Авлигатай тэмцэх газрынхан УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр нарыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан энэ оны дөрөвдүгээр сараас шалгаж эхэлсэн. Тодруулбал, Кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, "Сайхан ордос туурь" ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьсан байна. Тэднийг 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан ч бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нь өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй гэж үзжээ.
Иймд дээрх нэр бүхий хүмүүсийг зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлж, тус компанид 32,713,190,850 төгрөгийн хохирол учруулсан эсэхийг тогтоохоор шалгаж эхэлсэн билээ. Дээрх асуудлаар албаны эх сурвалжаас тодруулахад уг хэрэгт АТГ хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгах явцад албан тушаалтнаас албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэмт хэргийн шинж бүхий асуудал тогтоогдоогүй аж.
Харин бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэл тогтоогдсон тул прокурорт харьяалал тогтоолгохоор хандаж, прокурорын шийдвэрээр хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Иймээс одоогийн байдлаар дээрх хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа аж.
Үүнээс гадна Д.Батбаярыг эхнэр Т.Баясгалан нарт дархан цаазат Богдхан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн гэж эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа талаар зарим хэвлэлд мэдээлжээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ