Нийслэл хотын төрөх эмнэлгүүдийн ачаалал ихэсч, авралын ганц гарц нь шинээр баригдах III төрөх эмнэлэг болоод байв. Олон жил хүлээгдсэн тус эмнэлэг өнөөдөр 150 ортой, орчин үеийн техник тоног төхөөрөмжтэй болж өргөжин, нээлтээ хийлээ.
2007 оноос хойш 45 ортой, ачаалал ихтэй ажиллаж байсан III төрөх эмнэлэг буюу “Амгалан” амаржих газар шинэ байрандаа ороод зогсохгүй Японы буцалтгүй тусламжаар 1 сая 500 мянган ам.долларын тоног төхөөрөмжтэй болжээ.
“Амгалан” амаржих газрын шинэ барилга ашиглалтад орсноор Баянзүрх дүүргийн эхчүүдэд ая тухтай, эсэн мэнд амаржих таатай орчин бүрдэж байгаа төдийгүй эмч, сувилагчдын ажиллах нөхцөл ч сайжирч байна. Тус эмнэлэг зөвхөн төрөх эхчүүдийг хүлээж аваад зогсохгүй эмэгтэйчүүдийн өвчлөлийг оношилж8 эмчлэх шинэ тасаг нээх ажээ. Түүнчлэн уламжлалт эмчилгээ, бариа засал хийж, анагаах ухаанд нэвтэрч байгаа сүүлийн үеийн арга техникээр ажиллана гэдгийг эмнэлгийн удирдлагууд онцолж байлаа.
Өнөөдөр нээлтээ хийж байгаа ч эмнэлгийн үйл ажиллагааг шууд эхлүүлэхгүй бөгөөд халдвар хамгааллын бэлэн байдлыг нь хангаж байж, аравдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн төрөх эмэгтэйчүүдийг хүлээж авах ажээ.
Засгийн газар царцаасан барилгуудаас цорын ганц төрөх эмнэлэгт хөрөнгө оруулсан гэдгээ УИХ-ын дарга З.Энхболд нээлтийн үеэр онцолж байлаа.
БЗД 300 мянган хүн амтай. Нэг жилд 6 мянган төрөх эмэгтэйчүүдийг хүлээж авдаг байсан бол дээрх эмнэлэгт ашиглалтад орсноор 20 мянган төрөх эмэгтэйд үйлчилгээ үзүүлэх урьдчилсан тооцоо гаргажээ.
Нээлтийн арга хэмжээнд УИХ дахь эмэгтэй гишүүдээ төлөөлөн оролцсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэлэхдээ, "Нийслэл хотын төрөх эмнэлгүүдийн ачаалал хэтэрч, шинэ эмнэлэг зайлшгүй шаардлагатай болоод байлаа. Тиймээс УИХ-ын эмэгтэй гишүүд санаачлан "Энэрэл" эмнэлэгийг нураах зардлыг төсөвт суулгаж, суурин дээр нь “Амгалан” амаржих газар буюу III төрөх эмнэлэг барих шийдвэр гаргуулан, энэ барилгын ажлыг эхлүүлж байсан юм. Тухайн үеийн ханшаар 3 тэрбум төгрөгийн өртгөөр баригдах тооцоотой байсан энэ барилга өдгөө 16 тэрбум төгрөгийн зардлаар босчээ. Төсөвт өртөг нэмэгдсэн нь олны анхаарал татаж, нилээд хэл ам дагуулж байсан ч бид гарт баригдаж, нүдэнд үзэгдэх эмнэлэгтэй боллоо. Олон мянган эхчүүд, эмэгтэйчүүдийнхээ өмнөөс их баяртай байна" гэдгийг онцолсон юм.
Т.ДАВААНЯМ