НӨАТ-ын урамшууллын 2019 оны арваннэгдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр /2019.12.15/ “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэд 2019 оны арваннэгдүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан, азтан болох боломжтой юм. Супер шагнал 50 сая төгрөгөөс эхлэх бөгөөд тухайн сарын супер сугалааны азтан тодроогүй бол дараагийн сарын урамшууллын хэмжээг 10 сая төгрөгөөр нэмэгдүүлэх зарчмаар супер сугалааны хонжворыг олгодог билээ.
НӨАТ-ЫН СУПЕР АЗТАН БОЛОХ 90 САЯТНААР НЭГ ХҮН ТОДОРЧЭЭ
НӨАТ-ын сугалааны азтан болсон эрхмүүдийг эргэн сануулахад, 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирлоор 10 сая төгрөгийн нэг азтан тодорч байсан. Мөн аравдугаар сарын 1-нээс 31-ний хооронд хийсэн худалдан авалтаар хэвлэгдсэн НӨАТ-ын баримтын сугалаагаар супер шагналын тохирлын дугаар 34462914 гарч, 90 сая төгрөгийн азтан тодорсон байдаг.
225 САЯТНААР ӨНДӨР НАСТАН ТОДОРЧ БАЙЖЭЭ
НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирлоор супер азтан буюу 225 сая төгрөгийн азтан тодорсон юм. 63030046 сугалааны дугаартай супер азтанаар өндөр настан тодорсон бөгөөд азтаны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж тухайн үед албаныхан хэлж байв.
“Супер азтанаар тодорсон өндөр настанд батламж гардуулаагүй. Учир нь, Цагаан сарын баяр амралтын өдрүүд таарч, батламж гардуулах үйл ажиллагааг зохион байгуулахаа больсон” талаар албаныхан мэдээлж байлаа.
“15 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХУДАЛДАН АВАЛТААР 100 САЯ ТӨГРӨГ ХОЖИВ”
НӨАТ-ын сугалааны 100 сая төгрөгийн азтанаар Баянзүрх дүүргийн иргэн Х.Батдулам тодорсон. “Охиноо хараад гэртээ байдаг миний хувьд сэтгэгдэл маш өндөр байна. НӨАТ-ын сугалаанд итгэдэггүй байсан, 100 сая төгрөг хожоод өөрийн биеэр үнэн гэдгийг мэдэрлээ. Шагналын мөнгөө юунд зарцуулахаа хараахан төлөвлөж амжаагүй байна” гэж тухайн үед ярьж байв. Тэрбээр “Вива” сити хороололд байрлах “Makoto Shop” дэлгүүрээс 15 мянган төгрөгийн худалдан авалт хийж азтан болсон юм.
“ЗАЙРМАГ, УНДАА ХУДАЛДАН АВЧ, 500 САЯЫН АЗТАН БОЛСОН”
НӨАТ-ын урамшууллын сугалааны 500 сая төгрөгийн супер азтанаар “BSB” сервис компанийн Хүний нөөцийн менежер Ж.Алтанзул гэх эмэгтэй өнгөрөгч 2017 оны арванхоёрдугаар сард тодорсон. Түүнд 500 сая төгрөгийн батламжийг 2017 оны арванхоёрдугаар сарын 22-нд Сангийн дэд сайд Х.Булгантуяа гардуулан өгсөн байдаг. Гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс 3450 төгрөгөөр зайрмаг, ундаа зэргийг худалдан аваад азтан болсон тухайгаа ярьсан байдаг.
Тэрбээр азтан болсон сэтгэгдлээсээ хуваалцахдаа “Анх сугалааны тохирол явагддаг орой манай нөхөр шууд нэвтрүүлгийг үзээд “Чамд сугалаанд мөнгө хожсон байна уу” гэсэн. Тухайн үедээ би “Мөнгө хожоогүй байна” гэсэн. Тэгээд өглөө нь НӨАТ-ын системээ шалгасан чинь 20 мянган төгрөг хожсон байсан. Анх удаа 20 мянган төгрөг хожлоо гээд баяртай байлаа. Тэгсэн нөгөөдөр нь над руу Татварын ерөнхий газраас нэг хүн залгаад “Та НӨАТ-ын баримтаа шалгаж үзээд, буцаад холбогдоорой" гэсэн. Би НӨАТ-ын баримтаа шалгасан чинь бүр нүдэндээ итгэмээргүй тоотой мөнгө хожсон байсан” гэдгийг хэлж байв.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙ 50 САЯ ТӨГРӨГИЙН АЗТАН БОЛЖЭЭ
Өнгөрөгч 2018 онд НӨАТ-ын урамшууллын 2018 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол тавдугаар сарын 20-нд болсон билээ. Сугалааны тохирлоор 50 сая төгрөгийн нэг супер азтан тодорсон юм.
Супер шагнал болох 50 сая төгрөгийг Сүхбаатар аймгийн Наран сум буюу хилийн сумаас ирсэн хөгжлийн бэрхшээлтэй Г.Батцэцэг гэдэг бүсгүй хожсон байдаг. Тэрбээр аав, ээжийнхээ хамт Улаанбаатар хотод ирсэн бөгөөд Гааль татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв дээр шагналын батламжаа гардаж авчээ.
СУВИЛАГЧ ЭМЭГТЭЙ 50 САЯ ТӨГРӨГИЙН АЗТАНААР ТОДРОВ
Өнгөрөгч 2018 оны гуравдугаар сард НӨАТ-ын 50 сая төгрөгийн сугалааны азтанаар Э.Туул тодорсон. Тэрбээр “Би сувилагчаар 19 дэх жилдээ ажиллаж байгаа. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэдэг. Энэ ажлын минь буян ирж азтан болсон юм болов уу гэж бодож байна. Би өнгөрсөн сард 1700 төгрөгийн үнэтэй “Амтлаг” тараг зээ охиндоо авч өгөөд азтан боллоо. Би одоогоор гэр хороололд амьдарч байгаа. Тийм учраас хожсон мөнгөөрөө байр авах байх гэж бодож байна. 50 сая төгрөгийн азтан болсондоо маш их баярлаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Холбоотой мэдээ