Гоо сайхны олимп гэгдэх “Дэлхийн мисс-2019”-ийг тодруулах шалгаруулалтын финалын шат өнгөрсөн шөнө /2019.12.14 / Их Британи улсын Лондон хотноо болж, Ямайка улсын гоо бүсгүй титмийн эзнээр тодорлоо. Тэмцээний дэд байранд Франц, гуравдугаар байранд Энэтхэгийн гоо бүсгүй шалгарчээ.
Финалын шатны шалгаруулалт хэд, хэдэн хэсэгтэй байсан бөгөөд шүүгчид эцсийн шатанд тунаж үлдсэн 40 гоо бүсгүйгээс шилдэг 12-ыг нь шалгаруулж, дараа нь шилдэг тавыг нь нэрлэсэн аж. "Дэлхийн мисс-2019" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Үндэсний ялагч мисс М.Цэвэлмаагийн хувьд шинэ амжилтыг тогтоож чадлаа.
Тэрбээр “Дэлхийн мисс” тэмцээний 69 жилийн түүхэнд Монгол улсаа төлөөлөн дөрөв дэх удаагаа амжилттай оролцож, шилдэг 40 орны гоо бүсгүйн тоонд багтлаа. Мөн түүнчлэн мисс бүсгүйн санаачилсан элэгний өвчлөлийн эсрэг "Эрүүл Монгол – Эрүүл Дэлхий" төсөл “Зорилго бүхий гоо сайхны’ шалгуурт анх удаа шилдэг 10-т багтсан нь түүний онцлох амжилт юм.
Мисс М.Цэвэлмаа нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг эмч мэргэжлээр төгссөн бөгөөд "Монголын сайхан бүсгүй-2018" уралдааны есөн эрдэнийн өргөмжлөлт бүсгүйчүүдийн “Мөнгөн эрдэнэ”-ийн өргөмжлөлийн эзнээр тодорч байжээ.
Мисс бүсгүй М.Цэвэлмаа дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн "Авьяас" номинацид топ зургаа, "Head to head challenge Group" дөрвөн ялагчийн нэг, "Multimedia" төрлийн топ гуравт, "Зорилго бүхий гоо сайхан" топ 10 гэсэн амжилтуудыг үзүүлэн Монгол Улсын амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Холбоотой мэдээ