Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2015.10.01-нд нийтлэгдсэн

Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаанаа өнөөдөр /2015.10.01/ үдээс хойш хийлээ.


Байнгын хорооны хуралдаан 14 цаг 25 минутад 56.3 хувийн ирцтэй эхэлж, байнгын хорооны дарга А.Бакей энэ өдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай; Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт, Ажлын хэсэг байгуулах тухай гэсэн гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөж буйг танилцуулсан юм.

Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. …” гэсний “… томилогдсон … огцруулах …” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан тул энэ асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцээс эцсийн шийдвэр гарах хүртэл Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасан юм. Горимын саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, О.Баасанхүү, Ч.Сайханбилэг нар саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь горимын саналыг дэмжив.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг ёс зүйн шаардлага хангахгүй байна, хариуцсан салбараа удирдах чадваргүй байна, мөн Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн зэрэг үндэслэлээр огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан энэ оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өргөн барьсан юм.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. …” гэсний"… томилогдсон … огцруулах …” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 11 тоот дүгнэлт гаргажээ.

Байнгын хорооны хуралдаанаар цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Цэцийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. …” гэсний “… томилогдсон … огцруулах …” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийнЗасгийн газрыг удирдаж, төрийн хууль биөлүүлэх ажпыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзжээ. Иймээс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлий 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. …” гэж заасны "… томилогдсон … огцруулах …” гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, О.Баасанхүү, Су.Батболд, М.Энхболд, М.Батчимэг, Л.Цог, Ч.Сайханбилэг, Н.Батцэрэг, С.Дэмбэрэл нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Байнгын хорооны хуралдаанаар цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Мөн энэ өдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогоор ахлуулан байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж