Францчууд айрагнаас хуурай сүү гаргах технологийг судалж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.14-нд нийтлэгдсэн

Францчууд айрагнаас хуурай сүү гаргах технологийг судалж эхэлжээ

Францчууд айрагнаас хуурай сүү гаргах технологийг судалж эхэлжээ

Дэлхий дээр айраг хийх уламжлалыг авч үлдсэн цор ганц үндэстэн  бол монголчууд. Хэдийгээр Тажикстан, Киргиз, Казахстанд айраг хийх уламжлал байдаг ч үйлдвэрийн аргаар гарган авах болсон нь гүү барьж, хөхүүрэнд исгэх аргаас гажиж, энэхүү уламжлал алдагджээ. Харин Өвөр монголчууд уг соёлын биет бус өвөө сэргээхээр оролдох болжээ. Ингэхдээ Төв аймгийн Баянцогт сумын хоёр малчныг сарын 5000 юанар хөлслөн, туршлага судалсан талаар нэгэн судлаач ярьсан. Эдгээр улс оронд айргийг ихэвчлэн эмчилгээний зориулалтаар ашигладаг байна.

Сонирхуулахад, монгол түмний идээ ундааны нэгэн уламжлалт соёл болсон айрагнаас хуурай сүү гаргах технологийг францчууд судалж эхэлсэн бол өнгөрсөн зун Японы 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг манай оронд ирээд айрагны бүтцийн талаар судалжээ. Харин  суурин иргэншилд шилжиж буй монголчуудын дунд   гүүгээ барьж, хөхүүрт айргаа исгэх уламжлалыг авч үлдэх хүн цөөрч байгаа нь уламжлалт соёл алдагдахад хүрч болзошгүйг “Айрагны нутгаар” ТББ-ын тэргүүн, түүхийн ухааны доктор Ч.Сосорбарам хэлж байв.

Тэрбээр “Социализм монголчуудыг уламжлалт амьдралын хэв маягаас салгасан. Зарим соёл уламжлал мартагдахад хүрсэн. Гэхдээ яг өнөөгийн нүдээр харахад чухалд тооцогдох уламжлалаа  хадгалж үлджээ. Хамгийн гол асуудал нь энэ соёлын өвийг залгамжлагч нар хэн байх вэ гэдэгт санаа зовж байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд л гэхэд гүүгээ бариад айргаа исгэдэг байсан айл улам ховордлоо. Зарим айл хөдөөний амьдралын хэв маягаас салах зорилготойгоор сумын төвд амьдарч, зарим нь хүүхдээ сургуульд сургах, нийгмийн харилцаанд орохын тулд  нийслэлийг зорьж байна. Гэтэл монголчуудаас бусад газар айраг хийх уламжлал тасарчихлаа шүү дээ” гэлээ.

Айраг исгэнэ гэдэг бол гэрийн эзэн, эзэгтэй үр хүүхдийн хувьд хүнд, хүчир хамтын хүч шаардсан ажил юм. Айрагны амт нь цаг агаарын температур, газар нутгаас шалтгаалан өөр өөр амттай боловч хамгийн гол гэр бүлийн уур амьсгал, орчин хамгийн чухал нөлөөтэй байдаг аж. Саяхнаас энэхүү уламжлалт ундааг манай улс ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлээд байна. Тодруулбал, Бүгд Найрамдах Колумби Улсын Богота хотноо 2019 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр ЮНЕСКО-ийн Соёлын Биет Бус Өвийг Хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр хурлаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг хэлэлцэн баталсан юм.

Монголчуудын уламжлалт ахуй, зан заншлын нэг болох Хөхүүрийн айраг исгэх уламжлалтай холбоотой судалгааг  төрийн болон төрийн бус байгууллага хамтран сүүлийн таван жилийн хугацаанд хийж, ийнхүү хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгджээ.  Энэхүү хуралд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж