Оюутолгой төслийн гүнийн уурхайн хоёрдугаар босоо амны бүтээн байгуулалт дуусч, өнөөдөр /2019.12.13/ нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазар, Туркойз Хилл компанийн гүйцэтгэх захирал Улф Куэлман, Рио Тинто группийн Зэс, Очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат болон Монгол Улсад суугаа гадаад орны Элчин сайдууд, ханган нийлүүлэгч компанийн төлөөллүүд оролцлоо.
Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазар уул уурхай бол Монгол Улсын ойрын 20-30 жилийн гол салбар байна гэдгийг онцлоод, тус салбар амжилттай хөгжиж байж бусад салбараа дагуулна. Монгол Улсын нэрийн хуудас бол Оюутолгой төсөл байх болно гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: "22 өөр улсаас ирсэн 2500 ажилчид 2.6 сая хүн/ цаг ажиллаж, гэмт бэртлийн үзүүлэлтийг 0.07-д барьж, үйлдвэрлэлийн амын бүтээн байгуулалтыг амжилттай дуусгаж чадлаа. Нэвтрэлт эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл бид гурван жил дөрвөн сарыг энэ бүтээн байгуулалтад зарцуулжээ. 50 орчим компани бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх замаар өөрсдийн хувь нэмрээ оруулсан. Үйлчилгээний өргүүр 300 ажилтныг тээвэрлэх бөгөөд 1.3 км гүнд 2,5 минутад хүрнэ. Үйлдвэрлэлийн өргүүр өдөрт 20 мянган тонн материалыг 56 км/цагийн хурдтай тээвэрлэнэ. Энэ үйлдвэрлэлийн амыг барихад гүний уурхайн барилгын баг, ханган нийлүүлэгчид голлох үүрэгтэй оролцсон билээ. Та бүхэн хийсэн ажлаараа бахархах бүрэн эрхтэй билээ. Энэ завшааныг ашиглан хэлэхэд Оюутолгой компани энэ сард нийт экспортолсон зэсийн баяжмалын хэмжээ 5 сая тоннд хүрснийг дуулгахад таатай байна. Бид Монгол Улсын Засгийн газар тэргүүтэй хувьцаа эзэмшигчдэд өгсөн амлалтаа биелүүлсээр байгааг та бүхэн харж байна. 14 мянган ажиллах хүчин болон нийт баг хамт олныхоо өмнөөс бид энэ төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлж байна" гэв.
Рио Тинто группийн Зэс, Очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат " Бизнесийн гол тулгуур бол аюулгүй ажиллагаа. Үйлдвэрлэлийн босоо амын бүтээн байгуулалтыг дуусгахад аюулгүй ажиллагааг мөрдөн сахиж ажилласанд талархал илэрхийлж байна. Оюутолгой өнөөдөр маш олон сорилттой тулгарч байгаа ч гүний уурхайн бүтээн байгуулалтыг аюулгүй байхаар төлөвлөж, босгон, хүлээлгэн өгөх нь бидний зорилго. Зэс бол Монголын эдийн засгийн гол түлхүүр. Дэлхий нийтэд зэсийн хэрэглээ нэмэгдэж байна. Хэдийгээр бид өдөр тутамдаа зэсийг харахгүй ч гэсэн зэс бидний эргэн тойронд байнга байсаар байна. Сонирхолтой жишээ хэлэхэд, приус машинд 20 кг зэс байдаг. Монгол Улс хэдий хэмжээний зэс олон улсын зах зээлд нийлүүлж чадна, төдий хэмжээгээр эдийн засаг нь тэлэх болно" гэв.
Туркойз хилл компанийн гүйцэтгэх захирал Улф Куэлман "Оюутолгойн нийт ажилчид, баг хамт олон дэлхийн түвшний үйлдвэрлэлийн амын бүтээн байгуулалтыг амжилттай дуусгасанд баяр хүргэе. Энэ бол маш чухал ач холбогдолтой дэд бүтэц юм. Үйлдвэрлэлийн амны бүтээн байгуулалтыг Монгол ажилчид хийж гүйцэтгэсэн нь өнөөдөр тэдний ур чадвар мэргэжлийн, өндөр түвшинд хүрснийг харуулж байна. Энэхүү бүтээн байгуулалт товлосон хугацаандаа ашиглалтад орсноор монголчууд чаддаг, амлалтдаа хүрдэг гэсний тод жишээ болж байна. Хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байна. Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед тус уурхайн нь дэлхийн гуравт тооцогдох том уурхай болон хувирна" гэв.
Оюутолгойн гүний уурхайд нийт таван босоо ам байдаг бөгөөд ам бүр өөрийн гэсэн чиг үүрэгтэй. Үүнд: Үйлдвэрлэлийн ам, Үйлчилгээний ам, Агааржуулалтын хойд, дунд, урд амнууд орно. Өнөөдөр нээлтээ хийсэн босоо ам нь үйлдвэрлэлийн хамгийн гол ам юм байна.
Үйлдвэрлэлийн амны цамхгийн барилга нь АНУ-ын “Эрх чөлөөний хөшөө”-тэй (суурийн тавцангаас галт бамбарын дээд үзүүр хүртэл 92 м) ойролцоо өндөртэй ажээ.
Энэхүү босоо ам нь 10 метрийн диаметртэй, газрын гадаргаас 1300 метрийн гүнд хүрнэ. Хоёрдугаар босоо амаар 300 хүн, 60 тонн ачааг нэг дор тээвэрлэх боломжтой ажээ. Бүрэн хүчин чадлаараа ажиллах үед өдөрт 35 мянган тонн ачааг газрын гүнээс гадарга руу гаргах боломжтой юм байна. Ингэснээр гүний уурхайн бүтээн байгуулалтын логистик, ханган нийлүүлэлт зэрэгт шаардлагатай ачаа тээвэр хийх боломж бүрдэж байна.
Холбоотой мэдээ