Солонгос хэлний шалгалтанд тэнцээгүй иргэдийн хүсэлтийн хариу маргааш гарна

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

Солонгос хэлний шалгалтанд тэнцээгүй иргэдийн хүсэлтийн хариу маргааш гарна

БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдийн хэлний шалгалтын дүн энэ сарын 20-нд гарч 3105  хүн тэнцсэн тухай мэдээлэл бий. Харин  шалгалтад  тэнцээгүй иргэд шалгалтын дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Үүний дагуу НХХЯ, Гадаадад ажиллах хүч илгээх төв Солонгосын холбогдох  агентлагт 80-аас дээш оноо авсан иргэдийн материалыг  Монголын талын холбогдох албаныханд үзүүлж дахин шалгах, 80-144 оноо авсан 5000 гаруй иргэдийг бүгдийг нь эрүүл мэндийн үзлэгт хамруулж, тэнцсэн хүмүүсийн нэрийг тус улсын хөдөлмөрийн биржид байршуулах гэсэн хоёр хүсэлтийг гаргасан юм. Хүсэлтийн хариу долдугаар  сарын 28-ний 15:00 цагт гарах юм байна. Гомдолтой байгаа иргэд Гадаадад ажиллах хүч илгээх төвийн гадаа хариугаа хүлээсээр байна.  Тэдний хүсэлтийг хүлээж авах эсэх нь  тодорхойгүй байгаа бөгөөд хэлний шалгалтад тэнцсэн  иргэдээс эрүүл мэндээрээ  тэнцээгүй тохиолдолд дараагийн хүмүүсээс нөхөх  тодорхой журам гараагүй, хүсэлт төдий  байгаа гэнэ. Харин тэнцсэн хүмүүсийн хувьд  эрүүл мэндийн гэрээгээ байгуулж ХӨСҮТ-д эрүүл мэндийн шинжилгээндээ орж байгаа тухай Гадаадад ажиллах хүч илгээх төвийн Бүртгэл  мэдээллийн албаны мэргэжилтэн Б.Амарзаяа хэллээ.
Шалгалтад тэнцээгүй иргэдийн  дийлэнх нь шалгалтыг будлиантай болж, дүн нь буруу гарсан хэмээн үзэж байгаа аж. Түүнээс гадна 3100 хүн явуулах нь тодорхой байсаар  байхад 14 мянган хүн бүртгэх шаардлагагүй байсан хэмээн гомдол гаргасан. Тэдний дунд  бүртгэлийн хураамж болох 26 мянган  төгрөгөө буцаан авах хүсэлтэй хүмүүс ч байсан.  Харин  гадаадад ажиллах хүч илгээх төвийн удирдлагууд анхнаасаа 3100 хүний нэрийг л Солонгос улсын хөдөлмөрийн биржид байршуулах  тухай  хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлсэн, шалгалтын онооны тухайд бол шалгалтад орсон хүмүүсийн Солонгос хэлний мэдлэгийн түвшин өмнөх жилүүдээс өссөн  учраас  80- 144 хүртэлх оноотой  хүн багтаж чадаагүй гэсэн тайлбарыг өгч байгаа.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж