Сайжруулсан түлшний үйлдвэрт цэрэг, хоригдлуудыг дайчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.13-нд нийтлэгдсэн

Сайжруулсан түлшний үйлдвэрт цэрэг, хоригдлуудыг дайчилжээ

Сайжруулсан түлшний үйлдвэрт цэрэг, хоригдлуудыг дайчилжээ

Машин, техникийн дуу тачигнаж, хар утаа суунагласан энэ газар бол “Тавантолгой түлш” компанийн Толгойтод байрлах үйлдвэр. Хашааны үүдээр хөл тавьмагц л нүүрсний тортог бургиж, энд тэндгүй ажил ид өрнөж байлаа. Ажилчид савласан шахмал түлшээ машинд ачих, түлшээ тээвэрлэсэн ачааны машинууд зөрөлдөн давхицгаана. Дэргэдүүр өнгөрч буй ажилчдын нүүр царай, хувцас хунар нь тэр чигээрээ хар тогтогт “будуулжээ”.

 

Тус үйлдвэрийн ажилчид бүгд амны хаалт зүүж, ажлын малгай, хувцсаар бүрэн хангагдсан ч ажиллах нөхцөл нь хүнд болох нь  нүднээ илт. Сүүлийн үед иргэд болон төрийн болон төрийн бус байгууллагынхан сайн дураараа савлагаа хийж байна гэх мэдээлэл сошиалаар нийтлэгдэх болсон. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн үйл явцтай танилцаж, ажилчдын ажиллах нөхцөлийн талаар сурвалжлахаар тус компанийн үйлдвэрийг зорин ирсэн нь энэ.

“Тавантолгой түлш” компани нь нийт 1700 орчим ажилтантай, гурван ээлжээр 24 цагаар ажиллаж, өдөр шөнөгүй түлш үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшийг автоматаар болон гар аргаар савласны дараагаар 400 орчим худалдааны цэг, үүнээс савлалт хийдэг 30 гаруй дундын хангамжийн төвүүд рүү түгээлт хийдэг гэв.

ТОМ БАЙШИНТАЙ АЙЛУУДАД ЗУРГААН ШУУДАЙ ГЭЖ ХЯЗГААРЛАХГҮЙ

“Манай компани Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Манай компани үйлдвэрлэлээс гадна Улаанбаатар хотын түлшний борлуулалт, нийлүүлэлтийг хангахаар хотын захиргаатай хамтран ажиллаж  байна. Одоогоор найман тээвэрлэгч компани шалгарч, хотын удирдлагатай гэрээ байгуулж, түгээлтээ хийж байна. Манай борлуулалтын албаны хувьд өдөр тутам нийслэлийнхээ гэр хорооллын 400 орчим цэгт захиалгын дагуу түлшээ нийлүүлэх үүрэгтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар бид үүргээ хангалттай биелүүлж байгаа. Заримдаа тодорхой хэмжээгээр сайжруулсан шахмал түлш тасалдах, захиалга очихгүй байх тохиолдол гардаг.

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас 16-100 кв хүчин чадалтай усан болон хосломол халаалтын зуухтай 2700 айл өрх, албан газруудын жагсаалтыг манай компанид өгсөн. Энэ жагсаалтын дагуу цэнхэр өнгөтэй картыг олгож, сайжруулсан шахмал түлшийг зургаан шуудай гэж хязгаарлахгүйгээр худалдаалж байгаа. Сүүлийн үед зарим түлш худалдаалах борлуулалтын цэгүүд картаар түлшээ борлуулахгүй, их хэмжээгээр иргэдэд худалдаалж байгаа тохиолдол гаргалаа. Үүний улмаас түлш нь хурдан дуусч, хүрэх ёстой хүмүүстээ хүрч чадахгүй байна. Хэрвээ ийм үйлдэл удаа дараа гаргавал түлш борлуулах эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авна” гэдгийг Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа хэлсэн юм.

НЭГ ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ӨРТӨГТЭЙ 11 ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ҮЙЛДВЭРЛЭЛД АШИГЛАДАГ

Ойролцоогоор нэг борлуулалтын цэг 400 өрхийг түлшээр хангана гэдэг тооцооллыг хийжээ. Энэ өвөлдөө сайжруулсан шахмал түлшийг тоннын хэмжээгээр бөөндөж, худалдаалахгүй гэдгийг албаныхан хэлсэн юм. Тиймээс иргэдийг долоо хоногт зургаан ширхэг шахмал түлш худалдан авах хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байв.

“Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар  “Манай компанийн үйлдвэрлэлийн 10 шугамын ес нь ашиглалтад орж, өдөр тутам 1200-2800 тонн шахмал түлшийг өдөр тутам үйлдвэрлэж байна. Бид цаашдаа гурван шугам нэмж ашиглалтад оруулахаар төлөвлөж, 3500-4000 тонн түлш үйлдвэрлэх боломжтой болно. Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр хангах компанит ажлыг энэ жил анх удаа хэрэгжүүлж байна. Үйлдвэрлэлийн явцад техникийн шинэчлэл тогтмол хийгдэж байгаа. Угсралт, тохируулга, судалгааны ажлуудыг зэрэг хийгээд явж байна. Учир нь бидэнд хугацаа бага байсан учраас маш их ажлыг богино хугацаанд хийж байгаа. Цаашдаа бид автомат савалгааны дэвшилтэт технологи ашиглах зайлшгүй шаардлагатай байгаа учраас энэ чиглэлд анхаарч ажиллах болно. Манай үндсэн санхүүжүүлэгч компани болох “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс тус бүр нь нэг тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй 11 тоног төхөөрөмжийг олгосон” гэв.

АВТОМАТААР САВЛАДАГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ИНЖЕНЕРҮҮД ХАМТРАН ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ

Сайжруулсан шахмал түлшийг гар аргаар савлахад ойролцоогоор 2000 орчим хүн ажиллаж байгаа ажээ. Тэд нэг шуудай түлшийг 300 төгрөгөөр савладаг. Хүн хүч шаардсан энэ ажилд үндсэн ажилчдаас гадна хоригдол, цэргүүд, цагийн ажилчид, сайн дурынхан, төрийн байгууллагынхан аян өрнүүлж, ажиллаж байгаа гэсэн юм. Сайжруулсан шахмал түлшийг автоматаар савладаг төхөөрөмжийг тус компанийн инженерүүд зохион бүтээж, томоохон цэгүүд дээрээ 10 ширхгийг байрлуулаад байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

Уг төхөөрөмж нь нэг минутад 15 шуудай түлшийг савладаг аж. Харин үйлдвэр дээрээ гар аргаар түлш савлаж буй 150 гаруй ажилтан ажиллаж байгаа бол борлуулалтын цэгүүд дээр 1500 орчим хүн зөвхөн савалгаан дээр ажиллаж байгаа ажээ. Тус компанийн үйлдвэр дээр байнгын гурван эмч жижүүрлэн ажиллаж,  2-3 ээлжийн маск ажилчдад тараадаг. Мөн ажилчдадаа хор тайлах жимсний шүүс, аарц, артишок өгдөг гэнэ.

“КОМПАНИЙН АЖИЛЧИД ХОРТОЙ НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА”

“Манай үйлдвэрт технологийн шинэчлэлийн ажлуудыг хийж байна. Өнөөдөр компанийн ажилчид хүнд, хортой нөхцөлд гурван ээлжээр ажилладаг. Ажилчид маань түүхий нүүрсний уурхай, уурын зууханд ажиллаж буй хэмжээний хүнд нөхцөлд ажиллаж байгааг нуух зүйл байхгүй. Бид үйлвдэрлэлийн угсралтын үйл ажиллагааг одоо хүртэл хийж дуусаагүй. Дахин хоёр шугам орох хэрэгтэй байна. Үйлдвэрлэлийн угсралт, бүтээн байгуулалтын, газар шорооны ажлыг хийж байна. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрт ажиллаж буй ажилчид хүнд нөхцөлтэйгөөр ажиллаж байна.

Анх үйлдвэрлэл эхэлсэн цагаас сайжруулсан шахмал түлш савлалтын хэсэг хүнд байдаг. Жишээлбэл, 100 мянган тонн түлш савлахад дөрвөн сая шуудай хэрэглэдэг. Бид өнөөдөр 600 мянган түлш үйлдвэрлэх хүчин чадалтай гэхээр 24 сая шуудайнд савладаг. Нэг шуудай түлшийг савлахад ойролцоогоор 1-3 минут зарцуулдаг гэхээр асар олон хүн ажиллах болно. Одоогийн байдлаар энэ ажлыг аль болох автоматжуулах чиглэлд анхаарч ажиллаж байна. Манайд 10 гаруй савлагааны автомат машинуудыг ашиглаж, нэмэлтээр ажлуулахаар төлөвлөөд байна. Монгол Улсын хувьд энэ нь том төсөл гэж харж байсан ч энэ хэмжээний мега төсөл гэдгийг мэдрээгүй. Тиймээс энэ ажлыг эхний жилдээ хэрэгжүүлэхэд төсөөлөөгүй хүндрэл бэрхшээлүүд гарч байгаа. Тэр болгоныг даван туулахын тулд ажиллаж байна. Дэлхийд хамгийн хурдтай савлагааны автомат төхөөрөмж гэвэл нэг минутад 30 уут түлш савладаг. Бид ийм технологийг нэвтрүүлэх судалгааг хийж байна” гэдгийг тус компанийн ерөнхий инженер Ж.Батбилэг тайлбарлалаа.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж