Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажил дуусч, ирэх ням гаригт нээлтээ хийх гэж байна. Автомашины ченжүүдийн багагүй эсэргүүцэлтэй тулгараад байгаа ч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ хэмээн тус цогцолборын дарга Д.Байдраг өнөөдөр мэдээлэл хийлээ. Авто худалдааны цогцолборын хувьд 22-ын товчооны урд хэсэгт байрладаг. Эхний ээлжинд 6000 гаруй автомашины зогсоол, сэлбэг хэрэгсэл, засварын төвийг нэг дор байгуулах аж. Мөн нийслэлийн Татварын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийтийн тээврийн газар, Цагдаагийн газар, Автозамын газар, Автотээврийн үндэсний төв, банк санхүүгийн байгууллагууд тэнд үйл ажиллагаа явуулах гэнэ. Тус зах ирэх ням гаригт буюу аравдугаар сарын 4-нд албан ёсоор нээлтээ хийх юм.
Авто худалдааны цогцолборын дарга Д.Байдрагийн мэдээлж буйгаар одоогоор 6000 гаруй зогсоолоос 400 иргэн 1200-г нь худалдан авчээ.
Нийслэлээс автомашины захуудыг нүүлгэснээр замын түгжрэлийг бууруулж, байгаль орчинд тустай хэмээн үзэж байгаа юм. Гэвч нөгөө талаас автомашины ченж нарын зүгээс ашиг буурна гэсэн тайлбарыг хэлж байгаа билээ. Албаныхны мэдээлснээр нийслэлийн хэмжээнд 156 цэгт автомашин худалддаг. Үүний ихэнх нь зөвшөөрөлгүй, стандарт бус газар юм байна. Тухайлбал, цэцэрлэгийн орчимд, дэлгүүр хоршооны хашаанд зэрэг олны хөлийн, зориулалтын бус талбайд автомашин худалддаг цэгүүд ч байдаг аж. Тиймээс эхний ээлжинд зөвшөөрөлгүй цэгүүдийг цөөлж 102 болгосон байна. Авто худалдааны цогцолбор ашиглалтад орсноор “Да хүрээ”, “Өгөөмөр”, “Даймонд”, “Монбэт”, “Дако”, “Старт” зэрэг захуудын үйл ажиллагааг зогсоох билээ. Одоогоор захуудад нүүх албан бичгийг бүгдэд нь хүргүүлсэн гэх мэдээллийг өглөө.
Хууль бус уу?
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас, автомашины захуудыг хотоод гадагш нүүлгэх нь “Өрсөлдөөний тухай хууль”-ийг зөрчсөн хэмээн мэдээлж байсан. Улмаар дээрх автомашины захуудыг нүүлгэх үндэслэл бий юу, агаар болон хөрсний бохирдол үүсгэсэн үү, үнэхээр стандартын шаардлага хангахгүй байгаа нь үнэн үү гэдгийг судлахгүйгээр ийм арга хэмжээ авч байгааг буруутгасан бий. Тэгвэл Авто худалдааны цогцолборын даргын зүгээс ийм тайлбар хэллээ.
Авто худалдааны цогцолбор руу нүүж очих ченжүүдэд нэг машины зогсоолыг дөрвөн сая төгрөгөөр зарж байгаа. Гэтэл нэг машиын зогсоолыг 4 сая төгрөгөөр худалдаж авсан ч цаашдаа нэмж татвар, хураамж нэхэх вий гэж ченжүүд болгоомжилж байгаа юм байн. Энэ талаар Д.Байдраг “Иргэдийн хөдлөх хөрөнгө, үнэтэй автомашинуудыг хадгалж, хамгаалж байгаа гэдэг утгаараа нэг машинаас сард 15 мянган төгрөгөөр тооцож хурааж авна. Үүнээс өөр хураамж авахгүй” гэв.
Ямартай ч ашиглалтад орохоор товлосон хугацаанаасаа жил гаруй хугацаагаар хойшлогдсон ч Авто худалдааны цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалтын нээлт ирэх ням гаригт 12.00 болох юм байна. Харин Авто худалдааны цогцолбор бүхэлдээ 2016 оны сүүлчээр ашиглалтад орох гэнэ.
БЭЛТГЭСЭН: Б.ЗАЯА, Н.БАТМӨНХ