С.Зоригийн хэрэг илэрнэ гэж итгэсээр л

Хуучирсан мэдээ: 2015.10.02-нд нийтлэгдсэн

С.Зоригийн хэрэг илэрнэ гэж итгэсээр л

Өдгөөгөөс 17 жилийн өмнө, 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг бусдын гарт амь харамсалтайгаар амиа алдсан. 17 жилийн хугацаа өнгөрсөн ч өнөөдөр түүний хэрэг илрээгүй байна. Гэсэн ч Монголын ард түмэн түүний аллагын хэрэг хэзээ нэгэн цагт илэрнэ гэж итгэсээр л байна. Жил бүрийн аравдугаар сары 2-нд гарсан энэхүү аймшигт өдрийг дахин бүү давтагдаасай гэсэндээ монголчууд түүнийг үргэлж дурсан санаж С.Зориг агсаны хөшөөнд хүндэтгэд үзүүлэн цэцэг өргөдөг уламжлалтай. Түүний хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй Ардчилсан намын удирдлагууд, С.Зориг агсны төрсөн ах С.Баяр, төрөл төрөгсөд, журмын нөхөд нь өнөөдөр хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв. Энэ өдрийг С.Зориг агсны төрсөн дүү С.Оюуны санаачилгаар 2013 оноос эхлэн “Улс төрийн хүчирхийллийн эсрэг өдөр” хэмээн нэрлэх болсон юм.

С.Зориг нь Монголын Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг төдийгүй нэрт улс төрч байв. Тэрбээр төлөв даруухан зантай, шударга хүн байсан гэж өнөөдөр үеэл эгч нь Д.Рина нь дурсан ярьлаа. Тэрбээр "С.Зориг агсны гэр бүл, ах дүү, хамаатан садангийнх нь нэг хүсэл бол талийгаачийг бүрэлгэсэн этгээдийг олж, хар хавтаст хэргийг илрүүлэх явдал" гэв. Мөн Д.Рина гуай энэхүү аллагын хэргийн илрүүлэлтийг хэрэв үзэж чадахгүй бол тэнгэрт очсон үедээ үеэл дүүтэйгээ уулзаж, сэтгэлээ онгойтол ярилцан, хэрэгтэн хэн байсныг мэдэж авна гэдгээ онцлон хэлэв.

Монголын Улс төрийн түүхэнд хар толбо тогтсон тэр өдрийг үргэлж дурсч явахыг ардчилалын партизанууд ярьж байна. Учир нь өнөөг хүртэл энэхүү аймшигт хэргийг хэн үйлдсэн бэ гэдэг нь бүрхэг, жилээс жил энэ хэргийг илрүүлэх найдвар буурсаар байгаа юм. Тиймээс үүний цаана ямар нэгэн улс төрийн том нууц байгаа гэж тэд хэллээ. Монголчууд энэхүү хэргийг үйлдсэн гэмт этгээд болон зохион байгуулсан хүмүүсийг олж, илрүүлэх ёстой. Гэхдээ хэзээ нэгэн цагт энэ хар хэрэг олонд ил болж, гэмт этгээд хариуцлага хүлээнэ гэдэгт итгэдэг гэдгээ ахмад иргэд ярьж байна.

1999 онд С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэж, Б.Дэнзэнгийн эх загвараар хүрэл, түүний хөшөөг босгосон юм. Түүний хөшөөг зүүн гартаа дипломат цүнх, баруун гартаа янжуур барьснаар бүтээсэн. Учир нь С.Зориг агсан ном уншиж, шатар тоглонгоо Оросын “Стюардес” тамхи татах дуртай байсан гэж анд нөхөд нь дурсдаг.

Д.УЛАМБАЯР

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж