Ш.Дулмаа: Дуу болгон хөшөө болж чаддаггүй

Хуучирсан мэдээ: 2015.10.01-нд нийтлэгдсэн

Ш.Дулмаа: Дуу болгон хөшөө болж чаддаггүй

Навчинд тунасан шүүдрээр ганган цэцэг нь дэлгэрдэг

Нарны тансаг гэрлээр галбирхан бие нь төлждөг

Газар эхээс заяатай ганган цэцгийн дэлбээг

Хүн та өөрөө хөндөж битгий таслаарай… аядуу зөөлөн үг, хөнгөн хэмнэлтэй энэ дуу та бидний аманд аялдаг, дуулах, сонсох дуртай дуунуудын нэг болоод 10 жил өнгөрчээ.  

“Алтанзул” хэмээх энэ дуу өнөөдөр гэрэлт хөшөөнд мөнхөрлөө. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Ш.Дулмаа шүлгийг нь шаглаж, Соёлын гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч И.Болоож аялгууг урлаж, “Өргөө” хамтлагийн гоцлол дуучин, гавьяат жүжигчин С.Бархас дуулан монгол түмэндээ хүргэсэн.

Хөшөөнд мөнхөрсөн “Алтанзул”-ын эзэн Ш.Дулмаа “Миний дуугаар хөшөө босгосон бэлэг дэмбэрэлтэй явдал болж байна. Хорооныхоо хөдөлмөрчид, удирдлага болон миний бүтээлийг уншигч олон түмний сэтгэлийн их дэмээр боссон энэ хөшөө үүрд хүмүүсийнхээ нүдэнд тольдогдож, хүмүүсийн зүрхэнд оршиж байх байхаа гэж би их баярын сэтгэлтэйгээр хүлээж авлаа. Манай ард түмэн уран бүтээлч хүнийг байнга дэмжиж байдаг сайхан уламжлалтай. Энэ дуунд “Өргөө” хамтлагийн И.Болоож ая хийж, С.Бархас дуулж өдий олон жил ард түмнийхээ дунд аялгуулж, одоо ч дуулагдсаар байгаа. Би уран бүтээлч хүний хувьд сэтгэл хангалуун явдаг. Дуу болгон хөшөө болж чаддаггүй. Тиймээс би маш их баяртай байна. Би байхгүй болсон ч энэ хөшөө үлдэх болно. Ард түмнийхээ зүрхэнд байж байх болно. Үзэгдэж харагдаж байх болно. Энүүгээр гайхамшигтай гэж би бодож байна” хэмээн сэтгэлийн үгээ хэлсэн.

Тэрбээр “Алтанзул”-аар дуу хийх болсон учраа ярихдаа “Алтанзул гэдэг цэцэг бол мөнхийн тасардаггүй цэцэг. Нэг үр нь тасран газарт унах юм бол дахин соёолж байдаг. Иймийн учир монголын ард түмнийг мөнх оршихын бэлгэдэл болгож энэ дууг хийсэн юм. Ард түмэнд хүрч, та бүхний сэтгэл зүрхэнд оршиж байгаад чин сэтгэлээсээ баяртай байна” гэлээ.

Дуу гэдэг гурван жигүүртэй гэлцдэг. Тэгвэл “Алтанзул” дууг ард түмний дунд “дэвүүлсэн” нөгөө хоёр жигүүр ч дууг мөнхөлсөн хөшөөг нээх ёслолд ирж оролцов. Эл дууны аялгууг хийсэн “Өргөө” хамтлагийн ахлагч, Соёлын гавьяат зүтгэлтэн И.Болоож, амьдруулан олонд хүргэсэн “Өргөө” хамтлагийн гоцлол дуучин, гавьяат жүжигчин С.Бархас нар хамтлагаараа ирж, “Алтанзул”-аа дуулсан.

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, Тэнгис кино театрын зүүн хойд талд байрлах “Эх үрс” бичил цэцэрлэгт хүрээлэнд боссон “Алтанзул” дууны хөшөөг тольдоорой.

Б.БЭХИ

Гэрэл зургуудыг MPA.MN

Эх сурвалж: www.shuud.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж