“Гэр хороолол хөдөлгөөн”-ийг Э.Бат-Үүл тэргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.13-нд нийтлэгдсэн

Live“Гэр хороолол хөдөлгөөн”-ийг Э.Бат-Үүл тэргүүлнэ

14 : 26
2019-12-13

“Гэр хороолол хөдөлгөөн”-ийг Э.Бат-Үүл тэргүүлнэ

Гэр хорооллын иргэдийн IV чуулганд нийслэлийн гэр хорооллын бүх дүүргийн 1500 гаруй иргэн оролцож, санал бодлоо хуваалцлаа. Чуулганы үеэр гэр хорооллын газрын үнэ цэнийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулж, газар дээрээ бизнес хийх боломжоор хангахыг иргэд төр засгаас шаардсан юм.

Мөн “Гэр хороолол хөдөлгөөн”-ий тэргүүний тэргүүн Б.Батсүх ажлаа өгч, түүний албанд хотын дарга асан Э.Бат-Үүлийг сонголоо. Энэ үеэр Э.Бат-Үүл “Одоогоос 30 жилийн өмнө Монголын үйлдвэрчний соёлын төв ордонд ардчилсан хувьсгалын үйл явц өрнөж байсан. Саяхан болсон мэт санагдаж байна. Энэ ардчилсан хувьсгал монголчуудад эрх чөлөөг олгосон. Өнөөдөр энэ ардчилсан хувьсгалын үр шимийг хүртэж, гэр хорооллынхон энд цуглаад байна. Би маш их билэгшээж байна. Учир нь эндээс хоёр дахь хувьсгал эхэлж, би үүний гэрч нь болж байгаа юм байна.  Надад нэг мөрөөдөл бий. Манай гэр хороолол Ганнам дүүрэг болохыг хүсдэг. Би Баянхошуунд гэр бүлээрээ ресторанд хоол идэж, зугаалахыг хүсч байна. Би Чингэлтэй дүүргийн уулын энгэрт цанын баазаар үйлчлүүлэхийг хүсдэг. Би гэр хорооллын иргэдээ чинээлэг болох тэр өдрийг мөрөөддөг юм.

Би нэг зүйлийг сайн мэднэ. Тэмцвэл ялдаг гэдгийг. Тийм учраас бид хамтдаа тэмцэнэ, ялна, энэ мөрөөдлөө биелүүлнэ. Энэ бол нэр төрийн хэрэг байх болно. Миний хувьд гэр хорооллын иргэдийг үл тоосон, дорд үзсэн байдлыг хараад эгдүүцэж, бухимддаг болоод байгаа. Нэн ялангуяа дээдсүүд тийм хандлага гаргахаар эгдүүцмээр санагддаг. Сүүлийн үед гэр хороолол гэхээр Э.Бат-Үүл гэдэг болсон байна лээ. Намайг гэр хороололтой холбож байгаад үнэхээр баярлаж байна. Би сайн эцэг, эхийн буянаар хүнийг дорд үзэхгүй явж ирсэн. Одоогоос 30 жилийн өмнөх ардчилсан хувьсгал бол хүндлэлээ нэхсэн тэмцэл байсан. Тэрэнд би оролцож явсан. Тийм учраас намайг “Гэр хорооллын Э.Бат-Үүл” гэж дуудаж байгаад бахархалтай байна” гэдгийг хэлсэн юм.

Төр засгаас гэр хорооллыг хөгжүүлэхэд огт анхаарахгүй байна

“Өнөөдөр гэр хороололд амьдарч буй иргэдийн газрыг үнэгүйдүүлж байна. Тийм учраас бид өөрт байгаа ганц капитал болсон газраа үнэтэй байлгахын төлөө нэгдэн тэмцэж байна. Улсаас гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцаар хангана гэж олон удаа хуурч байгаа. Дахин төлөвлөлт гээд л иргэдийн газрыг үнэгүйдүүлж, орох оронгүй болгосон. Өнөөдрийг хүртэл төр засгаас гэр хорооллыг хөгжүүлэхэд огт анхаарсангүй. Ганц нэг ажил хийхээрээ сонгуулийн шоу хийгээд л өнгөрдөг, ашигладаг болсон. Сонгуулийн өмнөхөн гудамжинд гэрэлтүүлэг, зам тавьсан болдог ч тэр нь урт настай, чанартай байж чаддаггүй. Ард иргэд харанхуй гудамжинд амьдарч байна” гэдгийг чуулганд оролцож буй Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Ж.Аажимбаяр гуай хэлж байв.

“Гэр хороолол хөгжлийн намыг байгуулсан”

“Гэр хороолол хөдөлгөөн”-ий тэргүүн асан Б.Батсүх “Би өөрөө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд гэр хороололд амьдардаг. Та бүхэнтэй л адил орчинд амьдардаг учраас гэр хорооллын зовлонг хэн хүнээс илүү мэднэ. Тиймээс ч Гэр хороолол хөгжлийн намыг бидний хэсэг нөхөд байгуулсан юм. Одоо эрх барьж байгаа намууд гэр хорооллыг зөвхөн өөрсдийн улс төрийн зорилгод ашигласаар ирсэн. Тиймээс бид дахин ашиглуулахгүй гэж намаа байгуулсан юм” гэв.

“Бидэнд гэр хороолол гэх нэр зүүж, байгаа ганц өмчид шунаж байна. Өнөөдөр зах зээлийн ханшаар бидний үл хөдлөх хөрөнгө болсон газрыг дээд тал нь хоёр өрөө байрын үнэтэй дүйцүүлж байна. Энэ бол бидний эрхийг хулгайлж буй явдал юм” гэдгийг Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Юнгээ гуай хэллээ. Уг чуулганд оролцож буй иргэд бүгд дэлхий дахинаа нээлтээ хийгээд удаагүй байгаа “Жокер” уран сайхны киноны гол дүрийн баатрын дүртэй маскаар жигдэрч, хүндлэл нэхэн тэмцэхээ илэрхийлж байв.

 

 

11 : 25
2019-12-13

Э.Бат-Үүл: Үр хүүхдээ бодоод тэмцэх хэрэгтэй

“Хүндлүүлэх эрхээ нэгдэж нэхье”  чуулган үргэлжилж байна. Уг чуулганд Улаанбаатар хотын захирагч асан, НИТХ-ын тэргүүлэгч Э.Бат-Үүл оролцож үг хэллээ.

Тэрбээр “Эрх баригчид гэр хорооллын төлөө биш юм аа гэхэд эдийн засгаа бодоод газрыг эдийн засгийн эрэлтэд оруулахын төлөө ажиллах ёстой байсан. Тэд гэр хорооллын тухай ярихаараа хөрс бохирдуулж байна, утаа гаргаж байна гэдэг. Үнэхээр цөхөрмөөр. Илтэд ойлгомжтой зүйлийг ойлгодоггүй. Гэр хорооллынхныг дорд үзсэн, ядуурлын гинжиндээ байх ёстой юм шиг дорд үздэг.

Иргэдийг би ядахдаа өөрийнхөө төлөө биш юм гэхэд үр хүүхдийнхээ төлөө, эх орныхоо төлөө тэмцээч. Хашааны газраа эдийн засгийн эргэлтэд оруулбал Монгол Улс хөгжинө.

1941 онд АНУ-д иргэдийнхээ хашааны газраар барьцаалж зээл олгох асуудал эхэлсэн. Гэхдээ хар арьстныг дорд үздэг байсан. Зээл олгодог банкных нь удирдах зөвлөл нь хар арьстан айл өрхөд зээл олгохгүй гэдэг шийдвэр гаргасан. Дейтрот гэж хөгжил нь цэцэглэж байсан хотод  хар арьстнууд ажилладаг байсан. Хар арьстай, цагаан арьстай айлыг заагласан 2 метрийн хашаа барьсан. Ийм муухай шийдвэрээс болж хар арьстны газрын хашааны үнэ унасан. “Мөнгөтэй болох юмсан” гэдэг дуу хар арьстнуудын дунд моод болсон. Эцэст нь тэвчихээ байгаад 1968 онд хар арьстнууд боссон.  10 мянган хүний бослого болсон. Цэрэг, танк оруулах юм болсон. Дейтрот  хот дампуурсан нь газрыг нь барьцаалж зээл олгоогүй явдал. Монголд ийм тэнэг явдал байж болохгүй.

Гэр хорооллын хашааны газрын үнэ цэнийг ойлгох хэрэгтэй. Хашааны газрыг нь барьцаалж зээл олгох цаг болсон.  Иргэд орон сууцаа барих цаг нь болсон.

Энэний үр дүнд Монгол Улс хөгжинө, ядууралгүй болно. Социализмын 70 жилд өрнөөгүй бүтээн байгуулалт болно. Энэ ажлыг эхлүүлэхийн төлөө тэмцэх хэрэгтэй. Үр хүүхдээ бодоод тэмцэх хэрэгтэй, Монгол Улсаа бодоод тэмцэх хэрэгтэй” гэлээ.

12 : 30
2019-12-13

“Гэр хороолол руу дэд бүтэц татах эрх шаардана”

ы

“Хүндлүүлэх эрхээ нэгдэж нэхье” сэдэвт гэр хорооллын иргэдийн IV чуулган дөнгөж сая Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөөнд эхэллээ.

Гэр хороолол хөдөлгөөнөөс санаачлан зохион байгуулж буй энэхүү чуулганыг нээж тус хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Я.Мөнгөнцэцэг үг хэллээ. Тэрбээр “Нийслэлийн гэр хорооллын иргэд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, бусдаасаа ялгаварлагдаж амьдрах ёсгүй. Гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахын төлөө тэмцэнэ. Эрх баригчид чөлөөлсөн газар дээрээ орон сууц барьж, бизнес хийнэ гэж зарлаж байна. Гэр хорооллын иргэд газрын эзэд гэдгээ мэддэг болсон. Тэд чихэрт хууртдаг хүүхэд шиг байхаа больсон.  Хашааны газар дээрээ 20 давхар орон сууц, хүсвэл үйлдвэр ч байгуулж болно.

Үндсэн хуульд заасныхаа дагуу дэд бүтэц татах, газар дээрээ орон сууц барих эрх шаардана” гэлээ.

Улаанбаатар хотын гэр хороололд өнөөдөр 220 мянган өрх амьдарч буй. Гэр хороололд дэд бүтэц татахгүйгээр агаарын бохирдол, хөрсний бохирдлыг шийдэх боломжгүй гэж үздэг. Тэгвэл тус хөдөлгөөнийхөн энэ эрхийг эрх баригчдаас нэхэх нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж