News агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.
"АРД ТҮМЭН ХЭНЭЭР Ч ЗААЛГАХГҮЙ СОНГОЛТОО ХИЙЖ ЧАДДАГ БОЛСОН"
УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаас цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.
-УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн. 2020 оны УИХ-ын сонгуулийг 50+26 тогтолцоогоор явуулахаар боловсруулсан нь хэр оновчтой заалт вэ?
-Саяхан УИХ-аар Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн баталсан. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс байж болох хувилбар гэж үзэж УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, үүний 54 нь тойргоос, 54 нь жагсаалтаар хувилбар орж, ажлын хэсэг хэлэлцээд 99 болгоод, чуулганаар хэлэлцээд дэмжээгүй, хуучин 76 гишүүнтэй байхаар хуульчлагдсан. Үүнтэй хослуулан тогтолцооны асуудлыг Үндсэн хуульдаа тусгах талаар нэлээд удаан ярилцсан. Үнэхээр өөрчлөх л байсан бол энэ хуулийг хэлэлцэж байхад дийлэнх олонхиороо дэмжээд шийдвэрлэх байсан. Иймээс Үндсэн хуулийн дагуу шийдвэрлэх нь зөв гэж үзэж энэхүү 50+26 гэсэн тогтолцоо оновчгүй гэж үзэж байгаа.
-Төсөлд жижиг тойрогт мандатын тоогоор, том тойрогт нэг хүний тоогоор нэр дэвшигчийг сонгоно гэж тусгасан. Энэ нь мөн Үндсэн хуулиар баталгаажсан сонгогчийн сонгох эрхэнд халдсан заалт болохгүй юу?
-Тийм. Үндсэн хуулийн зохих заалттай зөрчигдөх болно.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Г.ЗОРИГ: БИД ХАА-Н САЛБАРТ ДИЖИТАЛ ПЛАТФОРМ ХИЙХ БОЛОМЖТОЙ
Сүүлийн үед дэлхий дахинаа бүх салбарт дижитал хувьслын талаар ярих боллоо. Үүнийг дагаад дижитал эдийн засгийн тухай ихээр хөндөж байна. Тиймээс бид энэ талаар Нээлттэй, насан туршийн боловсролын олон улсын Технологийн захирал, доктор Г.Зоригтой ярилцлаа. Тэрбээр 30 гаруй жил Монгол-Японы зах зээлд болон олон улсыг хамарсан томоохон мэдээллийн систем байгуулсан туршлагатай. Одоо тэр Монгол улсад боловсрол, хөдөө аж ахуй, ухаалаг хотын дижитал шилжилт хийх төслүүд дээр ажиллаж байна.
-Бид оюун ухаанд суурилсан хөгжлийн эрэн зуунд амьдарч байна. Энэ хэрээр шинжлэх ухаан, техник, технологи асар хурдацтай хөгжиж байна. Салбар бүрт ярих болсон дижитал эдийн засаг гэж юуг хэлээд байна вэ?
-Дижитал гэдэг үгийг зарим хүмүүс тоон эсвэл цахим гэж орчуулдаг. Гэтэл энэ хоёроос шал өөр. Энэ нь сүүлийн үеийн мэдээллийн технологийн арга хэрэгслүүдийг хэрхэн үр ашигтай ашиглах талаарх ойлголт. Эдийн засгийг технологийн хүчээр огт өөр үр өгөөжтэй эдийн засаг болгож хувиргахыг хэлж байгаа юм. Тухайлбал, дэлхий нийтийг холбож буй Facebook компани байна. Энэ компани гэхэд “United AirLines” гээд хэдэн мянган онгоцтой, олон улсад салбартай компанитай харьцуулахад зах зээлийн үнэлгээ маш өндөр байдаг. Учир нь Facebook компани асар олон салбар, хүмүүсийн датад үндэслээд өөртөө дижитал үнэ цэнийг бий болгож чадаж байгаа юм. Ийм төрлийн эдийн засгийг ерөнхийдөө дижитал эдийн засаг гэдэг. Дижитал эдийн засгийн үндсийг бүрдүүлж байгаа компаниудын зах зээлийн үнэлгээ триллион доллар давж байна. Бид одоо Оюутолгой гээд газрын баялаг яриад байна шүү дээ. Оюу толгойг ажиллуулж байгаа Рио Тинтогийн зах зээлийн үнэлгээ 95 тэрбум доллар байх. Тэгэхээр газрын баялгаас илүү дижитал баялагтаа анхаарлаа хандуулах цаг болжээ. Үүнийг сонгосон улс л ирээдүйд хөгжих болно. Базаад хэлбэл дижитал шилжилт хийгдсэний үр дүнд бий болсон эдийн засаг бизнесийн үйл ажиллагаа, дата, технологи, тогтолцоог бүхэлд нь дижитал эдийн засаг гэдэг.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
АЛИАЛАГЧ Р.МАНДАХ-ОРГИЛ: ЖОКЕР ШИГ МЭДРЭМЖ ТӨРДӨГ
Шинэ жил гэхээр бидний санаанд өвлийн өвгөн, цасан охин бас алиалагч буудаг. Сургуулийн багт наадмаар алиалагч урт дурангаа сунгаад хэн энэ жил онц, муу сурсан байна гээд хүүхдүүдийг инээлгэдэг байж билээ. Энэ дүрийг эрж явсаар “Кон-Арт” орчин үеийн урлагийн төвийн захирал Р.Мандах-Оргилтой уулзсан юм. Тэрбээр өөрийн бүхий л амьдралаа алиалах урлагт зориулжээ. Ялангуяа циркийн тайзыг түүнээс салгаж ойлгохын аргагүй. Тэр пантомимо буюу үггүй жүжиглэх урлагийн үндэс суурийг Монголд анх тавьжээ.
–Хүн инээлгэх хамгийн хэцүү гэдэг. Алиалагч болсон түүхээс тань яриагаа эхэлье?
-Алиалагч болно гэж би ерөөсөө бодож, мөрөөдөж байгаагүй. Гэхдээ багаасаа циркт их дуртай байлаа. Монголын циркийг үндэслэгч Л.Нацаг, Д.Гомбо гэж хүмүүс 1970-аад онд Дарханд ирээд байхдаа хүүхдүүд шалгаруулж авсан юм. Тэдний нэг нь би болж, Отгон багшийнхаа шавь болж байлаа. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, одоо хүртэл Монголын цирк Н.Отгон багшийн үзүүлбэрийг хийж чадаагүй байна. Ийм л мундаг хүмүүсээр чиглүүлүүлж, би циркийн урлагт есөн настайдаа хөл тавьж байв. Ингэж явсаар нэг удаа хамгийн анх шинэ жилээр торхтой инээдмийн үзүүлбэр хийх даалгавар өглөө. Дөрвөн торх эгнүүлж тавиад, дээр нь үсрээд явдаг. Инээдмээс гадна их хүнд үзүүлбэр. Чадал тэнхээ, авхаалж их шаардана. Тэр үед циркийн найруулагч Э.Бадар-Ууган агсан байсан. Тэгээд ямар ч байсан үзүүлбэрээ амжилттай хийж гүйцэтгэлээ. Удалгүй тавдугаар сард олон улсын циркийн тоглолт боллоо. Тоглолтын үеэр Цэеэ ах бэртэл авч, оронд нь тоглох хүн хэрэгтэй болоход уран сайхны удирдаач байсан Ардын жүжигчин Ё.Норовсүрэн гуай Д.Батсүх бид хоёрыг гарч тоглох үүрэг өглөө. Тэгээд бид хоёр тайзны ард бэлтгэл хийж байгаад шууд тайз руу гарч билээ. Миний албан ёсоор алиалагч болсон тайз гэвэл энэ. Их сандарч, айж байв. Нүүрээ будчихсан хэрнээ л миний хацар улайгаад байсан. Уг нь би циркийг их том гэж боддог байв. Гэтэл тэр өдөр надад яг л молоконы лааз шиг бүгчим, халуун санагдаж байсан.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"SUSI ХӨТӨЛБӨР АМЬДРАЛД МИНЬ ШИНЭ БОЛОМЖ НЭЭЖ ӨГСӨН"
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас оюутан залуус, багш судлаачдад зориулсан боловсрол, соёлын солилцооны олон тооны, урт, богино хугацааны хөтөлбөрийг зарлаж, тэднийг АНУ-д суралцах боломжоор хангадаг билээ. Эдгээрээс багш, судлаачдад зориулсан SUSI (Study of the U.S. Institutes) for Scholars хөтөлбөр одоо зарлагдаад байгаа юм. Энэ хөтөлбөрийн талаар тодорхой ойлголт өгөх үүднээс 2019 оны зун тус хөтөлбөрт хамрагдаад ирсэн оролцогчтой ярилцсанаа хүргэж байна.
-Юуны өмнө, News.mn сайтын уншигчдад та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг В.Сайнбаяр гэдэг. Багш мэргэжилтэй. Ховд их сургуульд Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байна. ОХУ болон Япон улсад магистр, докторын зэрэг тус тус хамгаалсан.
-АНУ-ын Элчин сайдын яамнаас зарласан SUSI хөтөлбөрт энэ зун хамрагдсан юм байна. Хөтөлбөрийн талаар залуучуудад дэлгэрэнгүй танилцуулаач?
–Энэ хөтөлбөр нь академик болон судалгааны аялал гэсэн үндсэн хоёр хэсэгтэй байсан. Бидний тухайд эхний дөрвөн долоо хоногийг Сиэтл их сургууль дээр АНУ-ын боловсролын философи, сургалтын арга барилыг судлах мөн өөрийн судалгааны ажлыг тус сургуулийн баазад тулгуурлан сайжруулахад төвлөрч өнгөрүүлсэн. Эдгээр агуулгыг олон сонирхолтой зочид, эрдэмтэд лекц, семинар, хэлэлцүүлэг өрнүүлэх болон талбарын айлчлалуудыг зохион байгуулснаар олгож байсан.
Үлдсэн хоёр долоо хоногт академик сургалтын хөтөлбөрийг баяжуулах, бататгах зорилгоор судалгааны болон соёлын аяллуудыг зохион байгуулж байв. Аяллын хүрээнд Сан Франциско, Бэркели, Лос Анжелес, Вашингтон зэрэг хотуудад байрлах их сургуулиуд, музей, галерей, урлагийн томоохон төвүүд болон түүхэн дурсгалын газруудаар зочилсон. Тухайлбал, Вашингтон хотын төвд Потомак голын эрэг дагуу байрлах АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольнд зориулж босгосон, эрх чөлөөг бэлэгдсэн “Линкольны Мемориал”, хүн төрөлхтний 470 хэлээр хэвлэгдсэн 33 сая 12 мянга 750 ширхэг ном, хэвлэл, баримт бичиг хадгалагддаг дэлхийн хамгийн том номын сан болох “АНУ-ын Конгрессийн номын сан”, “АНУ-ын урлагийн үндэсний галерей“, орчин үеийн барилгын өвөрмөц шийдэлтэй 36 мянган үзмэрийг байршуулсан “Африк-Америкийн түүхийн музей” зэрэг газрууд мартагдашгүй дурсамжийг үлдээж чадсан.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"МОНГОЛ ХҮН СОЛОНГОС БАЯЧУУДААС ЧИНЭЭЛЭГ АМЬДАРЧ БАЙНА"
БНСУ-ын жүжигчин, аялагч Чой Сунхутай ярилцлаа. Тэрбээр “Burning” киногоороо үзэгчдийн танил болсон, одоо Монголыг сурталчлан таниулахаар ном бичиж байна.
-Монголд 10 гаруй удаа ирсэн гэсэн. Ямар ажил бүтээхээр энэ удаад ирээд байна вэ. Монголын өвөл ямар байна?
-Өмнө нь Хөвсгөлд очиж, -40 хэмд аялсан болохоор одоо тийм ч хүйтэн санагдахгүй байна. Өмнө нь Монголын хөдөөгөөр их явсан бол энэ удаад Улаанбаатар хотын тухай илүү сайн мэдэхийн тулд ирсэн. Би Монголд их хайртай, Монголыг гэх сэтгэл надад бий. Монголд ирэх бүрд найзууд маань, Монгол хүмүүс найрсгаар хүлээж авдаг нь сайхан байдаг. Монголын хөдөөгүүр явахад таарсан хүн бүр нь сайхан сэтгэлтэй байсан.
-Монголын талаар ном бичиж байгаа гэсэн. Энэ талаар ярихгүй юу. Номоо ямар хэл дээр хэвлэх вэ. Мөн хэзээ уншигчдын гар дээр очих вэ?
-Монголд хийсэн аяллын туршлага дээрээ суурилан бас өөр хүмүүстэй хамтран Монголыг сурталчлан таниулах ном бичиж байгаа. Эхний ээлжид солонгос хэл дээр номоо хэвлэнэ. Дараа нь монгол хэл рүү хөрвүүлэн хэвлэх төлөвлөгөөтэй байгаа. Ирэх жил БНСУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохионо. Ойг тохиолдуулаад ирэх жилийн гуравдугаар сард номоо хэвлэх төлөвлөгөөтэй байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
“ТHE HU” ХАМТЛАГИЙН ДУУН ДЭЭР МЕТРОНД БҮЖИГЛЭСЭН МОНГОЛ ЗАЛУУ
Цагдаагийн “Сүлд” чуулгын бүжиг дэглээч, Соёлын тэргүүний ажилтан Ё.Дамчаабадгар дэлхийг тойрон бий биелгээ хийхээр шийджээ. Ардын язгуур урлаг болох бие биелгээг орчин үеийн урлагтай хослуулсан тэрбээр дэлхий дахинаа сурталчлан түгээн дэлгэрүүлэхээр шийдэж, өөрийн бичлэгийг цахим сүлжээнд байршуулж эхэлжээ. Ингээд эх орондоо ирээд удаагүй байгаа түүнтэй бэлтгэлийнх нь үеэр ярилцсанаа хүргэе.
-Энэ өдрийн мэнд хүргэе. Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ёндонгийн Дамчаабадгар гэдэг. Одоо 24 настай. Би эх орондоо ирээд тав хонож байна. Цагдаагийн “Сүлд” чуулгад бүжиг дэглээч, бүжгийн багшаар ажилладаг. Цагдаагийн дэслэгч цолтой.
-БНСУ-д ямар сургуульд хэр хугацаанд суралцсан тухайгаа яриач?
-Миний бие БНСУ-ын Сөүл хотноо “Trust” бүжгийн компанийн модерн бүжгийн сургалтад суралцаад ирлээ. Би 2017 онд Соёл, урлагийн их сургуулиа төгсч, БНСУ-д бүжгийн компанид ажиллаж байсан. Тэгээд 2018 оны хоёрдугаар сараас цагдаагийн “Сүлд” чуулгад бүжигчнээр ажиллаж байгаад бүжиг дэглээч болсон.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
С.НИНЖИН: БИ АРДЫН ЖҮЖИГЧИН Д.САМБУУГИЙН ОХИН ГЭДГЭЭ ХЭЛЭЭГҮЙ
“Үйлсийн сайхан Улаанбаатар” дууг аавтайгаа хамтран дуулж, анхны клипээ “өлгийдөн” аваад буй дуучин С.Нинжинтэй ярилцлаа.
-Олон хүний хөдөлмөр шингэсэн сайхан бүтээл болжээ. Монгол хүн бүрийн чихэнд хоногшсон “Үйлсийн сайхан Улаанбаатар” дууг клипжүүлэн дуулснаас тань эхлээд ярилцъя?
-Баярлалаа. Аавтайгаа хамтран дуулсан дуу, анхны минь клип. “Үйлсийн сайхан Улаанбаатар” дуу 43 дахь жилдээ эгшиглэж байна. Дөнгөж оюутан болоод нийтийн дууны дуучид болон аавтайгаа энэ дууны хоёр фразыг хамт дуулж байсан. Энэ удаа нийслэлийнхээ төв талбай дээр Үндэсний урлагийн их театрын бүрэн бүрэлдэхүүнтэй, найрал дуучид, үндэсний их найрал хөгжимчдийг оролцуулан, аавтайгаа Төрийн ордныхоо өмнө дуулж, клипээ хийлээ. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч, Г.Чулуунбат, Г.Отгон эгч хоёрын хоолойг бид багаасаа радиогоор сонсож өссөн. Яруу найрагч Н.Баянмөнхөөр “Үйлсийн сайхан Улаанбаатар” дуунд зориулсан шүлэг бичүүлээд, клипнийхээ эхлэл хэсэгт энэ хоёр мундаг хүнээр уншуулсан. Энэ гайхамшигтай дууны клипийг “Малчин” телевизийн захирал, миний ах хийсэн. Тэгэхээр аав, ах, охин гурвын бүтээл гэсэн үг. Юмны тохироо бүрдэнэ гэж байдаг юм шиг байна. Би оюутан байхдаа олон яруу найрагч, ая зохиогчтой уулзаж, дуу хийх гэж маш их оролддог байсан. Яагаад ч юм цаанаасаа болж өгдөггүй, бүтэхгүй тохиолдол олон байсан. Сая дахиад дуулахад бүх юм цаанаасаа маш хурдан бүтсэн. Энэ дууг аавтайгаа, үндэсний их найрал хөгжимтэй дуулсан нь миний хувьд нэр төрийн хэрэг, маш том хүндлэл, үгээр илэрхийлэхийн аргагүй бахархууштай явдал. Энэ дууг бас ингэж дуулах хувь зохиолтой байжээ гэж бодож байна.
-Хүмүүс өөрийг чинь Ардын жүжигчин Д.Самбуугийн охин гэж тэр бүр мэдэхгүй болов уу. Таны аав дуучин болох хүсэл мөрөөдөлд чинь хэр их нөлөөлсөн бэ?
-Нөлөөлөлгүй яах вэ. Нэгдүгээр ангид байхад манай ангийн багш “Та нар яг одоо цаасан дээр ирээдүйд ямар мэргэжилтэй болохоо бич. 10 жилээ төгсөхөд чинь тэр мэргэжлээ эзэмших нь үү, үгүй юү гэдгийг харъя” гэж хэлж байсан. Тэр үед би яагаад ч юм бэ, нэг их хүсээд мөрөөдөөд байдаггүй байсан хэрнээ “Дуучин болно” л гэж бичсэн байсан. Ээж маань “Анагаахын сургуульд оруулна, бид хоёр нас өндөр гарч байна, чамаар дусал тариагаа хийлгэж баймаар байна” гээд, нэг хэсэг “шахаа”-нд орсон л доо (инээв.сурв). Тэгээд аавдаа “Би урлагийн хүн болмоор байна” гэж хэлсэн.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.