АНУ-ын “Биологийн олон янз байдлын төв” ТББ-аас АНУ-ын Загас, зэрлэг ан амьтан хамгаалах байгууллагад хандан Дональд Трамп Жуниорын Монголд зөвшөөрөлгүйгээр ховор ан амьтан агнасан хэргийг нарийвчлан шалгаж өгөхийг шаардсан захидлыг илгээжээ.
Түүнчлэн бага Трампыг “Lacey Act” гэж нэрлэгддэг хуулийг зөрчөөгүй гэдгийг батлахыг хүссэн байна. Уг хууль нь бусад улс орны хуулийг зөрчин агнасан ан амьтан болон түүний эд эрхтнийг АНУ-ын хилээр давуулахыг хориглодог аж.
Уг захидалд “Эцэг нь АНУ-ын Ерөнхийлөгч байсан ч Барууны баян чинээлэг цагаан арьстнуудад хууль бус ан, хулгайн ан хийх давуу эрх олгохгүй байхыг бид уриалж байна” хэмээн онцолжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том хүү Дональд Трамп Жуниор нь өнгөрсөн наймдугаар сард Монголд ирэхдээ ховордсон ан амьтдын тоонд ордог аргаль агнасан бөгөөд тухайн үедээ тусгай зөвшөөрөл аваагүй байж байгаад есдүгээр сарын 2-нд буюу АНУ руу буцахдаа зөвшөөрлийг нөхөж авсан талаар АНУ-ын эрэн сурвалжлах “ProPublica” сайт анх мэдээлсэн билээ. Мөн тэрбээр ангаа хийчихээд Улаанбаатарт ирээд нутаг буцахаасаа өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан байгаа юм.
“Бага Трампын аргаль хэмээх ховордсон амьтныг агнасан явдал бол зүгээр өнгөрүүлж болохгүй үйлдэл. Загас, Зэрлэг ан амьтан хамгаалах байгууллага энэ хэрэг дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрэв аргалийг агнах үед Монгол Улсын хууль зөрчигдсөн бол тэр амьтны толгой АНУ-ын Ерөнхийлөгчийн хананд өлгөөтэй байх ёсгүй. Энэ амьтны тоо толгой огцом буурч байгаа нь бидэнд хатуу чанга хууль дүрэм, түүний хэрэгжилт дутагдаж байгааг харуулж буй тод жишээ юм” хэмээн Биологийн олон янз байдлын төв”-ийн хуульч Таня Санериб хэлжээ.
Аргалийн тоо толгой 1985 онд 50,000 орчим байсан бол 2009 онд 18,000 болтлоо буурсан байна. Нэг хэсэг аргалийг ихээр нь агнаж байсны улмаас тоо толгой нь ийн огцом буурсан учир АНУ-ын Ховордсон амьтны төрөл зүйлийн тухай хуулиар хамгаалсан байдаг. 2007-2018 оны хооронд АНУ-ын анчид 65 аргаль болон түүний эд эрхтнийг Монголоос импортолсон байгаа юм.
Мөн “USA today” сайтад бага Трампыг Монголд ирж ан хийхээс дөрвөн сарын өмнө дөрөвдүгээр сарын 20-ны үед Монголоос АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр болон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар АНУ-ын Ерөнхийлөгчийн хувийн эзэмшлийн “Mar-a-Lago” эдлэнд зочилсон талаар онцолжээ. Харин тэр үеэр Дональд Трамп Жуниор гэр бүлээрээ “Улаан өндөгний баяр” тэмдэглэхээр ирсэн байсан аж. Гэхдээ тэр үед Монголын албан тушаалтнуудтай Монголд ан хийх талаар ярьсан эсэх нь тодорхойгүй байгаа юм хэмээн эх сурвалжид дурдсан байна. Мөн “Mar-a-Lago”-д гаднын зочид төлөөлөгчид зочлох нь хэвийн үзэгдэл бөгөөд тухайн үед Монголын зочдоос гадна Австралийн элчин сайд ч мөн ирсэн байжээ.
Энэ талаар Жуниорын төлөөлөгч “Монгол руу хийсэн аялал бол цэвэр хувийн аялал байсан бөгөөд Монголд ан хийх долоо хоногийн аялалын эрхийг “National Rifle Association” байгууллагаас зохион байгуулсан дуудлага худалдаагаар эцгийгээ 2015 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлахаас өмнө худалдаж авсан байсан” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: USA today, Palmbeachpost.com
Холбоотой мэдээ