Индонезийн нэгэн агуйн ханан дээрээс олдсон амьтны дүрстэй зураг нь 44 мянган жилийн өмнөх сүг зураг болохыг тогтоосон нь одоогоор мэдэгдээд байгаа хоёр дахь хамгийн эртний хадны зураг болж байна. Зураг дээрх амьтан одос үхэр бөгөөд хүн, амьтдаас бүрдсэн анчдын баг жад болон олсоор зэвсэглэн түүнийг агнаж байгаа харагдана. Судлаачид үүнийг хамгийн эртний түүх ч гэж үзэж байгаа ажээ.
Австралийн Гриффин их сургуулийн археологчид дээрх олдворыг судлах, олон нийтэд танилцуулах ажлыг хийж байгаа гэнэ. Археологийн багийн Адам Браммын хэлснээр энэ нь хамгийн эртний зураг хараахан биш, өнгөрсөн жил өмнөд Африкийн нэгэн хадны зургийг 73 мянган жилийн тэртээх хэмээн таамаглал дэвшүүлжээ.
Зургийг олсон агуй нь Индонезийн Сулавеси арал дээрх Лийн Бүлү-сипон хэмээх нэртэй агуй ажээ. Зургийн нийт эзлэх хэмжээ нь таван метр, тэнд одос үхрээс гадна гахайг ч дүрсэлсэн байна. Мөн тэднийг агнаж буйгаар дүрслэгдсэн жижигхэн биетэй хүмүүс дунд хоншоор, сүүлтэй амьтад ч зурагджээ.
Эдгээр зургууд нь үе удмаараа уламжилж ирсэн зурсан цуврал зураг байж болзошгүй аж. Учир нь гахайн зураг 43.9 мянганы тэртээх бол одос үхрийн зураг 40.9 мянганы настай хэмээн тогтоогдсон аж.
Индонезийн эдгээр хадны зургууд хамгийн эртний зурагдсан зураг биш ч хамгийн эртний түүх өгүүлсэн зураг хэмээн тооцож болохоор байна. Мөн эдгээр нь амьтныг дүрсэлсэн хамгийн эртний зураг байж болохоор байна. Бусад газраас олдсон хадны зургууд ихэвчлэн 14 мянгаас 21 мянган жилийн тэртээх хэмээн тооцогддог гэнэ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: bbc.com
Холбоотой мэдээ