Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч TTJVCO компанийн ажилтнууд хоолны хордлогот халдвараар өвдсөн гэх мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газраас баг томилогдон, газар дээр нь шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МХЕГ-аас мэргэжил, арга зүйгээр тогтмол ханган ажиллаж байгаа бөгөөд хордлого халдвар гарсан хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 19 арчдас, шинжилгээ, гурван цэгээс ундны усны дээж, 46 бүтээгдэхүүн, 25 хоолны дээжийг тус тус авч МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хүргүүллээ. Мөн малын гаралтай найман төрлийн бүтээгдэхүүний дээжийг аймгийн Хүнс, хөдөө аж, ахуйн газрын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлэв.
Хордлого, халдварт өртсөн 12 өвчтөн, сэжигтэй тохиолдолын есөн хүн, гал тогооны 15 ажилчдаас шинжилгээг авч аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн нян судлалын лабораторит хүргүүлэн шинжилгээ хийгдэж байна. Хэвтэн эмчлүүлж буй 12 өвчтөн, өвчний сэжиг бүхий тусгаарласан есөн хүний эмчилгээ оношлогоо, тусламж үйлчилгээ, эмнэлгийн халдвар хамгааллын байдалд хяналт тавьж, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “TTJVCO” ХХК, “IDMN” ХХК-ийн эмч, эрүүл ахуйч нарт “Зонхилон тохиолдох гэдэсний бактерит халдвартай тэмцэх, сэргийлэх арга хэмжээний заавар”-аар мэдээлэл өгч, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг зөвлөв. Мөн эдгээр компанийн удирдлагуудын түвшинд шуурхай хурал зохион байгуулж үүссэн нөхцөл байдалд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэх талаар санал солилцож, үүрэг даалгавар өглөө.
Хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдийн биеийн байдал дунд, эмчилгээ үйлчилгээ хэвийн явагдаж байна.
Эх сурвалж: МХЕГ
Холбоотой мэдээ