Үндэсний үйлдвэрлэгчид БНХАУ-ын Хайнань мужид бараа бүтээгдэхүүн борлуулах, олон улсын үзэсгэлэн, худалдаанд тогтмол хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцох боломж бүрдлээ.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Хайнань мужийн захирагч бөгөөд Намын хорооны дарга Шэнь Шиаоминтэй албан ёсны хэлэлцээр хийж, санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэхүү хэлэлцээрт “Өвлийн үзэсгэлэн” болон бусад үзэсгэлэнд Монголын аж ахуйн нэгжүүдийг тогтмол хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцуулж байх, Хайнань мужид нэвтрүүлсэн хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи, шинэ үр сортыг Монгол Улсад нэвтрүүлэх, турших, БНХАУ-ын ХААХТЯ-ны харьяа “Хятадын ХАА-н шинжлэх ухааны академи”-тай хамтарсан судалгааны ажил хийх, салбарын боловсон хүчнийг чадавхжуулах зэргээр хамтран ажиллахаар болжээ.
ХХААХҮЯ-наас БНХАУ-ын Хайнань мужид зохион байгуулж буй 22 дахь удаагийн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний олон улсын “Өвлийн үзэсгэлэн-2019”-д “Монгол Улсын танхим”-ыг нээж, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг таниулан сурталчлах, борлуулах ажил зохион байгуулж байгаа юм. Эл танхимд д 20 орчим үндэсний үйлдвэр мах, махан, арьс ширэн, ноос ноолууран болон хүнсний бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа аж. Үзэсгэлэнд 35 улсын 54000 орчим хөрөнгө оруулагч, худалдан авагч оролцож байгаа тул үндэсний үйлдвэрлэгчдэд энэ нь том боломжийн нэг болж байна.
Б.ЦЭЦЭГ