SОS: Тэмбүүгийн боловсролгүй МОНГОЛЧУУД

Хуучирсан мэдээ: 2019.12.13-нд нийтлэгдсэн

SОS: Тэмбүүгийн боловсролгүй МОНГОЛЧУУД

SОS: Тэмбүүгийн боловсролгүй МОНГОЛЧУУД

Бэлгийн замын халдварт өвчлөл сүүлийн жилүүдэд Монголд харанга дэлдэх болсон. Ялангуяа тэмбүүгээр өвчлөгчдийн тоо нэмэгдэж, нас залуужиж байгаа нь монголчуудад бэлгийн боловсрол дутагдаж буйн нэг жишээ гэж эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Залуус бэлгийн харилцаанд хэт эрт орж байгаа нь гэр бүл салж, хүүхэд өнчрөх асуудлын гол үндэс болж буйг ч мэргэжилтнүүд хэлдэг.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Улаанбаатар хотод 2019 оны арваннэгдүгээр сард ХДХВ/ДОХ/-ын гурван тохиолдол илэрчээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд ХДХВ-ын халдвартай иргэний тоо 281 болж байгаа юм. Халдвартай нэг хүний ард 3-5 хавьтагч байх магадлалтай гэдэг.

Монгол Улсад 2019 он гарсаар бэлгийн замаар дамжих халдварын 13685 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 38 хувийг эзлэх үзүүлэлт болжээ. Бэлгийн замын өвчлөл өмнөх оны үзүүлэлтээс 4.3 хувиар өссөн бөгөөд нийт өвчлөлийн 40.3 хувийг тэмбүү, 33.3 хувийг заг хүйтэн, 26.3 трихомониаз, 0.1 хувийг ХДХВ/ДОХ эзэлж байна.

Даанч бид өсвөр насны хүүхдүүдтэйгээ, дүү нартайгаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын талаар, бэлгийн замын халдварт өвчний хор уршгийн тухай тэр бүр нээлттэй ярилцаж чаддаггүй. Нуулгүй хэлэхэд, энэ талын ойлголт мэдлэгээр маруухан эцэг, эх бишгүй. Тиймээс ч төрөлхийн тэмбүүгийн тохиолдол Монголд байнга өсөн нэмэгдэж буй гол шалтгаан нь жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн хяналтад эрт ордоггүй явдал гэнэ.

ТЭМБҮҮ ӨВЧИН НЯЛХАСТ ЗАНАЛХИЙЛСЭЭР БАЙНА

Тэмбүүгийн халдвар нь ХДХВ-ын халдвар авах эрсдлийг 3 дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ эхээс урагт дамжиж амьгүй, дутуу бага жинтэй төрөх болон нярай цусан үжил, уушгины хатгалгаа, нүдний үрэвслээр өвдөх, төрөлхийн гаж хөгжилтэй төрөх, нярай эндэх зэрэг үр дагавар үүсгэдэг.

Монгол Улсын хувьд бэлгийн замаар дамжих халдвар дотор тэмбүүгийн өвчлөл 38,2 хувьтай байна. Ингэхдээ 15-24 насны хүн амын дунд өвчлөл хамгийн өндөр. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлуудад үнэлгээ хийхэд 40 хувь нь жирэмсний хяналтад хамрагдаагүй байжээ.

Тэмбүү богино хугацаанд бүрэн эдгэдэг өвчин тул халдвар авсан хэн боловч өрх, сум, аймаг, нийслэлийн аль ч эмнэлэгт хандан түргэвчилсэн оношлогоо хийлгэж, эмчилгээг газар дээр нь хийлгэх боломжтой. 2,4 сая единицийн Пенициллин-G гурван удаа буюу долоо хоногт нэг удаа тариулсанаар бүрэн эдгэнэ. Эрүүл мэндийн байгууллагууд иргэний нэр, хаягийг бүрэн нууцалж үнэ төлбөргүй эмчилдэг. Үүнээс гадна бэлгийн хавьтагчаа мөн эмчлүүлэх нь халдвар дахин авахгүй байх боломж учраас эмчилгээ хамт хийлгэх нь чухал юм.

Тэмбүүгийн халдвар авсан жирэмсэн эхчүүдийн ураг хэвлийдээ эндэх, төрөлхийн тэмбүү өвчтэй болон амьдрах чадваргүй хүүхэд төрөх зэрэг маш олон сөрөг дагавартай байдаг тул эрүүл мэнд, гэр бүлдээ анхаарах үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх нь таны хамгийн чухал асуудал юм шүү.

Түүнчлэн өсвөр насныхны дунд өвчлөл ихтэй байгаа эгзэгтэй үед ядаж сургуулийн эмч нараар хийх ёстой ажлыг нь хийлгэж байж сурагчид эрүүл мэндийн наад захын боловсролтой болох учиртай. Сургуулиар дамжуулан хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох нь манайд шигшигдэж үлдээд байгаа ганц арга зам гэж болно. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн хичээлээр дамжиж бэлгийн боловсол олгосноор өвчлөлөөс сэргийлэх боломжтой. Иймд өөрийгөө болон ойр дотнын хэн нэгнээ бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөхөөс урьдчилан сэргийлж, бэлгийн зохистой харилцааг эрхэмлэхийг  эмч мэргэжилтнүүд онцгойлон анхааруулж байгаа юм.

Э.АРИУН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж