УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаас цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.
-УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн. 2020 оны УИХ-ын сонгуулийг 50+26 тогтолцоогоор явуулахаар боловсруулсан нь хэр оновчтой заалт вэ?
-Саяхан УИХ-аар Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн баталсан. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс байж болох хувилбар гэж үзэж УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, үүний 54 нь тойргоос, 54 нь жагсаалтаар хувилбар орж, ажлын хэсэг хэлэлцээд 99 болгоод, чуулганаар хэлэлцээд дэмжээгүй, хуучин 76 гишүүнтэй байхаар хуульчлагдсан. Үүнтэй хослуулан тогтолцооны асуудлыг Үндсэн хуульдаа тусгах талаар нэлээд удаан ярилцсан. Үнэхээр өөрчлөх л байсан бол энэ хуулийг хэлэлцэж байхад дийлэнх олонхиороо дэмжээд шийдвэрлэх байсан. Иймээс Үндсэн хуулийн дагуу шийдвэрлэх нь зөв гэж үзэж энэхүү 50+26 гэсэн тогтолцоо оновчгүй гэж үзэж байгаа.
-Төсөлд жижиг тойрогт мандатын тоогоор, том тойрогт нэг хүний тоогоор нэр дэвшигчийг сонгоно гэж тусгасан. Энэ нь мөн Үндсэн хуулиар баталгаажсан сонгогчийн сонгох эрхэнд халдсан заалт болохгүй юу?
-Тийм. Үндсэн хуулийн зохих заалттай зөрчигдөх болно.
-50+26 тогтолцоо нь олон нийтэд танигдсан хуучин гишүүдэд боломж олгох нь гэдгийг зарим гишүүн хэлж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Би энэ утгаар нь харахгүй байна. Ард түмэн ухаантай, тэд хэнээр ч заалгахгүй сонголтоо хийж чаддаг болсон. Одоо ч иргэд өөрийн сонголтдоо итгэх эсэх, миний сонгосон гишүүн найдвартай эсэх, бидний төлөө нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж байгаа эсэхийг шүүн тунгааж байгаа. Сонгогчдын мэдлэг мэдээлэл улам бүр гүнзгийрч байна. Нийгэм ч өөрөө энэ тал дээр шүүн тунгаадаг цаг болж. Гол нь уг мэдээлэл үнэн эсвэл худал эсэх нь эргэлзээтэй байгаа болохоос биш. Гүтгэлэг, нэр төрд халдах, хуурмаг мэдээллийг үнэн мэт олон нийтэд нээлттэй түгээж байгаа зэрэг нь иргэдэд сонголтоо зөв хийхэд хүндрэл учруулж байна. Мэдээллийн үнэн зөв түгээх асуудлыг нарийвчлан хуульчлах нь хамгийн зөв алхам гэж үзэж байгаа. Тэгэхээр 76 –уулаа л сонгогчдоосоо мандатаа аваад төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх нь Үндсэн хуулиар олгогдсон байгаа. Үндсэн хууль зөрчсөн завсрын, амиа аргацаасан асуудлыг оруулж ирэх нь зохисгүй. Үүнийг дөнгөж саяхан хуулиа өргөн бариад олонхоороо дэмжээд, ард олноороо хэлэлцэн баталсан заалт бүрийг зөрчих эрх бидэнд байх ёсгүй.
-Хамгийн өндөр санал авсан хүн тухайн жагсаалтад байгаа намынхаа хүнийг оруулж ирэх юм билээ?
-Би үүн дээр яг тань шиг эргэлзээтэй байгаа. Хариулахад бэрх. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй улс төрийн намуудаас тус бүрдээ 26 хүн дэвшин саналын хуудсанд бичигдээд түүнээс зөвхөн 1 хүнийг дугуйлна гэхээр төсөөлж чадахгүй л байгаа. Нөгөө талаар энэ сонголтыг уншиж чадах техник, хүчин чадал ямар байгаа билээ, анхаарах л ёстой.
-УИХ-ын сонгуулийн хуулийн төсөлд онцлог ямар заалтууд байна вэ?
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Ерөнхийлөгчийн болон орон нутгийн хурлын сонгуулийн хуулиас тусад нь салгаж өөрчлөлтүүдийг тусгасан. Мөн цахим орчин ашиглах, тэр дундаа олон нийтийн сүлжээг хэрхэн ашиглахыг хуульчилж байгаа.
-Ерөнхийлөгч 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан. УИХ хоригийг хэсэгчлэн хүлээж авсан нь НДШ-ийн нэмэгдлийг засах боломж гарч ирж байх шиг байна. Одоо ямар гарц байна вэ?
-Улс төрийн шийдвэр гарсан учраас хэсэгчлэн хүлээж авч байна. Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой хоригийг хүлээж авахаар болсон, энэхүү асуудлыг дэвшүүлээд дэмжигдээгүй болохоор тухайн үед 2020 оны төсвийг чуулганаар эцэслэн хэлэлцэхэд миний бие дэмжээгүй болно. Одоо нэг засагдах боломж ирж байна, энэ их зөв шийдвэр. Тэр дундаа баялаг бүтээгч, ажил олгогчдод, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн бүрт хамааралтай шийдвэр, маш том дэмжлэг. УИХ-ын бүрэн эрх нь төсвийн асуудал. Иймд боломж байгаа гэж найдаж байгаа. Манай Засгийн газар ОУВС-тай ярилцах нь зөв. Өөр гарц шийдэл байхгүй.
–Нийгмийн даатгалын тогтолцоонд гажуудал үүссэн нь үнэн. Өнгөрсөн арав гаруй жилд АН, МАН-ын алийнх нь буруу бодлогоос НДС нь цөмөрчихсөн. Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг багасгахад ямар шийдэл хэрэгтэй вэ?
-Янз бүрийн хувилбар байж болно. Хүндрэл чирэгдэл багатайгаар тогтолцоог эргэн харах зайлшгүй шаардлагатай байна. Нийгмийн даатгалын сангийн санхүүжилтийг олон эх үүсвэртэй болгох, тодорхой төсөв болон татаасаар санхүүжүүлэхгүй байх, өөрөө бие даан амьдрах орчныг нь бүрдүүлэх, ирээдүйн боломжийг бүрдүүлэх шаардлагатай.
Холбоотой мэдээ