Солонготын даваанаас Архангай аймаг руу явах замд хоёр хоногийн өмнө ОХУ-аас Монгол руу зорчиж явсан автомашин осолдож, хоёр хүн хүндээр бэртэж, нисдэг тэргээр Улаанбаатар хотод хүргэгдсэн байна.
Улмаар уг осолдсон машинаа ачиж авахаар өчигдөр /2019.12.14/ хүмүүс очиход дахин нэг автомашин осолдсон байсныг албаныхан мэдээллээ. Уг ослын талаар нэгэн иргэн өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ “Солонготын даваанаас буудаг хэсгийн энэ эргэлт дээр анхаарлын тэмдэг болон өөр бусад осол аваараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох газрууд нь яаралтай авах хэрэгтэй байна.
Уг хэсгийн эргэлт огцом учраас 34 дэх осол хоёр хоногийн өмнө гарсан, харин ОХУ-аас ирсэн автомашины осол нь яг энэ эргэлт дээр гарсан 35 дах осол боллоо. Хар өнгийн Ниссан Жукэ маркийн машинд хоёр иргэн /Монгол/ зорчиж явсан бөгөөд газар дээрээ нас барсан байдалтай аймшигт дүр зураг. Энэ олон осол болж олон хүний эрдэнэт амь, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирч байхад яагаад 34,35 гэж тоолохоос өөр арга хэмжээ авахгүй байгаа юм бэ? Нутаг дэвсгэрийн хувьд Архангай аймагт хамаардаг. Завхан Архангайн зааг нутаг юм. Увс, Завхан аймгийн иргэдийн зүүн зүгт зорчдог ганц зам. Архангайхан бараг явдаггүй болхоор тоодоггүй юм уу? Анхнаасаа үхлийн жалга бий болгож уг замын зураг хийсэн нөхдүүд үүнийг хараад эмзэглэдэг болов уу?” гэжээ.
А.СҮРЭН