УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн ч олонхи гишүүн “Хүлээн авах боломжгүй” хэмээн үзлээ.
Байнгын хорооны хуралдаанд 14 гишүүн оролцсоноос 12 нь Цэцийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, кноп дарав. Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ш.Түвдэндорж нар “Цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой” хэмээн дэмжсэн.
Цэцийн дүгнэлтийн тухайд "УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах хуулийн төслийг санаачлан УИХ-д оруулж хэлэлцүүлж байгаа нь танхимын тогтвортой ажиллах зарчмыг хөндөж байна" гэсэн агуулгатай юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Цэцийн энэхүү дүгнэлтийг хэлэлцэж эхлэхэд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тодруулах хэд, хэдэн асуулт байгаагаа мэдэгдсэн юм. Тэрээр,
-“Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг Засгийн газар гаргаж, 300 гаруй сая төгрөгийг Үндсэн хуулийн цэц рүү шилжүүлж… О.Баасанхүүг С.Баярцогтыг огцруулах асуудлыг тавьсны дараа Засгийн газар ийм шийдвэр гаргаж… Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ой болоогүй. Ямар үнэтэй эмхэтгэл вэ, 300 сая төгрөг шаардаж байдаг. Задаргааг нь гаргаж өг. Засгийн газар тогтоолыг есдүгээр сарын 7-нд гаргасан бол Үндсэн хуулийн цэц есдүгээр сарын 9-ний өдөр хуралдаж, шийдвэрээ гаргасан. Бүлэг дээр танилцуулснаар Засгийн газар тайлбар гаргаж өгсөн гэж байгаа. Хэзээ байтлаа Засгийн газар хуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд тайлбар гаргаж өгдөг болчихсон юм бэ. Ийм сонин, сонин юм болоод байна. Гэтэл би хэнээс асуух вэ, УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон гишүүн алга, Цэцээс хүн алга.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат:
–Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон гишүүн гадаадад томилолттой ажиллаж байна. Энэ асуудлыг байнгын хороогоор хэлэлцэхэд Цэцээс төлөөлөл оролцох шаардлагагүй.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Засгийн газрын гишүүдээс нэг нь тайлбар өгөөдөх.
УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар:
-Надад мэдэх юм байхгүй. Би Засгийн газрын гишүүнээр есдүгээр сарын 17-нд томилогдсон.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Цэц дээр асуудал үүсэхэд Авлигатай тэмцэх газар хөдлөхгүй юм. Ямар учиртай юм бэ?
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
-Ямар гээчийн мөнгө яригдаад хардлага сэрдлэгэ болоод байна вэ. УИХ Цэцийн энэ дүгнэлтийг хүлээн авах юм бол Ерөнхий сайд руугаа халддаг болно. Сайд нар алдаа гаргалаа гэхэд ёс зүйтэй биш, өөрсдөө огцордоггүй. Одоо энэ сандал суудлын хэрүүлээ больё. Эдийн засгаа яръя, улс хүнд боллоо. Сумын Засаг даргын тамгын газрыг сарын 16 мянган төгрөгийн бензины зардалтай болгосон байна. Ийм юм аа яръя”.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Цэцийн дүгнэлт хоёр талтай болчихоод байна. Асуудлаас гарах гарц нь Үндсэн хуульд яаралтай өөрчлөлт оруулах. Ерөнхий сайд өөрийн багаа бүрдүүлдэг, сайдаа толгойгоороо хариуцдаг. Ажиллаж чадахгүй байгааг нь Ерөнхий сайд огцруулахаар төслөө УИХ-д өргөн мэдүүлдэг. Чадахгүй бол Ерөнхий сайд хариуцлагаа хүлээдэг. Энэ цагт Цэцийн шийдвэр хэрэгжинэ. Үндсэн хуульд өөрчлөлт ороогүй байхад Цэцийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:
-Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр бол УИХ энэ өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хуулиа зөрчөөд явсан юм биш үү. Энэ олон жил сайд огцруулах асуудал УИХ-аар хэлэлцэгдэж байхад Цэц яагаад дуугүй байсан юм бэ?
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:
-Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй. Яагаад гэвэл УИХ-аас томилогддог албан тушаалтнуудыг яах вэ гэдэг асуудлыг шийдээгүй цагт боломжгүй. Дээр нь Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Авлигатай тэмцэх газар зэрэг маш олон байгууллага Үндсэн хуулийн гадна тавигдана гэсэн байр суурийг тус тус илэрхийлсэн юм.
Г.ДАРЬ