100 сая төгрөгийн эзэд тодроход 2 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2015.10.02-нд нийтлэгдсэн

100 сая төгрөгийн эзэд тодроход 2 хоног үлдлээ

Монголын хамгийн том шагналын сантай хөлбөмбөгийн “Хүрхрээ” үндэсний дээд лигийн тэмцээн өндөрлөж, цомын эзэд тодроход ердөө ганцхан тойргийн тоглолтууд үлдлээ.

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Дээд лигийн тэмцээнийг энэ оноос эхлэн “Арвайн Үндэс” компани ивээн тэтгэн оролцож байгаа бөгөөд дөрвөн жилийн хугацаатай 500 сая төгрөгийн гэрээ байгуулан, хамтран ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн жилийг хүртэл энэхүү тэмцээний нийт шагналын сан 18 сая төгрөг байсан бол энэ жилээс эхлэн 100 сая болж нэмэгдсэн нь мэдээж хөлбөмбөгийн спортыг дэмжигч “Арвайн Үндэс” компанитай салшгүй холбоотой. Дэлхийн хаан спортыг өөрийн эх орондоо илүү хурдацтай хөгжүүлэх, дотоодын тэмцээн, уралдааныг чанаржуулан, шагналын санг нэмэгдүүлэх нь Монголын хөлбөмбөгийн хөгжлийг хурдасгасан хамгийн чухал алхам юм.

Энэ жилийн хувьд “Хүрхрээ” үндэсний дээд лигт түрүүлсэн баг 40 сая төгрөг, шилжин явах цомын эзнээр тодрох бол удаах байрт орсон баг 30 сая, харин гуравдугаар байрт шалгарсан баг хүрэл медаль болон 20 сая төгрөгийн шагнал, шилдэг тоглогч, шилдэг хаалгач, шилдэг шүүгч нар 10 сая төгрөгний шагнал хүртэнэ. Монголын хөлбөмбөгчид анх удаа ийм өндөр шагналын сантай тэмцээнд өрсөлдөж байна.

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар:

2015 онд Хөлбөмбөгийн спортын хөгжлийн түүхэнд хамгийн том хувь нэмэр оруулсан байгууллага бол “Арвайн Үндэс” компани болон түүний “Хүрхрээ” брэнд юм. Хөлбөмбөгийн спортыг дэмжигч, үнэнч хөгжөөн дэмжигчид та бүхэн үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Дотоодын өрсөлдөөнийг чанаржуулж улмаар хөлбөмбөгийн хөгжилд том түлхэц үзүүлэн “Арвайн Үндэс” компани 100 сая төгрөгөөр ивээн тэтгэж байгаа. Энэ бол цэвэр Монгол Улсын хөлбөмбөгийн спортын хөгжилд зориулагдаж буй ивээн тэтгэлэг юм.

Тэгвэл “Арвайн Үндэс” компани МХБХ-той хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулж, шагналын санг спортын түүхэнд урьд хожид байгаагүйгээр нэмэгдүүлсэнээр маш олон өөрчлөлт ахицыг гаргажээ. Тухайлбал нийт 9 багийн 252 тамирчид оролцож байгаагийн 27 нь гадны улс орнуудын легионер тамирчид байна. “ФС Улаанбаатар” баг гэхэд Японоос найман тамирчин урьж, багаа зузаатгасан байна. Тэгвэл хамгийн олон улсын тамирчдаар багаа бүрдүүлсэн нь лигийн өнгөрсөн жилийн аварга “Хоромхон” клуб юм. Тэд таван улсаас тамирчин урьсан бөгөөд Словен, Нигер, Япон, АНУ, Камеруны хөлбөмбөгчид тус багт хүчин зүтгэж байна. Энэ нь монгол тоглогчийн хувийн ур чадварыг сайжруулахаас гадна тамирчдад харилцан туршлага солилцох том боломжийг нээж өгч байгаа хэрэг юм.

Өнгөрсөн жил хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн тэмцээнд 46 тоглолт явагдсан бөгөөд энэ хугацаанд 173 гоол орсон гэсэн статистик үзүүлэлт байна. Энэ жилийн хувьд яг одоо сүүлийн тойрог эхлэхээс өмнө аль хэдийн 313 гоол хаалганд ороод байгаа бөгөөд энэ нь өмнөх жилийнхээс 2 дахин их тоон үзүүлэлт юм.

Өнгөрсөн жилийн мэргэн бууч, Японы тамирчин Минами Юсуке 10 гоолтойгоор лигийг өндөрлүүлж байсан бол энэ жил ердөө хоёрхон гоол оруулаад байна. Одоогийн байдлаар мэргэн буучдын жагсаалтыг “Хоромхон” клубын довтлогч Н.Наранболд 21 гоолтой тэргүүлж байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс мөн нэг дахин илүү үзүүлэлт болж байгаа юм. Тоглолт бүр дээр тамирчид багаа болон өөрийн хувийн амжилтаа ахиулахыг гол зорилгоо болгож байгаа. Энэ жилийн мэргэн буучдын жагсаалтыг “Улаанбаатарын унаганууд” багийн тамирчин Ц.Түмэнжаргал тэмцээний эхнээс тэргүүлж байсан ч хоёр тойргийн өмнө тэргүүллийн байрлалаа алдсан. Энэ нь мөн л тамирчдын хоорондын өрсөлдөөнийг харуулж байгаа хэрэг юм.

Энэ бүх өөрчлөлтүүд “Арвайн Үндэс” компани Дээд лиг, бусад тэмцээний шагналын санг нэмэгдүүлсэнтэй шууд холбоотой. Шагналын сан өндөр болохын хэрээр Монголын хөлбөмбөгийн “Хүрхрээ” үндэсний дээд лиг улам ч их өрөлсөлдөөнтэй болж, монгол тамирчдын ур чадвар нэмэгдсэнээр байна.

2015 оны 10 дугаар сарын 04-нд МХБХ-ны талбайд болох аваргын төлөөх “Хүрхрээ” үндэсний дээд лигийн тоглолтуудыг та бүхнийг ирж үзэхийг урьж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж