Иргэн С.Урансувдмаа нь “Голомт банк голомтыг минь самарлаа”, “АТГ … Монголбанк, Голомт банктай ашиг сонирхлын зөрчилд орсон”, “Голомт банкны албан тушаалтнууд, Монголбанкны шинжээч албан тушаалаа урвуулан ашиглаж банкны харилцагчийг 6 жил хохироосон”, “Голомт банк харилцагчдыг хамгаалдаггүй хуулийн байгууллагыг бүрэн бүрэлдэхүүнээр хахуульдаж байна”, “Голомт банк харилцагчийнхаа амьдралыг 6 жил эрсдэлд оруулсан, харилцагчийн хохирлыг нэн даруй төлж барагдуул” гэсэн зурагт хуудас бүхий гомдол, жагсаалыг Голомт банкны эсрэг хийж байна. Голомт банкны хувьд С.Урансувдмааг залилсан, Голомт банкны ажилтан бусадтай хуйвалдаж хохироосон, үйл ажиллагаандаа хууль зөрчсөн, гомдолд дурьдсанчлан бусдад хахууль өгсөн, банкны ажилтан албан тушаалаа урвуулан ашигласан гэх ямар нэгэн хууль бус үйлдэл огт байхгүй бөгөөд хууль хяналтын байгууллагын зүгээс уг асуудалтай холбогдуулан Голомт банкийг бусдад хахууль өгсөн, авсан, харилцагчийг хохироосон гэдгийг эрүүгийн болон иргэний журмаар тогтоосон, эрүүгийн хэрэгт ямар нэгэн байдлаар татаж шалгасан зүйл огт байхгүй болно.
Иргэн С.Урансувдмаагийн уг хууль бус үйлдэл нь Голомт банкны нэр хүндэд огт ор үндэслэлгүйгээр халдаж, гүтгэсэн, жагсаал цуглаан хийх замаар олон нийтэд Голомт банкны эсрэг хуурамч мэдээлэл тараах байдлаар Голомт банканд төлөх зээлийн өр төлбөрөө төлөхгүй байх, Голомт банкны гэм буруутайг тогтоосон ямар нэгэн үйл баримт байхгүй байхад буруутай мэтээр санаатайгаар худал мэдээлэл тарааж, нэр хүндэд халдсан үйлдэл гэж үзэж байна. Иргэн С.Урансувдмаагийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчиж, Голомт банкны ажил хэргийн нэр хүндэд халдсан гэсэн үндэслэлээр Голомт банк нь хөндөгдсөн эрхээ сэргээлгэж, буруутай этгээдэд хариуцлага тооцуулахаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэг дүгээр хэлтэс, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэг дүгээр хэлтэст тус тус хандан гомдол гаргаж, хянан шийдвэрлүүлж байна.
Голомт банкны Хуулийн хэлтэс
Холбоотой мэдээ