“Дэлхийн мисс”-д амжилттай оролцсон Монголын миссүүд

Хуучирсан мэдээ: 2019.12.15-нд нийтлэгдсэн

“Дэлхийн мисс”-д амжилттай оролцсон Монголын миссүүд

“Дэлхийн мисс”-д амжилттай оролцсон Монголын миссүүд

"Дэлхийн мисс"-ийн тэмцээн бол олон улсын гоо сайхны тэмцээнүүдээс хамгийн нэр хүндтэй тэмцээн. Анх 1951 онд Их Британийн Эрик Морли зар сурталчилгааны байгууллага зохион байгуулснаас хойш тив, дэлхийн тэмцээн болтлоо өргөжсөн гэдэг. Тэгвэл энэхүү нэр хүндтэй олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, амжилт гаргаад буй мисс бүсгүйчүүдээ танилцуулья.

Монгол Улс анх 2005 онд Дэлхийн мисс-д оролцсон эхэлсэн бөгөөд тухайн үед загвар өмсөгч, мисс Б.Хонгорзул эх орноо төлөөлөн оролцсон юм. Харин 2006 онд Э.Сэлэнгэ, 2007 онд Г.Оюунгэрэл, 2008 онд Ч.Ану, 2009 онд Б.Батцэцэг, 2010 онд А.Сарнай, 2011 онд Ө.Буянхишиг нар оролцож байжээ.


МИСС Х.БАЯРМАА

Өвөрмонголын Ордос хотноо зохион байгуулсан “Дэлхийн мисс-2012” 61 дэх удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн мисс Х.Баярмаа оролцож байжээ. Түүнийг Монгол Улсын гавьяат жүжигчин С.Өлзийхүүгийн охин гэдгээр нь сайн таних биз. Тэрбээр авъяаслаг мисс тэмцээний шилдэг 15 бүсгүйн тоонд багтаж байжээ.

Мисс Х.Баярмаа “Miss Mongolia-2012” тэмцээнд оролцон шилдгээр шалгарч, дэлхийн 122 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлджээ.

МИСС С.ПАГМАДУЛАМ

Гоо сайхны олимп гэгддэг 63 дахь удаагийн “Дэлхийн мисс-2013″ тэмцээн Индонези улсын Бали арал дээр болсон. Энэ тэмцээн нутгийн оршин суугчдын эсэргүүцэл дор бараг хаагдмал шинжтэй болсон ч Филиппин улсын мисс Меган Ян титмийн эзэн болсон.

Энэ тэмцээнд манай улсаас 22 настай С.Пагмадулам оролцсон юм. Тэр 2011 онд болсон “Miss tourism international”-д Монголыг төлөөлөн оролцож, шилдэг 15-д багтснаас гадна “Авьяаслаг мисс” болж байсан бүсгүй.

МИСС Б.БАТЦЭЦЭГ

Дэлхийн эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон 64 дэх удаагийн “Дэлхийн Мисс-2014” тэмцээнд манай улс 10 дахь гоо бүсгүйгээ илгээжээ.

Английн нийслэл Лондон хотноо арваннэгдүгээр сард зохион байгуулсан гоо сайхны олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцох хүндтэй үүргийг мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг хүлээсэн байдаг.

 МИСС Н.АНУ

"Miss Mongolia 2015" тэмцээний тэргүүн миссийн титмийн эзнээр Намшир овогтой Ану тодорч,  БНХАУ-д зохион байгуулсан 65 дахь удаагийн “Дэлхийн мисс-2015″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байжээ.

Мөн тэрбээр тухайн ондоо Японы Окинаво хотноо болох "Miss International-2015" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж, дэлхийн өнцөг булан бүрээс нийт 81 мисс бүсгүйчүүд өрсөлдсөнөөс 13 дугаар байрт шалгарсан юм. Мисс Н.Ану нь “Говь” компанийн нүүр царай болж, дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнийг нь сурталчлах болсон төдийгүй загварын тайзнаа нэлээн амжилтуудыг гаргаж байжээ.

МИСС А.БАЯРЦЭЦЭГ

Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2016” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо болж, дэлхийн 119 орны гоо бүсгүйчүүд авьяас чадвар, ур ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг Монгол Улсын түүхэнд байгаагүй амжилт гаргаж, шилдэг 11-т багтаж чадсан юм. Харин 65 дахь удаагаа зохион байгуулагдсан “Дэлхийн мисс”-ийн титмийг Пуэрто Рико улсын мисс Стефани Дел Валле хүртсэн байдаг.

Мөн тэрбээр үндэснийхээ бүжгийг бүжиглэн сонирхуулснаар авьяасын үзүүлбэрээрээ шилдэг аравт шалгарч чадсан билээ.

МИСС Ц.ЭНХЖИН

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон 67 дахь удаагийн "Дэлхийн мисс-2017" тэмцээн БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотноо болж өндөрлөсөн. Дэлхийн 118 орны гоо бүсгүй өрсөлдсөн энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Цэвээндашийн Энхжин амжилттай оролцож, шилдэг 15-д шалгарч чадсан билээ. Монголын гоо бүсгүй "Мультимедиа" миссээр тодрон, "Head to head challenge" шалгаруулалтад багаасаа тэргүүлсэн амжилтыг үзүүлсэн юм.

Үүнээс гадна Ц.Энхжин "Зорилго бүхий гоо үзэсгэлэн" буюу шилдэг хүмүүнлэгийн төслийн шалгаруулалтад шилдэг 20-д шалгарч, Монголын гоо бүсгүйчүүд тив дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж буйг батлан харуулсан юм.

МИСС Э.ЭНХРИЙМАА

Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 68 дахь удаагаа тодруулах "Miss World- 2018" тэмцээний финалын шатны шалгаруулалт арванхоёрдугаар сарын 08-нд БНХАУ-ын Саньяа хотноо болж, өндөрлөсөн.

“Miss World-2018” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох  гоо бүсгүйгээр 20 настай Э.Энхриймаа тодорсон билээ. Тэрбээр Орхон аймгийн харьяат, Санхүү эдийн засгийн их сургуульд олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг, орос, англи хэлтэй. Мөн өнгөрөгч 2018 оны долдугаар сард Монголын эмэгтэйчүүдийн "Хатан эрдэнэ" холбооноос зохион байгуулсан “Монголын сайхан бүсгүй-2018” тэмцээний тэргүүн миссээр шалгарсан мисс бүсгүй юм. Мисс Э.Энхриймаагийн бэлэг дэлхийн 120 гаруй гоо бүсгүйн бэлгэ дундаас шилдгээр шалгарч, дуудлага худалдаанд орж байжээ. Энэ нь манай улсын мисс Энхриймаагийн оноонд нэмэр үзүүлсэн бөгөөд дуудлага худалдаанаас олсон орлогыг өнчин хүүхэд, ядуус, өвчин зовлонтой хүмүүст туслах зэргээр хүмүүнлэгийн үйлсэд зарцуулдаг байна.

МИСС М.ЦЭВЭЛМАА

“Дэлхийн мисс” тэмцээний 69 жилийн түүхэнд Монгол улсаа төлөөлөн дөрөв дэх удаагаа амжилттай оролцож, шилдэг 40 орны гоо бүсгүйн тоонд багтлаа. Мөн түүнчлэн мисс бүсгүйн санаачилсан элэгний өвчлөлийн эсрэг "Эрүүл Монгол – Эрүүл Дэлхий" төсөл “Зорилго бүхий гоо бүсгүй" гэсэн шалгуурт анх удаа шилдэг 10-т багтсан нь түүний онцлох амжилт юм.

Мисс М.Цэвэлмаа нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг эмч мэргэжлээр төгссөн бөгөөд "Монголын сайхан бүсгүй-2018" уралдааны есөн эрдэнийн өргөмжлөлт бүсгүйчүүдийн “Мөнгөн эрдэнэ”-ийн өргөмжлөлийн эзнээр тодорч байжээ.

Мисс бүсгүй М.Цэвэлмаа дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн "Авьяас" номинацид топ зургаа, "Head to head challenge Group" дөрвөн ялагчийн нэг, "Multimedia" төрлийн топ гуравт, "Зорилго бүхий гоо сайхан" топ 10 гэсэн амжилтуудыг үзүүлэн Монгол Улсын амжилтыг шинэчлэн тогтоолоо.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж