ФОТО: “The Hu” хамтлаг 42 мянган км аялан тоглолт хийжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.15-нд нийтлэгдсэн

ФОТО: “The Hu” хамтлаг 42 мянган км аялан тоглолт хийжээ

ФОТО: “The Hu” хамтлаг 42 мянган км аялан тоглолт хийжээ

Монголын “The Hu” хамтлагийнхан өнөөдөр /2019.12.15/ эх орондоо ирлээ. Олон улсад монголын рок урсгалыг амжилттай таниулж буй THE HU хамтлаг есдүгээр сарын 11-нээс эхлүүлэн арванхоёрдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш өдөр алгасахгүй аялан тоглолтоо хийсэн билээ.

Тэднийг угтан авахаар үнэнч фенүүд нь нисэх онгоцны буудал дээр цугларчээ. Энэ үеэр хамтлагийнхны гэр бүл, ойр дотныхон нь Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондогт төрсөн өдрийн мэнд хүргэж, баярын бялуу бэлэглэсэн нь гэнэтийн бэлэг болсон юм.

Тус хамтлагийн ахлагч, морин хуурч Ц.Галбадрах сэтгэгдлээсээ хуваалцахдаа “Бид Хойд Америкийн 50 гаруй хотод 60 гаруй амьд тоглолтыг амжилттай хийж, эх орондоо ирлээ. Хамтлагийн маань бие даасан тоглолтын билетүүд ихэнх нь зарагдаж дууссан. Мөн дэлхийн хамгийн алдартай олон улсын фестивалиудад тоглолоо. Бидний тоглосон цаг маш эрт байсан мөртлөө асар олон хүн тоглолтыг маань үзэх гэж цугласан байсан. Тоглолт эхлэхээс цагийн өмнө үзэгчид “Хү хү хү” хэмээн орилж байсан. Хамтлагт маань олон улсын фестиваль зохион байгуулж байсан хүмүүс тусгайлан баяр хүргэж байсан. Бид маш их урмыг авсан. Бид өдөр болгон тоглолтын бэлтгэлээ хийж байсан. Цаашдаа улам их хичээх болно.

Г.Нямжанцан ярихдаа “Монгол төрийн дээд эрхэм дээд шагнал болох Чингис хаан одонг хамтлаг маань хүртсэн. Бид аялан тоглолтоосоо дөнгөж ирээд Дашка ахыгаа шагнал гардан авч буй бичлэгийг үзэхэд үнэхээр сайхан байсан. Хамтлагаараа тэр баяр мөчийг хамтдаа хуваалцаж, баярлаж байлаа. Бид энэ удаа эх орондоо нэг сар орчим амраад Европын орноор аялан тоглолтоо дахин хийх болно. Эх нутгийн агаар сайхан байна” гэсэн юм.

“The Hu” хамтлагийнхан энэ удаагийн аялан тоглолтоороо нийт 90 хоногийн турш 42 мянган километр аялан тоглолоо. Мэдээж залууст маань энэ аялан тоглолт амар байгаагүй. Үүнийг давж гарна гэдэг маш их сэтгэлийн тэвчээр байсан гэдгийг хамтлагийн продюсер онцлон хэллээ.

Үүний зэрэгцээ, The Hu хамтлаг Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж буйгаа энэ үеэр албан ёсоор зарласан юм.

Тэд дуу нэгтэйгээр "Гэр бүлээ хайрлая, хүндлэе, ойлгоё" хэмээн уриалж, "Монголчууд эрт дээр цагаас хойш гэр бүлийн дотор бие биенээ хүндэлсэн, халуун дулаан уур амьсгалтай байхыг эрхэмлэсээр ирсэн. Бид ч үүнийг үргэлж ярьж, энэ зүйлийг бусдад түгээж ойлгуулахыг зоридог. Тийм ч учраас бидний зорилго энэхүү аяны зорилготой нийцэж байгаа тул нэгдэж байгаадаа баяртай байна" хэмээн хэлсэн юм.

 

А.СҮРЭН

ГЭРЭЛ ЗУРАГ: Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж