Монгол, Хятадын хэл, соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас санаачлан жил бүр “Дулаан өвөл” арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Харин энэ сарын 14-нд Монгол дахь хятад цагаач иргэдийн холбоотой хамтран 2020 оны “Дулаан өвөл” арга хэмжээг Хятад, Монголын найрамдал сургууль дээр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын орлогч Ли Ян Жү, Монгол дахь хятад цагаач иргэдийн холбооны тэргүүн Бай Шуангжань, Сангийн байнгын зөвлөлийн дарга Янг Жиюунг, Монгол дахь Жунхуа нийгэмлэгийн тэргүүн Ян Чин Дун болон тус сангийн гишүүд болон нийслэлийн дүүргүүдийн нийгмийн халамжийн хэлтсийн төлөөллүүд, сайн дурын ажилчид оролцсон юм.
Удахгүй айлчлан ирэх 2020 оны “Дулаан өвөл” арга хэмжээний хүрээнд нийслэлийн 210 өрхөд цагаан будаа, гурил, элсэн чихэр, ургамлын тос, цай зэрэг нийт 26 сая төгрөгийн үнэ бүхий хэрэгцээний зүйлс хандивласан юм. Сангийн сайн дурын ажилчид, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд, нийслэлийн нийгмийн халамжийн хэлтсийн ажилчид өнгөрсөн сарын 15-наас эхлэн хоёр долоо хоног судалгаа явуулсны дүнд дээрх 210 өрхөд хандив өгөхөөр болсон байна.
Хятад Монголын соёл, боловсрол, нийгмийн хөгжлийн сангаас хэрэгжүүлдэг “Дулаан өвөл” арга хэмжээний хүрээнд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 3884 айл өрхийг өвлийг өнөтэй давахад нь дэм үзүүлж, 643 сая төгрөгийн тусламж үзүүлжээ. Тухайлбал, эхний жил буюу 2014 онд “Дулаан өвөл” арга хэмжээний хүрээнд нийслэлийн нэг болон хоёрдугаар ангийн сурагчдад 3014 өвлийн куртик бэлэглэж 1.3 сая юанийг зарцуулж байжээ.
БИДНИЙ ЭГЭЛ ЗҮТГЭЛЭЭР ДЭЛХИЙ ГЭГЭЭЛЭГ БОЛНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА
Энэ жилийн “Дулаан өвөл” арга хэмжээний үеэр сангийн байнгын зөвлөлийн дарга Янг Жиюунг хэлсэн үгэндээ “Энэ жил Хятад болон Монгол орон найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйгаараа онцлог. Хятад улс нь эрт дээр үеэс ядарч зүдэрч буй хүмүүст туслахыг дэмжихийг, хэцүү үед өөрийн ёс суртахууныг засч сайжруулж, сайн цаг үед ойр тойрондоо байгаа хүмүүст туслахыг уриалсаар ирсэн. Энэ сайхан сэтгэлийг өвөртлөн Хятадын хөрөнгө оруулалттай олон аж ахуйн нэгж болон хувь хүмүүс сан хэмээх халуун дулаан гэр бүлд нэгдсээр байна. Бидний хийж буй өчүүхэн сайн үйлдэл өвлийн тусламж хэрэгтэй байгаа хүн бүрт хүрч, хэцүүг даван туулах зоригийг нэмэгдүүлнэ гэж найдаж байна. Өндөр настны талархсан сэтгэл, бяцхан хүүхдүүдийн инээмсэглэлийг харах бүрт бидний хийж буй өчүүхэн зүйл хоёр орны ард иргэдийн харилцаанд эв найрамдлын гүүр болон улам батжиж байгааг мэдэрдэг. Энэ дэлхий бидний эгэл хичээл зүтгэлээр улам бүр гэгээлэг болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Үргэлжлүүлэн “Дулаан өвөл” арга хэмжээг зохион байгуулахад идэвхтэй оролцсон сангийн сайн дурын ажилчид болон аж ахуй нэгжүүдэд талархал илэрхийлж, өргөмжлөл, сертификат гардуулсан юм. Үүний дараа 2020 оны “дулаан өвөл” арга хэмжээний хүрээнд хандив хүртэж буй 210 өрхийн төлөөлөл тусламжийн зүйлсээ гардсан юм.
Хандив хүртсэн иргэдийн төлөөлөл Сүхбаатар дүүргийн 16 хорооны иргэн Ц.Бат-Өлзий “Гэр бүлийг маань өвлийн хүйтэнд дулаан байгаарай гээд хэрэгцээтэй зүйлс өгч, тусалсан явдалд сангийн хүмүүстээ бүгдэд нь баярлалаа” гэсэн юм.
30 ЦАГААЧ ИРГЭНД ХАНДИВ ӨГЧ БАЙГАА
Дараа нь Монгол дахь хятад цагаач иргэдийн холбооны тэргүүн Бай Шуангжань үг хэлсэн юм. Тэрбээр “Монгол дахь Хятадын цагаач иргэдийн холбоо нь сантай хамтран “Дулаан өвөл” арга хэмжээнд таван жил дараалан зохион байгуулж байна. Энэ удаагийн арга хэмжээгээр, манай холбооны зүгээс санаачлагч байгууллагаар оролцон, нийслэлийн есөн дүүрэг, 180 өрх, 30 цагаач иргэд, ядуу буурай, тахир дутуу, өндөр настнуудад туслалцаа үзүүлж, хахир хатуу өвлийн хүйтнийг даван туулж, тусламж өгч буй байгууллагуудын халуун сэтгэлийг олон түмэнд хүргэсэн юм. Хандив өгсөн бүх аж ахуйн нэгжүүдэд нийт цагаач иргэдийн өмнөөс баярласнаа илэрхийлье. Манай байгууллага “Дулаан өвөл” арга хэмжээнд жил бүр оролцож, хувь нэмрээ оруулсаар байх болно” гэлээ.
Холбоотой мэдээ