Макаог шинэ санхүүгийн төв болгоно

Хуучирсан мэдээ: 2019.12.13-нд нийтлэгдсэн

Макаог шинэ санхүүгийн төв болгоно

Макаог шинэ санхүүгийн төв болгоно

Хятадын засаг захиргааны онцгой бүс Макаог шинэ санхүүгийн төв болгох төлөвлөгөөг Бээжингийн эрх баригчид боловсруулжээ. Макаогийн ирээдүйг шинээр зурах төлөвлөгөөг энэ сард Хятадын дарга Ши Жиньпин Макаод айлчлах үеэрээ танилцуулах төлөвтэй байна. Макаог шинэ санхүүгийн төв болгохын тулд юань давамгайлсан хөрөнгийн бирж байгуулж, бонд арилжиж эхлэх гэнэ. Тус хөрөнгийн бирж нь Хонгконг, Шэньжэнь зэрэг санхүү, эдийн засгийн бусад бүстэй шууд өрсөлдөөн үүсэхээс сэргийлж, Португал хэлтэй орнуудын компани болон старт-ап бизнесийг онилох  аж. Түүнчлэн бизнес, суурьшлын шинэ бүсийг бүтээн босгосноор Сингапур шиг олон улсын хурал, цуглааныг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн Хятадын байгуулсан Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны гишүүнээр Макаог нэмэхээр шийдвэрлэжээ. Ийнхүү Макао нь цаашид дан ганц казино биш санхүүгийн үйл ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд  түлхүү анхаарах аж.

Өмнө нь Хятадын засгийн газраас АНУ-ын "Силикон Валли"-тай өрсөлдөхүйц өндөр технологийн мега хотыг өмнөд эргийн дагуу байгуулах төлөвлөгөөний хар зургийг  танилцуулж байв. Хятадын даргын шинэ төлөвлөгөөний өмнөтгөл болгож, хотын ерөнхий захирагчийг өөрчилжээ. Макаогийн шинэ ерөнхий захирагч Хо Лат Сэн нь арванхоёрдугаар сарын 20-нд албан ёсоор тангараг өргөх аж. Түүнийг Бээжингийн талыг баримтлагч 400 хүний бүрэлдэхүүнтэй хорооноос сонгосон бөгөөд ирэх таван жилийн хугацаанд Макаог удирдана. Шинэ ерөнхий захирагч нь казиногийн бизнестэй ямар ч холбоогүй төдийгүй Макаогийн одоогийн удирдлагуудаас тэс өөр үзэл баримтлалтай. Түүний бүрэлдүүлсэн орон нутгийн парламент нь казино эрхлэгч зургаан операторын ирэх 2022 онд хугацаа нь  дуусах лицензийг сунгах эсэхээс мөрийтэй тоглоомын бизнесийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох юм.

Азийн мөрийтэй тоглоомын төв гэдгээрээ олон улсад танигдсан Макаогийн статусыг өөрчлөх болсон нь Хонгконгод олон сар үргэлжилж буй Хятадын эсрэг зөрчил, тэмцэлтэй холбоотой. Хятадын эрх баригчид дэлхийн санхүүгийн төв гэх Хонгконгийн статусыг хамгаалахыг хичээж байгаа ч нөхцөл байдал хүндэрвэл Макаог “Б” төлөвлөгөө болгосон нь энэ.

1999 онд Португаль улсаас шилжүүлэн авснаас хойш өнгөрсөн 20 жилийн хугацаанд Макаод казиногийн бизнес амжилттай хөгжиж, АНУ-ын Лас-Вегастай өрсөлдөхүйц мөрийтэй тоглоомын төв болсон. Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сард Макаогийн мөрийтэй тоглоомын орлого огцом унаснаар хотын төсөв алдагдалд ороход хүрчээ. Макаогийн төсвийн 80 хувийг казиногийн орлого бүрдүүлдэг. Макаогийн казиногийн орлого өнгөрсөн арваннэгдүгээр сард 22.9 тэрбум ам.доллар байсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.5 хувиар унажээ. Мөрийтэй тоглоомын бизнесийн орлого буурсан нь Хонгконгийн тэмцлээс гадна олон шалтгаантай. Тухайлбал, АНУ, Хятадын хооронд үргэлжилж буй худалдааны дайны нөлөө, үндэсний мөнгөн тэмдэгт юанийн ханш суларсан, аялал жуулчлал буурсан, Хятадын эдийн засаг суларсан зэрэг нь Макаод нөлөөлжээ. Иймд, Макаогийн удирдлагуудын өмнө мөрийтэй тоглоомын бизнесээс хараат эдийн засгаа төрөлжүүлэхэд анхаарах болсон аж.

Макао нь Хонгконгоос усан онгоцоор ганц цаг явах зайтай. Макао хот нь 700 мянга орчим хүн амтай, нэг хүнд ногдох талбайн хэмжээгээр Хятадын 12-рт нэрлэгдэх шигүү суурьшилтай хот. Хонгконгтой харьцуулахад Макао нь эх газрын Хятадаас ирэх бэлэн мөнгөний урсгалаас хараат байдаг. Мөрийтэй тоглоомтой холбоотой татварын орлого нь орон нутгийн төсвийн 80 гаруй хувийг бүрдүүлдэг. Мөн Макаод жилд ирэх 35 сая жуулчны 70 гаруй хувийг эх газрын хятадууд эзэлдэг байна.

Харин Хонгконгийн 7.5 сая ард иргэд өнгөрсөн хугацаанд ерөнхийлөн захирагчаа сонгох эрхгүй боловч бусад эрх чөлөөнийхөө ачаар хотыг олон улсын санхүүгийн төв болгон хөгжүүлж чадсан. Хонгконгийн хагас “ардчилалд” өссөн шинэ үеийнхэн сүүлийн жилүүдэд Бээжингийн эрх баригчид хотод нөлөө, оролцоогоо нэмэгдүүлэх болсныг хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Хонгконгод өнгөрсөн дөрөвдүгээр сард хэрэгтнийг шилжүүлэх хуулийг батлахыг эсэргүүцэн өнөөгийн их үймээн самуун эхэлсэн. Хонгконгийн эсэргүүцлийн жагсаалд өнгөрсөн Ням гаригт 800 мянган хүн нэгдэж, ардчилал болон цагдаагийн газарт шалгалт оруулахыг шаарджээ. Энэ удаагийн жагсаалд олон мянган хүн оролцсон ч өнгөрсөн арваннэгдүгээр сарын үймээнтэй харьцуулбал маш тайван болсон байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Хонгконгод мөргөлдөөний үеэр цагдаа нар жагсагчдын эсрэг гал нээж, нэг оюутан цээжиндээ шархтсан билээ.

1997 онд Их Британийн колоничлолоос Хятадын харьяалалд шилжин ирэх үед Хонгконгод зөвшөөрсөн тусгай статусын хугацаа дуусвал юу болох бол? “Нэг улс хоёр систем”-ийн зөвшөөрсөн хугацаа 2047 онд дуусгавар болно. Тус системийн ачаар Хонгконг нь эх газрын Хятад руу бизнесийн хөрөнгө оруулалт татах гол гүүр болж чадсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж