамайг эгч нь их удаан ажиглалаа. Чи энгийн хүүхэд шиг байнга цүнх үүрээд хичээлд явах юм. Манай хүү бас саажилттай. Чи бидэнд зөвлөгөө өгөөч” гэв. Би хариуд нь тэр эгчид гурван асуулт тавьсан. Нэгдүгээрт, танай хүүхэд одоо хаана байна, хоёрдугаарт, хүүхэд чинь тодорхой хэмжээний хүрээлэлтэй юу, гуравдугаарт, өдөрт хэдэн цаг гадаа гардаг вэ? гэж асуусан. Эгч хариулахдаа “Манай хүүхэд одоо гэртээ байгаа, найз нөхөд байхгүй, өдөрт гэрээс бараг гардаггүй” гэсэн юм. Ингэж болохгүй шүү дээ, эгч минь. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гадуур гарах тусам нийгэмшиж, тодорхой хүрээлэл бий болдог. Хүн өөрийгөө тусгаарлаад байвал улам л зожиг болж, өөртөө итгэх итгэлээ алдана. Үүний оронд хүүхдээ дагуулаад хамаатан, найз нөхдийндөө оч. Хүүхдүүдтэй нь тоглуул. Гурав, дөрөв хэдэн ч удаа бай хамт тоглохыг хүс. Дараа нь тэр хүүхдүүд танай хүүхэдтэй тоглох гээд өөрсдөө ирнэ. Тусгаарлах тусам хүүхэд эмзэг болдог. Тиймээс хүн гэдэг утгаар нь хүүхдээ гадаа гаргаж, нийгэмшүүлэх хэрэгтэй” гэж би хэлсэн. Тэгээд өөрийнхөө хэмжээнд зөвлөгөө өгсөн. Эгч баярлаад уйлсан. Би нэг ч гэсэн хүнд тус болсондоо их баярласан. Манай аав, ээж намайг ингэж хүн болгосон. Тиймдээ ч би багаасаа хүүхдүүдтэй сурч, тоглож, найзалж ирсэн.
ХАЙРААР ХЭЗЭЭ Ч ДУТААГҮЙ
-Элбэгдорж аав, ээжийгээ байнга ярих юм. Мэдээж энэ хүмүүсийн хайр, халамжаар л өдий зэрэгтэй яваа байх. Гэр бүлээ танилцуулаач?
-Манайх ам бүл тавуулаа. Аав, ээж маань нутагтаа амьдардаг. Хотод манай хоёр ах бий. Тэд их сургуулиа төгсөөд, одоо мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа. Би гэр бүлийнхэндээ маш их хайртай. Аав, ээж хоёр минь намайг төрүүлсний дараа зөвхөн миний төлөө л амьдарч ирсэн. Уг нь тэд таван хүүхэдтэй болно гэж ярьдаг байсан гэсэн. Тэгээд намайг төрүүлсний дараа дахиж хүүхэд төрүүлэхээс айсан гэсэн. Тэгээд ч дахиад хүүхэд төрүүлбэл надад тавих анхаарал суларна гэж ээж маань хэлж байв. Хоёр ах маань надад их хайртай. Одоо ч гэсэн намайг яг л жаахан хүүхэд шиг бөөцийлдөг. Бэр эгч нар маань ч гэсэн сайн хүмүүс бий. Би хоёр ахындаа ээлжилж очоод эрхлээд суучихна. Хааяа аав, ээжийгээ их санана аа.
-Ялангуяа хотод оюутан болж ирээд их санадаг байсан байх даа. Ер нь оюутан болох ямар байв, Их сургуулийн хичээл хэр хүнд байсан бэ?
-Санаад уйлчихна шүү дээ. Гэхдээ санаа нь зовчихно гээд тэрийгээ хэлэхгүй. Хичээл хүнд байгаагүй. Харин ч их сонирхолтой байсан. Би тоондоо их дуртай. Тийм болохоор цагийн юмыг цагт нь хийгээд явбал хүндрэл гарахгүй шүү дээ. Би бүр доод ангийн дүү нартаа тусалдаг байсан. Тоог нь бодож, бие даалтыг нь хийж өгнө.
-Тэд чамд баярласнаа илэрхийлнэ биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ мөнгө өгөөд байхгүй л дээ. Оюутан хүмүүс чинь ямар их мөнгөтэй байх биш. Хамт хоолонд орно. Тэгэхэд л болчихож байгаа юм. Би найзууддаа л туслаж байгаа хэрэг шүү дээ.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ, найз нөхөдтэйгээ хэр уулздаг вэ?
-Би чөлөөт цагаараа хөрөнгийн бирж дээр тоглолт хийдэг. Хувьцааны зах зээл их сонирхож байгаа. Залуусыг харж байхад мөнгө олдонгуут шоудах, хувцас хунар авах гээд үрээд дуусчихдаг. Харин би цалингийн тооцооны данс хөтөлдөг. Сарынхаа цалинг хэдэн хэсэгт хуваана. Тухайлбал, сарын хоол хүнс, хуримтлал, ойр зуурын хэрэглээнд гэж хуваагаад, үлдсэн мөнгөө хувьцаандаа хөрөнгө оруулалт хийнэ. Энэ бол маш сонирхолтой зах зээл. Хоёр жилийн хугацаанд би судалгаа хийж ажигласан. Тэгээд хувьцаа аваад одоо зургаан сар болж байна. Энэ хугацаанд дандаа алдаж байсан. Харин энэ сараас эхлээд надад ашгаа өгч эхэлж байгаа. Эхэндээ ойлголтгүй байсан би одоо нийгмийн амьдрал, бизнесийн орчинг мэдэхийн тулд мэдээ үздэг болж байна. Яагаад гэвэл хувьцаа мэдээллийн эх сурвалж дээр явагддаг. Хэн мэдээлэл сайтай, мэдрэмжтэй байна тэр ашигтай байж чадна. Цаашид би энэ талын мэдлэгээ улам илүү тэлэх, амжилтаа дээшлүүлэхийг хүсэж байна. Найз нөхөдтэйгээ уулзах зав тэр бүр гарахгүй байна. Бүгд өөрсдийн ажил, амьдралтай болохоор хааяа л уулзах юм.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СУДЛААЧ БОЛНО
-Сургуулиа төгсөөд ажил дээр гарах хэр байна, ажиллаад давхар сурч байгаа гэхээр ачаалал ихтэй байгаа байх?
-Онолыг нь үзсэн юм чинь ажил дээр гарахад хүндрэл бага байсан. Тэгээд ч би ажилдаа дуртай. Бага байхад урам зориг алдарсан үед хэн нэгэн ухааруулж байсан шиг би одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмнэлэгт ажиллаж, тэдэнд үлгэр жишээ, урагшлах хүч болохыг хүсдэг. Хүүхдүүд үнэхээр хөөрхөн. Цайныхаа цагаар би хүүхдүүдтэй тоглож, хамт байхаар ядарснаа мартчихдаг. Хааяа ажил дээр ачаалалтай суух үед манай ажлынхан надад массаж хийж, гар хөл суллаж өгдөг. Тэгэхээр би хаана ч явсан эрхэлж, халамжлуулаад л, нэг бодлын азтай шүү. Мэдээж хааяа ядарна л даа. Гэхдээ би зорилгоо боддог.
–Ямар зорилго билээ?
-Арван жилд сурч байхад надад Солонгос явж сурах боломж олдсон юм. Гэтэл аав, ээж маань алхам ч холдож үзээгүй хүүхдээ хаа хол газар явуулахгүй гээд их сандарч байв. Дараа нь би явдаг байж гэж харамссан. Багадаа би их тэнэг мөрөөдөлтэй байжээ. Жүжигчин болно гэж мөрөөддөг байлаа. Том болоод болж чадахгүйгээ мэдээд урам хугарсан. Гэхдээ зүгээрээ, мөрөөдөл маань өөрчлөгдсөн. Одоо байгаа мэдлэгээ улам гүнзгийрүүлж судлах мөрөөдөлтэй болсон. Үүнийг биелүүлэхийн тулд яваандаа гадагшаа явж суралцах төлөвлөгөөтэй байна. Одоо би судалгааны магистрантурт сурч байгаа. Судалгааны ажлаа цааш нь шинжлэх ухааны чиглэл рүү гүнзгийрүүлэхийг зорьж байна. Аливаа зүйлд шинжлэх ухаанчаар ханддаг болчихвол гоё шүү дээ. Миний хамгийн том мөрөөдөл бол сургуулиа төгсөж Монголдоо ирээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа эрдэм шинжилгээ, судалгааны томоохон обьект бий болгох юм. Миний хийсэн судалгааг манай улс аваад хэрэгжүүлээсэй гэж би боддог. Ер нь миний амьдрал их мөнгөтэй болж, баяжих биш. Харин хүний наад захын хэрэгцээгээ хангачихдаг байвал болоо. Хөргөгчиндөө идэх хоолтой, гэр орон дулаахан, цэвэр цэмцгэр, тав тухтай байвал өөр шунах зүйл алга. Тиймээс би одоо залуу байгаа дээрээ өөрийгөө хөгжүүлж, сурч боловсрохыг л хичээдэг дээ.
-Баярлалаа. Цаашдын хүсэл мөрөөдөл, зорилгод нь өндөр амжилт хүсье!
zochin 2019-12-16 202.179.24.43
Сайн хүү байна чи яг зөв мэргэжил сонгосон байна. Хөрөнгийн бирж дээрх тоглолт чинь ёстой цагаа олсон зөв алхам байна. Тэр бүр хүн мэддэг ажил биш ойлгодог ч ажил биш үнэхээр мундаг байна. Би огт тааралдаж байгаагүй юм байна. Хүн хичнээн их хөдөлмөрлөнө тэр хэмжээгээрээ л боловсорч нийгэмшиж явдаг манай залуус энэ хүүгээс сайн үлгэрлэл авах хэрэгтэй юм шиг. Сайхан бие, эрүүл оюун ухаанаа энэ хүү шиг хөгжүүлэх л хэрэгтэй мундаг байна. Үнэхээр бишэрч байна цаашдын нь ажил хөдөлмөрд амьжилт хүсэе
zochin 2019-12-16 202.179.24.43
ЗОРИЛГОТОЙ БАЙХАД САНАА ЗӨВ БОЛ ЗАЯА ЗӨВ
Мөнгөө 2019-12-16 202.9.40.156
Сайхан ээж, аавын сайн хүү байна. Дүүд амжилт хүсье. Улам их өөдөө тэмүүлээрэй.
Purevee 2019-12-16 202.55.188.45
Ene huntei uulzaj yriltsmaar bna. Yaj holbogdoh bol!
Зочин 2019-12-16 202.179.31.23
Zorilgotoi mundag zaluu ba.Sain saihanig hvsie
нэгэн ээж 2019-12-16 27.123.215.222
ямар мундаг хүү вэ амжилт аз жаргал хүсье хүү минь
Naran 2019-12-16 66.181.181.112
Mundag zaluu baina,amjilt.
зочин 2019-12-16 202.21.103.118
Дүүд амжилт
Зочин 2019-12-16 192.82.69.243
Мундаг дүү амжилт хүсье аав ээжийн хүиүүжил эндээс харагдаж байнада
Zochin 2019-12-16 192.82.77.152
Mundag zaluu bnaa, Good luck!!
Зочин 2019-12-16 66.181.164.132
Энэ чинь харин нөгөө тагнуулч билүү, анчин ч билүү ангууч бил үү тэрний хажууд жинхэнэ эрх хүн байна даа.
Зочин 2019-12-16 202.55.191.130
Гайхамшигтай.
Д.Жаргаа 2019-12-16 202.55.191.130
Энэ залууг телевизээр, бүр Ануугийн нэвтрүүлэгт оруулж, Монгол улсынхаа залууст үлгэр дууриалал болгож, яриулах хэрэгтэй. Мундаг залуу, өөр юу гэлтэй…
зочин 2019-12-16 192.82.64.248
ямар сайхан ярилцлага вэ, энэ залууд болон ярилцлага хйсэн сэтгүүлчид баярлалаа, ийм хэрэгтэй залуучуудад түгээмээр байгаа юм даа.
Зочин 2019-12-16 202.126.89.141
Амжилт амжилт амжилт….Залуу минь. Чиний зөв хүсэл, сурах мэдэх тэлүүлэл, амьдралын зөв хандлага, өөрийгөө дайчлах чадвар, сурсан мэдлэг боловсрол тань чамайг ирээдүйд маш сайхан амьдрах эх үүсвэр тань болно. Олон залууст зөв үлгэр дуурайл манлайлал үзүүлэх хэмжээний сэтгэл, зүтгэл, итгэл, боловсролтой чамд аз жаргал хүсье. Биеийн хүчээн нэгийг ялюу… Оюуны хүчээр олныг ялюу гэж… үнээн. Залуу минь чи өнөөдрөөс хэрхэн зөв, ухаалаг амьдрах тухай төлбөртөй лекц уншаарай. Аз жаргал хүсье.
saihan yariltslaga bn 2019-12-16 202.9.40.152
saihan yariltslaga bolj. ariun zaya setguulchee ene huugiin utsiig ugnuu. yum asuuy.ene hayg ru maildej tuslana uu. puujee108@gmail.com
ene huugiin utsiig yaj oloh ve. 2019-12-16 202.9.40.152
snuu
Зочин 2019-12-16 122.201.22.160
Good
Зочин 2019-12-16 103.14.36.18
saixan yariltslaga boljee.
Сүхбаатар 2019-12-16 64.119.27.198
Амьдрал бол тэмцэл биш. Амьдрал бол асрал хайр, энэрэл хайр юм. Аав ээжийнхээ асрал хайрыг мэдэрсэн учраас энэ залуу хөл дээрээ босож чаджээ. Сайн байна. Энэ залууд Амар амгалан, Аз жаргал, Амжилт бүхнийг ерөөе.
Зочин 2019-12-16 202.131.229.34
Ирээдүй нь гэрэл гэгээтэй, эрүүл энх байг.
zochin 2019-12-16 202.179.27.95
ulger jichee avaachee naad chuu chin ich zov um yrilaaa, duudee amjilt chuuseei
Zochin 2019-12-16 66.181.189.141
Хасын Ганхуягыг "талх" гээд байгаа нөхдүүд өөрсдөө ч талхны үнээ мэдэхгүй гэдэгт итгэлтэй байна. Энэ залуу хөрөнгийн зах зээлийн талаар маш зөв ярилаа. Та банкинд жилийн 14% хувиар мөнгөө хадгалуулаад жилийн 8% инфляцид идүүлээд бодитоор 6% хүүгийн ашиг авна. Харин арилжаа хийж сурнаар нэг удаагийн арилжаагаар 6% ашиг хүртэнэ. Мэдээлэлд тулгуурлаж магадлалын онол ашиглана. Зарим нөхөд мөнгөө алдчихаад бурууг бусад чихнэ. Шинжилгээнд биш шуналдаа хөтлөгдөж мөнгөө алддаг.
Зочин 2019-12-16 50.7.93.29
Долларын хадгаламж ашиг гарах уу
зөв хүн 2019-12-16 182.160.32.24
маш зөв хүмүүжилтэй,ухаантай залуучуудад үлгэр жишээ болох хүү байна даа зүгээр суусан залхуу залуучууд энэ залуугаас суралцаарай