НДШ нэмэгдэхгүй боллоо, БРАВО!

Хуучирсан мэдээ: 2019.12.13-нд нийтлэгдсэн

НДШ нэмэгдэхгүй боллоо, БРАВО!

НДШ нэмэгдэхгүй боллоо, БРАВО!

Эрх баригчид үнэнд гүйцэгдэж, Ерөнхийлөгч Х.Баттулгын 2020 оны төсвийн хуульд тавьсан хэсэгчилсэн хоригийг хүлээн авлаа.  Хориг хэрэгжсэнээр 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн НДШ 24 хувиар тогтох боллоо.

Хэрэв  Ерөнхийлөгч 2020 оны төсөвт хориг тавиагүй бол шимтгэл 26 хувиар бодогдож, нэг сая төгрөгийн цалинтай иргэн сар тутамд 120 мянган төгрөгийг НДШ-д, Ажил олгогч даатгуулагчийн өмнөөс 124 мянган төгрөг НДШ-д төлөх байв.

Цалин нь өссөн төрийн албан хаагчид 2 хувийн нэмэгдлийг даваад гардаг юм гэхэд бүтээмжээсээ хамаарч цалин өсөх эсэх нь  шийдвэрлэгддэг хувийн хэвшлийнхний хувьд дааж давшгүй дарамт.  Долларын ханшийн өсөлтийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэн хэтэвчийг нь сэгсэрч буй үед авах цалин нь дахиад шимтгэлээс болж буурна гэдэг сайн мэдээ биш. Тэр тусмаа сангийн алдагдлыг нөхөх зорилго дор төр шимтгэлийн хувь хэмжээг нэмсэн ч Тэтгэврийн сангийн алдагдал буураагүй нь бодлого буруу байгааг илтгэх нэг хэмжүүр юм.

Тиймдээ ч хувийн хэвшлийнхэн өнгөрсөн хугацаанд энэ асуудлыг хамгийн их хөндөж, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос зохион байгуулсан акцыг дэмжиж байв.

Нөгөөтэйгүүр, шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэнээс болж, өнгөрч буй хоёр жилийн хугацаанд аж ахуйн нэгжүүдийн өр зузаарсаар 170 тэрбум төгрөгт хүрсэн нь Нийгмийн даатгалын санд төвлөрөх орлогыг л хумьсан. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн хугацаанд нэмэгдсэн 4 хувийн шимтгэл аж ахуй нэгжүүдэд дарамт үүсгэн,  40 тэрбум төгрөгийн өр үүсгэсэн байдаг.  Шинэ оноос эхлэн шимтгэл дахин 2 хувиар өсөн 26 хувьд хүрэхэд хувийн хэвшлүүдийн өр улам зузаарч, ажлын байрыг хумих эрсдэл байв.

Иймээс УИХ хоригийг хүлээн авснаар даатгуулагч болон ажил олгогчид ирэх дарамтыг зогсоосон төдийгүй Нийгмийн даатгалын сангийн орлого буурахаас ч сэргийлж чадлаа.

Одоо Засгийн газар Олон улсын валютын сантай байгуулсан “Стэнд бай” хөтөлбөрт тусгасан НДШ-ийн хувь хэмжээг 2020 онд 26 хувьд хүргэх зорилт хэрэгжих боломжгүй болсныг ойлгуулах, ирэх оны төсвийн хуулиа эргэн харж,  2 хувийн нэмэгдлээр дамжин санд төвлөрөх байсан 174.2 тэрбум төгрөгийг ямар эх үүсвэрээс гаргаж, Тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөх вэ гэдгийг цаг алдалгүй шийдэх шаардлага тулгарч байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавихдаа ч  энэ тухай дурдсан бөгөөд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Капитал банкнаас 240 тэрбум төгрөгөө буцаагаад авчихвал шимтгэлийн хувь хэмжээг 2 хувиар өсгөх шаардлага гарахгүй” гэсэн нь гарц юм.

Төв банкаа шахаад ажиллахад л дампуурсан "Капитал" банкны хураагдсан хөрөнгийг борлуулах замаар Нийгмийн даатгалын сангийн 240 тэрбумыг олж авах боломжтой.

Цаг хугацаа зарахаар бол 2020 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулахдаа онц шаардлагагүй хөрөнгө оруулалтын зардлыг танаж, эх үүсвэр гаргах бүрэн боломж бий. Жишээ татвал, Хэнтий аймагт хөшөө дурсгал барихад зориулж тавьсан хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж болно. Аминд тулсан ажил биш шүү дээ. Нэг хүний эрх ашгаас нийт олны эрх ашиг чухал. УИХ нэг хүнд зориулж хууль батлах ёсгүй.

Цаашлаад Увс аймгийн төсвийг танаж, багийн төвүүдэд байгуулахаар төлөвлөсөн улаан булангийнхаа зардлыг хасахад л хориг хүлээн авснаас  орж ирэх боломжгүй болсон 170 тэрбум босно.

Хийе гэсэн хүн аргаа олдог, хийхгүй гэсэн хүн шалтаг тоочдог гэж үгтэй.  Нэгэнтээ УИХ хоригийг хүлээгээд авчихлаа, одоо эрх баригчид толгойгоо жаахан ажиллуулаад зүтгэхэд л олон нийтээс коко авах боломж байна.

Хамгийн гол нь сангийн алдагдлыг бууруулахын тулд сууриа засах, үүний тулд сонгуульд зориулж хууль санаачлан, Тэтгэврийн санд хохирол учруулахгүй байх, өнөөгийн даатгуулагчийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахгүйн төлөө эрх зүйн орчноо боловсронгуй болгож, менежментийг нь сайжруулах шаардлага үүсээд байна.

Учир нь даатгуулагчдын ирээдүйдээ хэрэглэхээр хуримтлуулж байгаа Нэрийн дансан дахь мөнгө нь тэтгэвэртээ суухад амьдралд нь хүрэлцэхгүй, хамгийн эмзэг давхарга болж хувирах эрсдэл нүүрлээд буй.

Япон зэрэг орны иргэд НДШ-д төлсөн мөнгөөрөө тэтгэвэртээ гарсан хойноо улс орнуудаар аялж зугаалахад зарцуулахад хангалттай хүрэлцэж байхад Монголын ахмадуудын тэтгэвэр нь сарынхаа хүнсний хэрэглээг ч авч хүчирдэггүй.  Энэ нь шимтгэл төлөх сонирхлыг ч мохоодог. Иймээс Засгийн газар малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бусдынх нь жишгийн дагуу сар тутамд НДШ төлдөг  тогтолцоонд шилжүүлж, иргэдээ адил төвшинд авч үзэхгүй бол даатгуулагчдын бааз суурь нэмэгдэхгүй, харин ч шимтгэл төлдөг хэсгээ мэрдэг том арми бий болгож эхлээд байна.

Г.ХОРОЛ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж