Өнгөрч буй долоо хоногт Улс эх оронд дэлхийн түвшний томоохон бүтээн байгуулалт нээлтээ хийж, УИХ нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх шийдвэрээ цуцалж, олон нийтийн анхаарлыг татсан хэргийн шүүх хурлууд болж, шийдвэрээ танилцууллаа.
Б.МАХБАЛД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААВ
Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гаригт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Нийслэлийн прокурорын газар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 /онц, харгис хэрцгийгээр хүнийг алах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлжээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Махбалд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэв.
Хэргийг эргэн сануулбал, Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө болж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ.
Г. ДЭНЗЭНГ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨВ
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнд холбогдох шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Баасан гаригт болсон. Нийслэлийн прокурорын газар түүнд Эрүүгийн хууль /2002 оны/ тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 /төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-д заасныг журамлан Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.
Хэргийг сануулахад, Г.Дэнзэнг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр 2014 оноос эхлэн сэжигтнээр тооцон, шалгаж эхэлсэн юм. Тодруулбал, түүнийг “Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээр байдаг “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудалд буруутгаж буй. Иймд анхан шатны шүүхээс уг хэрэгт холбогдуулан 2017 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнд 3,6 жил, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурьт хоёр жилийн ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биеэр эдлүүлэх шийдвэр гаргасан бол шүүгдэгч н.Түмэнхүү, н.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч н.Баярмаад мөнгөн торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн билээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ БОЛОВ
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох шүүх хуралдаан Баасан гаригт болж, өндөрлөв. Нийслэлийн прокурорын газар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Төрийн ордонд амиа алдсан УИХ-ын гишүүн асан Г.Батхүүтэй холбоотой асуудлаар мэдүүлэгч өгөхдөө худал мэдээлэл өгсөн үндэслэлээр хилийн хориг тогтоох саналыг ирүүлээд байгаа юм.
Шүүх бүрэлдэхүүн түүнд холбогдох прокурорын хүсэлтийг хэлэлцээд “Таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй” гэж үзжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “миний бие сүүлийн хагас жилийн хугацаанд хүн амины хэрэг хийсэн мэтээр дайрч доромжлуулж байгаад тайлбар хийсэн. Уг нь би тайлбар хийхээс илүү хэргийг шалгаж байгаа цагдаа, прокурор тайлбар хийх ёстой гэж бодсон. Гэтэл олон нийтэд мэдээлэл өгдөггүй.
Нэг зүйлийг онцлоход, Г.Батхүү гэдэг хүнийг нас барсантай холбогдуулж хэн нэгнийг яллагдагчаар татах нь битгий хэл эрүүгийн хэрэг ч үүсгээгүй байгаа. Шүүх шинжилгээний дүгнэлтүүд мөрдөн байцаалтад хэн нэгнээс хамааралгүй болох нь тогтоогдсон. Үүнийг дахиж надтай холбохгүй байхыг хэвлэлээс хүсье.
Харин гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэж цагдаагийн ажилтан намайг хэрэгт гүтгээд байгаа юм. Үнэнээ мэдүүлсээр байтал яагаад гүтгээд байгаа юм. Прокурор хэлэх үг байхгүй байгаа биз дээ. Сая ажлын албаныхан зөвлөх туслахуудтай уулзахад таслан сэргийлэх арга хэмжээ авахыг прокурорын зүгээс гаргасан юм байна. Шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн. Талархаж байна. Өөр юу хэлэх вэ. Өчигдөр орой над руу хэлсэн. Тэгээд ирж байгаа нь энэ. Болж өгвөл намайг муухай харагдуулах юм яваад байна” гэжээ.
З.БАЯНСЭЛЭНГЭ БАТЛАН ДААЛТАД ГАРАВ
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2019 оны аравдугаар сарын 21-нд ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хорьсон талаар бид мэдээлсэн.
Тэгвэл өнгөрөгч Даваа гаригт буюу арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг батлан даалтад гаргажээ.
Сануулахад, өнгөрөгч сарын 28-ны өдөр З.Баянсэлэнгэ болон хэргийн бусад шүүгдэгч нарын өмгөөлөгч нар З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг тусгаарлуулах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч, хэргийг тусгаарлан, бусад шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэлэлцсэн. Улмаар З.Баянсэлэнгийн хэргийг тусгаарлаж өмнө нь Улсын Дээд шүүхээс З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн харьяаллыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тогтоож байсныг үндэслэн хэргийг тухайн шүүхэд шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн.
З.Баянсэлэнгийг Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шалгаж буй. Ингэхдээ З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэж үзэж буй юм.
ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АМ АШИГЛАЛТАД ОРОВ
Оюутолгой төслийн гүнийн уурхайн үйлдвэрлэлийн амны бүтээн байгуулалт дуусч, арванхоёрдугаар сарын 13-нд буюу Баасан гаригт нээлтээ хийсэн.
Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазар уул уурхай бол Монгол Улсын ойрын 20-30 жилийн гол салбар байна гэдгийг онцлоод, тус салбар амжилттай хөгжиж байж бусад салбараа дагуулна. Монгол Улсын нэрийн хуудас бол Оюутолгой төсөл байх болно гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
Гүнийн уурхайн үйлдвэрлэлийн амын бүтээн байгуулалтыг 22 өөр улсаас ирсэн 2500 ажилчид 2.6 сая хүн/ цаг ажиллаж, гэмт бэртлийн үзүүлэлтийг 0.07-д барьж, амжилттай дуусгажээ. Бүтээн байгуулалтын ажилд нэвтрэлт эхэлснээс хойш 3 жил 4 сарыг зарцуулсан юм байна.
Үүний зэрэгцээ, энэхүү бүтээн байгуулалтад 50 орчим компани бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх замаар өөрсдийн хувь нэмрээ оруулсан гэдгийг Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес хэлсэн үгэндээ онцлов.
Үйлчилгээний өргүүр 300 ажилтныг тээвэрлэх бөгөөд 1.3 км гүнд 2,5 минутад хүрэх бол үйлдвэрлэлийн өргүүр өдөрт 20 мянган тонн материалыг 56 км/цагийн хурдтай тээвэрлэх хүчин чадалтай ажээ.
Дашрамд мэдээлэхэд, Оюутолгой компани энэ сард нийт экспортолсон зэсийн баяжмалын хэмжээ 5 сая тоннд хүрчээ.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ 2 ХУВЬ НЭМЭХ ШИЙДВЭРИЙГ ЦУЦАЛЛАА
УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн, хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг-ийг хэлэлцэв
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар УИХ-ын хуульзүйн байнгын хороо, төсвийн байнгын хороо хуралдсан юм. Байнгын хороод Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан, мөн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн билээ.
Харин Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд хэсэгчлэн хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн байна.
Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3 зүйлээр батлагдсан Нийгмийн даатгалын сангийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс 2020 онд төвлөрүүлэхээр тооцогдсон 174.2 тэрбум төгрөгийн хувь хэмжээнд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хүлээн авахаар тогтов.
Гэвч Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлээр батлагдсан Нийгмийн даатгалын сангийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс 2020 онд төвлөрүүлж зарцуулагдахаар тооцогдсон 174.2 тэрбум төгрөгийн хувь хэмжээнд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй. Ингээд Ерөнхийлөгчийн хоригийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонссон юм. Ерөнхийлөгчийн хоригийг хэсэгчлэн хүлээн авсан тул холбогдох хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулж ирэх долоо хоногт багтаан хэлэлцүүлэхээр боллоо.
Холбоотой мэдээ